sonin.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тэргүүний 62 дугаар сургуулийн бага ангийн багш М. Өнөржаргал. 1972 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотод төрсөн. Боловсролын байгууллагад нийт 17 дахь жилдээ ажиллаж байна. 1997 онд "Аргазүйч багш", 2000 онд "Ахлах багш" болсон. 2001 онд Заах аргач, 2004 онд Тэргүүлэх зэргийг тус тус авсан. 2008 онд "Авьяас залуу үе" төвийн "Шилдэг багш" алтан медаль, 2008 онд "Багшийн алдар" медаль хүртсэн. 2010 онд Тэргүүлэх зэргээ баталгаажуулсан. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг.


-Та 17 жил бага ангийн багшаар ажиллалаа. Энэ хугацаанд олж авсан өөрийн арга барил, туршлагаасаа хуваалцана уу?

-Би ажлаа ажиглалт, судалгаанд тулгуурлаж явуулдаг. Тухайн сурагчаасаа гадна аав, ээж, ах, эгч, дүүг нь судалдаг. Энэ ангид ном сурахаар орж ирж байгаа бяцхан хөвгүүн, охин маань ямар орчинд суралцах юм бэ, гэртээ бие дааж хичээл номоо үзэх бололцоотой юу, үгүй юү гэдгийг мэдэж авахаас заах арга, ажиллах эв дүйгээ тогтоодог. Энэ бол миний хувьд амжилттай сургах маш чухал үндэс суурь юм.



Сургалтын эхэн үед хүүхэд нэг бүрийн хувийн онцлогийг нарийн ажиглахаас судалгаагаа эхэлдэг. Дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа мөртөө айхтар хэрсүү, ухаалаг, буурьтай хүүхэд байна. Мөн огцом ширүүн ааштай хлорик хүүхэд орж ирнэ. Их бүрэг ноомой, бас цовоо сэргэлэн ч бий. Ёстой янз янзын авиртай хүүхэд нэг ангид цугладаг. Тэрхүү өнгө өнгийн зан төлвийн нэгдлийг би солонгын долоон өнгөтэй зүйрлэдэг юм. Яагаад гэвэл хүүхэд болгоны сэтгэл цагаан цаас шиг тийм цэвэр ариун болоод тэр л дээ.



-Хлорик темпраменттай огцом ширүүн зантай хүүхэдтэй яаж харилцдаг вэ?

-Ер нь хүүхэд болгоны зан аашинд тохируулж харилцдаг. Түргэн зантай хүүхдийг загнаж, зандарч болохгүй учраас аль болох тайвшруулж ойлгуулахыг хичээдэг. Сэтгэл нь тавгүйтсэн хүүхэдтэй зүй бус харьцсанаас болоод ямар ч сөрөг үр дагавар гарч болно шүү дээ. Тухайн хичээлээ ойлгохгүйгээс гадна цаашилбал, багшаа, ангийнхаа нөхдийг муугаар бодож эхэлнэ. Улмаар сургуульдаа явах сонирхол нь буурна. Он цаг улирах бүр эвдэрч мэднэ.



Ялангуяа гэр орных нь уур амьсгал таагүй хүүхдийг багш нь зөв зам руу хөтлөх ёстой гэж би боддог. Би нэг жишээ ярья. Хэдэн жилийн өмнө болсон явдал. Миний дааж авсан ангид нэг айхтар зожиг хүүхэд хөдөө аймгаас шилжиж ирлээ. Дөнгөж долоон настай гэхэд хэтэрхий ганцаардмал. Үеийнхэнтэйгээ тоглож наадах нь ховор. Ард нь суудаг хүүхэд зүггүйтээд татаж чангаалаа гэхэд орилоод л босоод ирнэ.



Завсарлагаанаар ангиас бараг гарахгүй. Юм асуухаар уурласан юм шиг хөмсгөө зангидан доошоо  хараад таг болно. Гэрээс нь хүн ирж уулзах байтугай авах нь ховор. Ийм хүүхдийн сурлага ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Түүнийг би нэлээд удаан ажиглалаа. Ар гэрийг нь судаллаа. Тэгээд нэг өдөр ангид үлдээж байгаад эвтэйхэн ярилцлаа. Харьцуулсан жишээ олныг хэлж, ном зохиолоос иш татаж, бэлдсэн зурагт хуудас, гарын авлагаа үзүүлж санаа бодлыг нь сонслоо.



