sonin.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол-Казахстаны Засгийн газрын комиссын казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтой ажлын уулзалт хийв.
Энэ Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Худалдаа, интеграцчлалын яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлэв. Тэрээр хоёр улсын Засгийн газрын комиссын монголын хэсгийн дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэндчилгээг уламжилж, уг комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулахыг санал болгов.
 
 
Талууд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс комиссын дэргэдэх ажлын багийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Мөн мал эмнэлэг, хорио цээрийн чиглэлд эхлүүлсэн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Ази, Европ хоёр тивийг холбосон газар зүйн байршлыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
 
Сайд Б.Т.Султанов бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд ирэх онд Ажил хэргийн зөвлөлийн хамтарсан хуралдааныг зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн худалдааг нэмэгдүүлж, зам тээврийн машин техник, автобус, зүтгүүр гээд Монгол Улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтойгоо илэрхийлж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нөөц бололцоог дайчлан ажиллахыг санал болгов.