sonin.mn
Аялал жуулчлалын зөвлөлийг шинэчилж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох өнөөдрийн хуралд 30 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хурлыг нээж хэлсэн үгэндээ танхимын дэргэд 23 зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь өргөн цар хүрээтэй, олон оролцогчидтой Аялал жуулчлалын зөвлөл. Бид зөвлөлүүдийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ажиллуулах, зохион байгуулалтыг сайжруулах, мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудтай гүүр болон ажиллах зэргээр шинэчилсэн зохион байгуулалт хийх шаардлагатай байгаа гээд ковид 19-ийн халдварын улмаас хамгийн их хохирол амсч байгаа салбар бол аялал жуулчлалын салбар, тухайлбал 2019 онд Аялал жуулчлалын салбар Дэлхийн ДНБ-ий 10.4%-ийг эзэлж байсан бол 2020 онд 5.5% болж буурсан гэдгийг онцоллоо. Иймээс аялал жуулчлалын салбарыг сэргээх шаардлага дэлхийн олон улс орны өмнө тулгамдаж байна.
 
Энэ удаагийн хурлаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн даргаар “Дисковер Монголия Трэйвэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Баатарсүрэнгийн Барсболдыг сонголоо. Тэрээр цаашид аялал жуулчлалын салбарыг сэргээхэд анхаарч, энэ талаар зөвлөлийн гишүүдийн шинэ санаачлагуудыг дэмжиж, нягт уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ. Нэн түрүүнд зөвлөлийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, тэргүүлэгч гишүүдийг томилох ажлыг зохион байгуулна гэв. 2020 оныг 2019 онтой харьцуулахад Монголд ирсэн жуулчдын тоо 90 гаруй хувиар буурсан учраас олон улсын хэмжээнд Монгол орноо сурталчилж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ хилээ шат дараатай нээх, жуулчдад зориулсан аюулгүй аяллыг санал болгох, аялал жуулчлалын эрэлтэд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх болон жуулчдын эрэлт бий болгох маркетингийн нэгдсэн сурталчилгаа хийх шаардлагатай байгааг дурдлаа.
 
 
Тус зөвлөлийн даргаар өмнө нь “Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй ажиллаж байсан бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны талаар товч мэдээллийг энэ үеэр өглөө. МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл 2004 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд салбарын үндэсний зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгуулахад оролцож, Аялал жуулчлалын үндсэн чиглэлийн гол бодлогод саналуудаа тусгуулж ажиллаж байжээ.
 
Аялал жуулчлалын зөвлөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Tugs-oyun@mongolchamber.mn мэйл хаягаар холбогдоно уу!