Хүү ч нийнуугүй ярьж эхлэв. Гэтэл бүх зүйл ар гэрийнх нь орчинд байсан гээч. Хөдөө ээжтэйгээ хоёулаа амьдардаг байж. Хүү өсч томроод нэгдүгээр ангид орох жил ээж нь хүнтэй суужээ. Тэр хүнийх нь зан авир ямар байсныг би мэдэхгүй. Ямар ч байсан хүү тэр цагаас хойш арай өөр болж эхэлсэн байгаа юм. Хичээл сурлагадаа муудаж, дуугаа хурааж дүнсийж эхлэв. Хүүхдийн сэтгэл ийм эмзэг. Ээж нь арга ядаад хүүгээ Улаанбаатарт байдаг хөгшин нагацынх руугаа явуулжээ.



Гэрээсээ хол огт өөр орчинд орж, юм үзээд ирэхээр өөр болно гэж найдсан байх. Гэтэл хүү нь хотод ирээд ч өөрчлөгдсөнгүй. Хамгийн гол хар нялхаасаа ээжтэйгээ л амьдарсан хүүхдэд нэг л өдөр огт өөр хүн гэрт ороод ирэхээр таатай санагдаагүй бололтой юм. Магадгүй аав гэдэг хүнийг үгүйлдэг байсан ч ам бүлийнх нь шинэ гишүүн санасан хэмжээнд нь хүрээгүй байж болох. Ийм нэг хүүхэдтэй нэлээд удаан ажиллаж байж анги хамт олонд нь уусгаж авч билээ. Муу хүүхэд гэж байдаггүй. Гагцхүү түлхүүрийг нь олох л чухал.



-Сурагчдын анхаарлыг татаж чадаагүй нөхцөлд хичээл үр дүнгүй болох нь мэдээж. Та бяцхан сурагчдыг богино хугацаанд уншиж, бодуулж сургахын тулд ямар арга хэрэглэдэг вэ?

-Зарим хүүхэд нэгдүгээр ангид орж ирэхдээ бүх үсгээ мэддэг, 100 хүртэл тоог нэмж хасаад сурчихсан байдаг. Зарим нь огт үсэг мэдэхгүй ирдэг. Тэр ч байтугай хэл ярианы байдал хангалтгүй хэт бүрэг байх нь бий. Мэдлэг чадварын энэхүү ялгаа цаашид суралцахад янз янзаар нөлөөлдөг. Ер нь сурагчдаа нарийн судалснаар Цагаан толгойн үсгийг эхний 2-3 долоо хоногт ямар хүүхэд, яаж сурах төлөвтэй нь ой тойнд багтаад ирдэг юм.



Ер нь бэрхшээл их бий дээ. Энэ бэрхшээлийн шалтгааныг олж илрүүлээд сайн талыг бататган саар зүйлийг тухай бүрд нь арилгаж засч ажигладаг. Цагаан толгойн эхний үед чухам л нүд цавчилгүй ажиглаж, борви бохисхийлгүй ажиллаж хүүхдээ таньж авах нь маш чухал. Энэ үед сурагчдаас асууна, тэдэнтэй ярилцана, бичүүлнэ, бодуулна. Түүгээр ч зогсохгүй хамт тоглоно, инээж хөөрнө. Мөн аав, ээжтэй нь ярилцдаг.



Үүний үндсэн дээр уншуулах, бичүүлэх, ярилцах, сэтгэн бодуулахын тулд хэнийг яаж ажиллуулах вэ гэдэг арга зүйгээ тогтоож авдаг. Зөв сайн судлаад авахаар ангийн сурагчид 4-5 хэсэгт ялгараад ирдэг. Нэг хэсэгтээ л 4-5 хэсэгт ажиллах шаардлага бий болдог. Нэг хэсэг нь нийтэд заасан зүйлийг хялбар түргэн ойлгох боловч хянуур биш хөнгөн хуудуу ажиглаж алдаа гаргадаг, өөр хэсэг нь ойлгох боловч хэт удаан, өөрт нь хэлж дэвтэрт нь бичиж өгөхгүй бол болохгүй, дөрөв дэх хэсэг нь эхнээс нь багш хамтарч хөтлөхгүй бол ер нь л ойлгож ажиллаж чадахгүй байх жишээтэй.



