sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Думын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Доод танхимыг холимог системээр таван жилийн хугацаатай сонгодог. Нийт 450 депутатын 225 нь намын жагсаалтаар сонгогдох юм. Сонгуульд тус улсын 14 нам оролцож байна.  
Есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Орос улсад янз бүрийн түвшний сонгууль явагдана. Тус улсын иргэд Төрийн Думын депутатуудаас гадна есөн бүс нутгийн тэргүүн (өөр гурван бүс нутагт хууль тогтоох хурлын депутатууд засаг захиргааны дээд албан тушаалтнуудыг сонгоно), 39 бүс нутгийн парламентын гишүүдийг сонгох ёстой. Мөн энэ өдрүүдэд орон нутгийн сонгууль болно.
 
Санал авах байрууд орон нутгийн цагаар 08.00-20.00 цаг хүртэл ажиллана.
Санал хураалтын гол өдрийг есдүгээр сарын 19-нд товложээ.
Санал хураалт хамгийн түрүүнд ОХУ-ын хамгийн зүүн бүс нутгууд болох Камчаткын хойг, Чукоткын өөртөө засах тойрогт эхэлсэн байна.
ОХУ-ын засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн 85 субъект буюу нэгж нь цагийн 11 бүсэд оршдог.
 
Энэ жил ОХУ-ын долоон субъектийн оршин суугчид саналаа цахимаар өгөх боломжтой. Москва, Севастополь, Доод Новгород, Ярославль, Курск, Мурманск, Ростов мужуудад зайнаас цахим санал хураалтыг зохион байгуулж байгаа юм. 
Коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан Роспотребнадзор буюу ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас санал авах байранд болон гэртээ санал өгөхдөө "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх тусгай зөвлөмжийг боловсруулжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг