sonin.mn
“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхантай товч ярилцлаа.
 
“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө. Энэ уулзалтын ач холбогдлыг та юу гэж дүгнэж байна?
 
Бид 2 жил гаруй хугацаанд коронавирус цар тахлаар амьсгаллаа. Одоо цаашаа яах вэ? Зогсчихсон эдийн засгаа яаж хөдөлгөх вэ? гэж байгаа үед энэ асуудлыг хөндөн ярьж байгаа нь цагаа олсон хэрэг боллоо. 
 
Хил гааль дээрх нөхцөл байдлаас үүдэлтэйгээр бараа, бүтээгдэхүүний үнэ, бензины үнэ өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаанд шууд нөлөөлж байна?
 
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Махны ченж буюу махны худалдаачид үнээ аль болох нэмж зарж байгаа биз? Бид тэдний тухай огт ярихгүй байж дэлхийн зах дээл дээр шатахууны үнэ өсчихөөд байхад бензиний үнэ нэмэгдчихлээ гээд хашгираад байдаг. Тэгэхээр шатахууныг зөв хэрэглэх ёстой. Өдөр бүр автомашин унах шаардлага байна уу? Ялангуяа залуучууд яагаад явган алхахгүй байгаа юм? Нийтийн тээврээр зорчихгүй, яагаад өдөржин автомашин унаад явдаг юм бэ? Дэлхийн зах зээлийн үнийг бид энд хашгирч шийдэх боломжгүй шүү дээ. Дэлхийн зах зээл дээр үнэ нэмэгдвэл манайд ч нэмэгдэж л таарна. Харин Монгол Улс шатахууны онцгой албан татвараа авдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол хамаг шатахуунаараа дэмий тэнээд, айл хэсээд дуусгаж байна шүү дээ.Татвар авдаг болчихвол хэдэн хүнийг ажилтай болгочих үйлдвэр үйлчилгээний газар байгуулах санхүүгийн эх үүсвэр бий болно. Хил гаалийн тал дээр Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтууд дээр чөлөөт бүсээ ложистик тээврийн бүс болгох хэрэгтэй.
 
 
Өөрөөр хэлбэл Хятадын хил дээр биш чөлөөт бүс дээрээ бараагаа авдаг болох ёстой. Тэгж чадвал өнөөдөр үүсээд байгаа шиг тээврийн гацаанд орохгүй болно. Экспортоор төмрийн хүдэр, зэсийн баяжмал чөлөөтэй, саадгүй гараад байдаг. Гэтэл манай чингэлгүүд орж ирдэггүй.
 
 
Засгийн Газар төмөр зам дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Төмрийн хүдэр ачиж гарсан галт тэрэг заавал ачаатай чингэлэгтэй буцаж орж ирэх ёстой. Үгүй гэвэл тээврийн хөлсийг нь 2-3 дахин нэмдэг ч юм уу. Энэ маягаар галт тэрэг маань 2 талдаа ачаатай явдаг болгох арга хэмжээ авч болно шүү дээ. 
 
Уулзалтын үеэр санал хэлэхдээ та архидалттай холбоотой шүүмжлэл хэлж байсан...
 
