sonin.mn
АН-ын удирдлагууд болох О.Цогтгэрэл, М.Тулгат, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын даргаар сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өргөн барина гэдгээ хэлэв.
Харин М.Тулгат: 10 сарын 1-нд бид жагсаал хийж, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн. 7 хоног өнгөрсөн хэдий ч ямар нэг хариу өгсөнгүй. Иймээс одоо УИХ-ын түвшинд Засгийн Газрыг огцруулах асуудлыг тавина." гэсэн юм.
Мөн энэ үеэр АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр: "МАН энэ 5 жилийн хугацаанд ардчилсан нийгмийг, чөлөөт нийгмийг засаглаж чадахгүйгээ харууллаа.
 
 
 
Эрх баригчид хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй гэдгээ харууллаа. Талибанчууд Афганистаны засгийн эрхэнд гараад мөнгөний ханш нь 20 хувь унаад, дэлхийн шившиг болж байна. Гэтэл МАН засгийн эрх барьсан жилүүдэд монголд мөнгөний ханш бараг 120 хувь уначихлаа. Ийм байдал руу улс орныг аваачлаа. Дээрээс нь өнөөдрийн УИХ амьгүй, үхдэл болж хувирлаа.
 
 
 
Ковидын хуулиар түрий барьж Засгийн газар нь УИХ-ын дээр мордчихсон дураараа авирлаж байна. Энэ эрх баригчид гарч ирснээс хойш зөрчлийн хуулийг эрүүжүүлж эхэлсэн.Зөрчлийн хуульд байсан маш олон зүйлийг эрүүгийн хуульд шинээр оруулсан. Эрүүгийн хуулиар өөрсдийг нь шүүмжилсэн иргэдээ, сэтгүүлчдээ барьдаг хорьдог, цагддаг болсон. Өнөөдөр Монгол улс хуульчлагдсан дарангуйлал руу явж байна. Цагдаа бол эрх баригчдын, МАН-ын дарангуйллын хэрэгсэл болж хувирлаа. Иргэнээ цагдаатай мөргөлдүүлдэг ийм байдал руу орлоо. Зөрчлийн хуулийг, шоронжиж байгаа эрүүгийн хуулийг, иргэнээ барьж хорьдог, цагдаагийн үүдэнд уяатай нохой шиг байлгадаг хуулиудыг нэн даруй өөрчлөх ёстой." гэв.
 
 
М.Чойжал