сонин mn
Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд сайд Л.Энх-Амгалан Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг хойшлуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Их, дээд сургууль, коллежийн бакалаврын ангид 2021-2022 оны хичээлийн жилд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2021 оны 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 иргэн бүртгүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 48 шалгалтын төв (аймаг бүрд 1, нийслэлд 27)-ийн 1,040 анги танхим (нэг ангид 25-40 хүртэл шалгуулагч байх)-д шалгалт явагдана. Улсын хэмжээнд шалгалтыг шалгалтын комиссын 192 мэргэжилтэн (үүнээс орон нутагт 66) удирдан чиглүүлж, давхардсан тоогоор нийт 9,620 багш, мэргэжилтний оролцоотой зохион байгуулна
 
Шалгуулагч бүртгүүлсэн шалгалтаас хамаарч өдөрт 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Харин шалгалт дуусмагц шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалтын дүн, оноог 10-30 минутын дотор мэдээлнэ.
 
Эрүүл мэндийн яамнаас авсан албан ёсны мэдээллээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь (30,982) нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Боловсрол, шинжпэх ухааны яамнаас элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах бэлтгэлийг халдвар хамгааллын дэглэм чанд баримтлан хангаж байгаа хэдий ч сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын батлагдсан тохиолдол (үүний дотор халдварт өртсөн хүүхдийн тоо нэмэгдсэн)-ын тоо нэмэгдэж байгаатай холбогдон шалгалт зохион байгуулахад дараах хүндрэл үүсэж байна.
1. Нийт 9 аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдийг хүртэл сунгаж, шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр нэвтэрч байгаа сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвчилж эдгэрснээс бусад иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд төлбөртэй хамруулах, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийг шаардлагатай тохиолдолд тусгаарлах байр, гэрийн ажиглалтад 7 хоног байлгах зэрэг зохицуулалт хийсэн байна.
Мөн иргэдийн зорчих болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг 9 (Архангай, Баянхонгор, Дархан, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий) аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.
2. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллага баруун аймагт нислэг үйлдэх (7 хоногт нэг удаа)-ээр төлөвлөсөн нислэгээ гэнэт цуцлах (Баян-Өлгий), Завхан аймагт 2021 оны 6 дугаар сарын 29-нд нислэг үйлдэх хуваарьтай боловч цуцлагдаж болзошгүй, мөн нислэг үйлдэх эсэх нь тодорхой бус (Увс, Ховд) байна. Энэхүү байдал нь элсэлтийн ерөнхий шалгалтыг орон нутагт удирдан зохион байгуулах комисс товлосон хугацаанд тухайн орон нутагт хүрэхэд бэрхшээл үүсгэж байна.
 
3. Ихэнх аймаг зочид буудал, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, спорт заалыг тусгаарлах байр эсхүл эмнэлгийн ор дэлгэн (Дундговь, Завхан, Сүхбаатар) ашиглаж байна. Энэ нь сумаас аймгийн төвд ирж шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 7,317 иргэн тэдний эцэг эх, асран хамгаалагч шалгалтын хугацаанд байрлах газаргүй болох эрсдэл дагуулж болзошгүй юм (өнгөрсөн жилүүдэд шалгалт өгөх хугацаанд аймгийн төвийн зочид буудал, сургуулийн дотуур байрыг сургууль, анги бүлгээрээ ашиглах зохицуулалтыг орон нутагт шийдэж ирсэн байдаг)
 
4. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 1,061 (6 дугаар сард 434, үүнээс 33 нь 6 дугаар сарын 20-ноос хойш) иргэн коронавируст халдвараар өвдсөн бол ойрын хавьтал гэж тооцогдсон 130 орчим иргэн тусгаарлагдсан байна.
5. Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах ажилд томилогдсон вакцинжуулалтын бүрэн тун авсан багш, мэргэжилтнүүдээс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 16 хүн халдвар авч эмчлүүлж байна. Мөн эрсдэлээс өөрийгөө хамгаалах зорилгоор шалгалтын зохион байгуулалтад оролцохоор томилогдсон багш нар энэ ажилд оролцохоос татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлт ирүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Эдгээр байдал нь бэлтгэсэн хүний нөөц дутагдахад хүргэж болзошгүй юм.
6. Эрүүл мэндийн яамнаас нэг ангид ногдох шалгуулагчийн тоог бууруулах чиглэл өгсөн. Үүний улмаас шалгалтыг 48 бус 100 шалгалтын төвд зохион байгуулах шаардлага үүснэ.
7. Дотоодод халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулах хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвд эцэг эх, асран хамгаалагчаас гаргаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад үүсэж байгаа дээр дурдсан хүндрэл. коронавируст халдварын тархалтын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан сургуулийн орчинд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг 2021 оны 8 дугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.