Архи бол амьдралд тийм чухал зүйл биш шүү дээ. Архинаас болж зүрх судасны өвчтэй болж байна. Маш олон хүн эрүүл мэндээ, амь насаа алдаж байна. Арабын Эмиратад, Дубайд архи огт худалдаалдаггүй. Болоод л байгаа биз дээ? Монголд архи ундаанаас хямд шахуу үнэтэй байгаа учраас ундаанаас их ууж байна. Архи, спиртийн онцгой татвараа яаралтай нэм. Герман Улсын архины татвар Монгол Улсынхаас 60 хувь өндөр байна. Үүнд дургүйцээд, эгдүүцээд байх шаардлагагүй. Архи, спиртйн татвар нэмж олсон орлогоороо хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгон, ядуу хүмүүсийнхээ амьдралыг өөд нь татацгаая.
Улсын төсөв гэдэг том тогооноос бүгдээрээ халбагдаж байгаа. Ялангуяа цар тахлын энэ үед айл бүр л халбагадлаа. Тэгэхээр энэ тогоогоо, улсын төсвөө юугаар дүүргэх вэ? гэдэг асуудал байна. 18 аймгийн төсвийг батлахдаа 50 хувийг нь улсын төсвөөс, 50 хувийг нь орон нутгийн иргэдээс ашиг орлогын татвар, худалдааны татвар, онцгой татвар авдаг болж бүрдүүлэх хэрэгтэй. Бүгдийг нь улсын нэгдсэн төсвөөс аваад байж болохгүй. Монгол Улсын газар нутаг дээр бүх иргэн ижил тэгш эрхтэй байх хэрэгтэй. Орон нутгийн иргэд татвар төлдөггүй, хариуцлага хүлээдэггүй, харин үйлдвэр ажиллуулдаг Б.Жаргалсайхан, Дорж, Туяа татвар төлдөг, хуулийн өмнө асар их хариуцлага хүлээдэг байж болохгүй. 
 
Цар тахал танай компаний үйл ажиллагаанд яг тодорхой ямар сорилт, магадгүй сөрөг үр дагавар авчирч байна вэ?
 
Бид ишиг шиг майлалгүй, хурга шиг чимээгүй л байгаа. Хэцүү байгааг бид ойлгож байна. Гэхдээ малчид, ченжүүд бүгд нийлж байгаад бүх ноолуураа Хятад руу аччихсан. Энэ хүмүүс үйлдвэртээ ноолуураа өгье гэж огт боддоггүй шүү дээ. Арьс ширээ урагш нь гаргаж өгсөөр байгаад одоо авдаг хүнгүй, үнэгүй болчихсон. Ингээд үйдвэрүүдийг үгүй болгосон шүү дээ. Үүнийг манай хөдөө аж ахуйн түүхий эд зардаг ченжүүд л хийж байгаа. Үүнийг тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ хүмүүсийн асуудлыг нэг тийш нь шийдэх цаг болсон. Малчдын хүүхдийн мөнгийг эсвэл ченжүүдээр төлүүл. Улс орон үйлдвэрээ хөгжүүлээд, татвар аваад, түүгээрээ хүүхдийн мөнгө мэтийн нийгмийн асуудлыг шийддэг байх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр ченжүүд Хятадын аж үйлдвэрийг дэмжиж ажиллаж байна. 
 
Энэ сорилтыг танай компани хэрхэн давж байна?
 
Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд, бүх боломжоо дайчлаад л байж байна. Манай үйлдвэр тавхан хувьтай л ажиллаж байгаа шүү дээ. 
 
Коронавирус цар тахал яг хэзээ намжих нь тодорхойгүй байна. Ийм нөхцөл байдалд Монголчууд бид яг ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?
 
 
 
Монголчууд архидан согтуурахаа болих хэрэгтэй. Өдөр шөнөгүй автомашинаар зугаалахаа болих хэрэгтэй. 
 
 
Бүгд татвар төлөгч болох хэрэгтэй. Нийтээрээ ажил хөдөлмөр эрхэлдэг болох хэрэгтэй. Нийгмийн халамжийг эрс багасгах хэрэгтэй. Бүгдээрээ Улаанбаатар хотод дүүрч өвөлждөгөө болих хэрэгтэй. Орон нутгийн иргэд нутгаа хөгжүүлж, тэндээ гоё амьдрах хэрэгтэй. Гэр хорооллын дунд сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд сурч байна. Уг нь 25-35 байх ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн залуучууд Улаанбаатарт орж ирж өвөлжиж байна. Хүүхдүүдээ хотод сургуульд өгч байна. Гэтэл орон нутгийн сургууль нь хүнгүй, эзэнгүй байна. Энэ мэт асуудлуудыг коронавирусын эдийн засгийн үед эрс шинэчилж өөрчлөх хэрэгтэй байна. Энэ хэвээрээ яваад байвал бид амаараа шороо үмхэж, дампуурна. 
 
Танд баярлалаа. 
 
 
 
Ярилцсан  Н.Энхдэлгэр