-Сургалтын явцад судалгаагаа гүнзгийрүүлэх шаардлага гардаг уу?

-Та зөв асуулаа. Би хувьдаа сургах явцдаа судалгаагаа гүнзийрүүлж ажиллах арга зүйгээ улам нарийсгадаг. Эхний 3-4 авиа, үсгийг дуудуулж нүдлүүлэх үедээ сурагч бүрийг анхаарч ажиллаж чадвал хүүхэд цагийн юмыг цагт нь зөв эзэмших дадалтай болдог. Авиа үсэг таниулах үеэс стандартын шаардлага хангасан үзүүлэн, дидактик материалыг ашиглах нь хүүхдийн сонирхолыг татдаг.



Тэрхүү материалууд идэвхжүүлэх чанартай тоглоомын хэлбэрийг агуулсан байхын зэрэгцээ хөгжүүлэх зарчимд нийцсэн шат ахиулах шинжтэй байвал үр дүнтэй байдаг. Ер нь авианы нийлэг хийх явцад үсгийг, үсэг үеийг, хоёр үеийг, хоёр үгийг гэх мэт байнгын ахицтай ажиллагааг шаардаж байдаг учраас суралцагчдын үйл ажиллагаа зогсонги байдалд оролгүй ямагт ахиц дэвшил олсоор байдаг.



Хичээл дээр явагдаж байгаа дасгалыг богино, богино хугацаагаар сольж хийлгэх нь нэг хэлбэрийн ажил удаан үргэлжилж ядрахаас болгоомжилсон хэрэг болохоос гадна суралцагчидтай нэг бүрчлэн ажиллах, хэсэгчлэн ажиллах тохиромжтой нөхцөл бүрддэг. Зарим хүүхэд юмыг сонсуут, харуут л зөв тусгаж, тэр дор нь нүдэлчихсэн байхад зарим нь сонирхож, анхаарахгүй тээнэгэлзэнэ.



Гэхдээ төсөөлөл анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэх, хуваарилах, шилжүүлэх чадварыг нь жигдрүүлэхэд дараалан уялдаа бүхий олон хэлбэрийн дасгал ажил их тустай байдаг. Би хувьдаа суралцагчдынхаа хэн нь түргэн сэтгэн түрүүлж, хэн нь хөнгөдөж, хэн нь сүүлдэж хоцорч, тэвдээд байгааг нарийн ажиглаж мэдээд хэрхэн яаж ажиллахаа төлөвлөдөг.



Түрүүлсэн, хоцорсон хоёрын зайг бага багаар ойртуулж жигдлэхийг чармайж ажилладаг. Хэдийгээр ангийн бүх сурагчид яг ижил биш ч гэсэн анхаарлыг нь төвлөрүүлэх, хурд, хүч, чадварыг нь ойролцоо болгож болдог. Хүүхдийн сурлага хүмүүжил нь жигд дээшлээд ирэхээр сурах чадвар, дэг журам, ариун цэвэр, биеэ авч явах байдал нь ойролцоо болдог сайн талтай.



Хүүхдийн сэтгэл санааг тогтвортой тайван, харин бичих, бодох үйлдлийг харьцангуй түргэн гүйцэтгэдэг хэвшилтэй болгоход анхаарч ажилладаг минь ийм учиртай. Үүний үр дүнд багш ангид байсан ч, байгаагүй ч сурагч бид хийх ёстой хичээлээ хийж сурах ёстой гэсэн ухамсартайгаар ямагт хэвийн хичээллэж чаддаг нь ажилласан жилүүдийн маань туршлагаас харагдаж байна.


Д. Лхагвадорж

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"