sonin.mn

АН-ын тамгатай холбоотой Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр нар танилцууллаа.

Энэ үеэр Ч.Өнөрбаяр: " Та бүхэн мэдэж байгаа байх. Хууль зүйн маргаан эцэслээгүй ч гэдэг юм уу, янз бүрийн шалтгаанаар хүчгүйдүүлэх гэсэн үндэслэлгүй тайлбар яваад байгаа учраас бид албан ёсны тайлбар өгье гэж бодсон. Ер нь бол АН-ын тамгыг хүчингүй болгоогүй, зөвхөн үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн байсан тэр шүүгчийн захирамжийг өнөөдөр давж заалдах шатны шүүх хуульзүйн үндэслэлгүй гарсан байна. Ямар ч хуулийн шаардлага хангаагүй байдлаар тэр түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан байна гээд давж заалдах шатны шүүх хүчингүй болголоо. Тэгэхээр одоо АН-ын тамга  албан ёсоор хүчин төгөлдөр болж, хуульзүйн хувьд сэргэсэн байгаа.

 

 

Мөн анхан шатны шүүх дээр ямар нэгэн үр дагавар гарахгүй л дээ. Яагаад гэвэл хуучин УДШ-ийн цахим бүртгэл дээр Ц.Туваан гэж хүнийг үүрэг гүйцэтгэгч гэж бүртгэгдсэн байсантай холбоотойгоор л энэ маргааныг Захиргааны хэргийн шүүх дээр үүсгэсэн байсан. Одоо бол Дээд шүүх холбогдох шийдвэрээрээ Ц.Туваан бол АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд биш байна гэдэг шийдвэрийг гаргасан.

 

Тийм учраас хэдийгээр анхан шатны шүүх рүү очих гэж байгаа боловч хуульзүйн хувьд ямар нэгэн үр дагавар байхгүй ээ. Үнэн чанартаа бол өнөөдрийн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноороо энэ тамгатай холбоотой асуудал эцэс боллоо гэсэн үг. Энэ асуудал дууссантай адилхан гэж ойлгож болно оо. Нөгөө талдаа бас нэг зүйл нь одоо бол Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэгтэй холбоотой асуудал нэг талдаа гарсан. Үүн дээр маргалдаад, эргэлзээд байх зүйл байхгүй болчихлоо. Одоо бүгдээрээ урагшаа харах хэрэгтэй.

АН-ынхаа нийт гишүүд дэмжигчдэд хандаж хэлэхэд “Холын зорилго үгүй бол ойрын зовлон салдаггүй” гэж үг байдаг юм аа. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах, 2024 онд болох УИХ-ын сонгуульд амжилттай оролцох гэсэн холын зорилго байгаа. Энэ зорилгодоо хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Яагаад гэхээр миний итгэж үнэмшдэг, бидний  дэмждэг АН бол зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр, зөвхөн тамган дээр байдаггүй. Энэ бол ардчиллыг дэмждэг мянга мянган дэмжигчдийн зүрх сэтгэлд, итгэл үнэмшилд байдаг гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас АН-ын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, АН-аас сонгогдож ажиллаж байсан Ерөнхийлөгч, одоо ажиллаж байгаа Ерөнхийлөгч, АН-аас нэр дэвшиж, УИХ-д суудал авсан УИХ-ын гишүүд, АН-аас нэр дэвшиж олонхи болсон орон нутагт засаглаж байгаа Засаг дарга нар,  АН-ын төлөөлөл болж байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд өнөөдөр бүгдээрээ хүчээ нэгтгэе. Зорилгоо нэгтгэе. Холын зорилгоо умартах юм бол бид үнэхээр ойрын зовлонгоосоо салж чадахгүй юм байна. Тийм учраас ардчилагчид одоо хүчээ нийлүүлээд явах ёстой. Бидний ялалт хийгээд ялагдал бол нэг юм  гэдгийг хэлж, уриалга гаргаж байна.Бүгдээрээ хүчээ нэгтгэж, нэг зорилгын төлөө явья. АН-ын шинэ удирдлагууд ардчиллыг дэмждэг мянга мянган гишүүддээ, АН-аас гарсан бүх хүмүүстэй ажиллахад нээлттэй байна гэдгийг хэлье. Өнөөдөр АН дотор манай, танай гэсэн ойлголт байхгүй. Бид бүгдээрээ нэг зорилго, нэг үнэт зүйл, нэг зарчимтай. Гэхдээ бидэнд тодорхой бодлогын зөрүү, үзэл бодлын зөрүү байж болно оо. Гэхдээ энэ нь бид нэгэндээ дайсан, нөхөр гэсэн утга агуулга байхгүй юм аа. Хуульзүйн асуудал одоо эцэслэгдсэн.

 

 

АН бол зөвхөн тамга тэмдэг, улсын гэрчилгээгээр амьдардаг, тийм зүйл дээр амьдардаг нам бишээ. Тийм учраас мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ хүлээлтийг ухамсарлаж, бүгдээрээ хүчээ нэгтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульдаа хамт хүчээ нэгтгэе. 2024 оны сонгуульд АН бэлтгэлээ хангаж, их ялалтын төлөө явья гэдэг энэ уриалгыг нийт АН-ын гишүүд дэмжигчид, АН-аас гарсан бүх лидерүүддээ уриалж байна.

 

Өөрийн үеийн залуучууддаа хандаж хэлэхэд АН бол нэг хүнийг, нэг хэсэг бүлэг хүнийг дагасан нам биш ээ. Энд өнөөдөр АН-ын үйл хэргийг үргэлжлүүлэх гэсэн мянга мянган залуучууд байгаа. Энэ залуучууддаа бидний дээд үеийн ардчиллын ах нар маань сайныг үлгэрлэх байх аа. Зөв жишгийг харуулаач ээ гэж би та бүхэндээ уриалга гаргаж байгаа юм аа. Өмнөх 30 жилд АН Монгол төрийн ачаанаас үүрэлцэж, хамгийн хүнд, хэцүү шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Түүнээсээ болж адлуулж, хувь хүний нэр төр нь сэвтэж ирсэн. Гэвч шантраагүй юм аа. Ирэх 30 жил АН Монгол төрийн ачаанаас үүрэлцэж явах хариуцлагатай цаг үед та бүхнийгээ дараа үедээ зөв жишиг, зав үлгэрлэлийг харуулаач ээ гэж итгэж байна. Тийм учраас АН-ын шинэ удирдлагуудын зүгээс дахин энэ уриалгыг хэлье" гэв.

 

 

М.Чойжал