Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Ч. Одончимэгтэй гэр бүлийн хүчирхийллийн талаар ярилцлаа.
-Манайд гэр бүлийн хүчирхийлэл ямар төвшинд байна вэ?
-Манайд гэр бүлийн хүчирхийлэл нэлээд газар авсан. Таван эмэгтэй тутмын гурав нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон мэдээлэл бий. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өдөрт 8-10 хүн тогтмол ирж үйлчлүүлдэг. Жилд дунджаар 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, манайд ханддаг гэсэн үг. Зөвхөн манай төвөөс үйлчилгээ авсан хүний тоо шүү дээ. Далд хэлбэрээр өдөрт хэчнээн хүн хүчирхийлэлд өртөж буйг хэн ч мэдэхгүй.
-Эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртөж буй гол шалтгаан юу вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан олон янз. Монголчууд архи, уур уцаар, ажилгүйдлээс боллоо гэж ярьдаг. Гэхдээ энэ бүхний суурь шалтгаан бол эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа. Ерөөсөө үүнээс болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байгаа юм.
-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
-Урьдчилан сэргийлэх, таслан зогсооход цагдаагийн байгууллага гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч болон хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс нь түр хамгаалах байртай. Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийллийг цоожтой хаалганы цаана, гэрчгүйгээр үйлддэгээрээ хамгийн аюултай.
Хохирогч өөрөө цагдаа болон хүчирхийллийн эсрэг байгууллагад хандаагүй тохиолдолд түүнийг хамгаалахад хэцүү. Хохирогчийн хөрш, сургуулийн нийгмийн ажилтан, багш, найз нөхөд, ах дүү, хамаатан садан нь далд хэлбэрээр үйлдэж буй гэр бүлийн хүчирхийллийг мэддэг хэрнээ нууцлах биш цагдаагийн байгууллагад тэр бүрт нь мэдэгдэх хэрэгтэй.
-Танайд хандсан иргэний асуудлыг бүрэн шийдэж өгдөг үү?
-Хохирогчийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг маш олон талтай зүйл. Одоогоор мөрдөж буй Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар цагдаагийн алба хаагч хохирогчийг төлөөлөн шүүхэд хүсэлт гаргадаг. Энэ бол албадлагын арга хэмжээ юм л даа. Хохирогч өөрөө гомдол гаргахгүй тохиолдолд ах, дүү, хамаатан садан, аав, ээж нь цагдаагийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Тэгж байж амь насыг нь хамгаалах эрхзүйн үндэс үүсдэг.
-Хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдэх нь хэр байдаг юм бол. Нөгөөтэйгүүр хүчирхийлэлд өртлөө гэхэд өөрийгөө хамгаалж хууль хяналтын байгууллагад хэр ханддаг вэ?
-Энэ асуултад хариулахын тулд хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил руугаа эргээд харах хэрэгтэй. Хүн бүхэн өөрсдийн гэсэн орон зайтай байдаг. Манайхан хүүхдээ нэг алдаа гаргангуут зодчихдог. Энэ байдлаас тухайн хүн өөрийн орон зайгаа алдаж эхэлдэг.
Эхнэрийгээ хүнтэй бүжиглэж байхыг хараад нөхөр нь чи өөр хүнтэй бүжиглэж байсан гэхэд дараагийн удаа бүжиглэдэггүй. Найзууддаа гаргах цаг их байна. Надад таалагдахгүй байна гэхэд дараагийн удаа найзуудтайгаа уулзах цагаа багасгадаг. Энэ мэт байдлаас болж тэр хүн өөрийн орон зайг бага багаар алдаж эхэлдэг. Энэ нь тухайн хүн хүчирхийлэлд өртөж буйгаа мэдэхгүй байгаагийн илэрхийлэл.
Бэртэж, гэмтсэн үедээ хүчирхийлэлд өртсөнөө мэддэг нь харамсалтай. Хүчирхийллийг хүмүүс хайртай андуураад байдаг. Хайрлаж байгаа учраас хардаад байна гээд байдаг. Гэтэл энэ нь хардалтаас үүдэлтэй хүчирхийлэл эхэлчихэж байгаа юм. Хайр байгаа цагт хүчирхийлэл байх ёсгүй. Хүчирхийлэл байгаа цагт хайр удаан оршин тогтнохгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
Би хүчирхийлэлд байна уу үгүй юу гэдгээ мэдэх хамгийн том шалгуур бол хүссэнээ хамтрагчдаа хэлж чадаж байна уу, үгүй юу, хэлснийхээ дараа айдастай байна уу үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Ялгаж байгаа гол зүйл нь айдас. Ямар нэгэн хэмжээгээр айдастай байгаа бол тэнд хүчирхийлэл байна гэсэн үг.
-Танайд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь хэдээс хэдэн насныхан байдаг вэ?
-Манайд хүйс харгалзахгүй ханддаг. Гэхдээ ихэнх нь хүүхдүүд. Хамгаалах байранд байрлаж байгаа хүмүүсийн 50 гаруй хувь нь хүүхдүүд. Энэ үзүүлэлт 20 орчим жилийн турш хадгалагдаж ирсэн. Эрчүүд бол цөөхөн. Тэдний цөөхөн байгаа учир нь хүч эрх мэдлийн хувьд эмэгтэйчүүдээс илүү байдагтай холбоотой. Хүчирхийлэлд өртсөн ч эмэгтэйчүүд шиг амь насаа алдах хүнд гэмтэл авах зэрэг хор уршигтай нь харьцуулахад их биш. Нөгөө талаас ийм байдалд хүрсэн эрэгтэй хүн байлаа гэхэд тусламж авч хандах нь хязгаарлагдмал.
Хэрвээ ямар нэг байдлаар хуулийн байгууллагад хандахад сул дорой эр хүн л гэж харагдана шүү дээ. Манайд хандаж байгаа эрэгтэйчүүдийн ихэнх нь ахмадууд. Залуучууд хандах үе байдаг.
Гэхдээ тооны хувьд цөөн. Манай төвд хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь хосуудын харилцаа байдаг боловч хүүхдээ зодож байгаа эцэг, эх олон бий. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд их өртөж байгааг харуулж байгаа юм. Багадаа зодуулж өссөн хүүхэд том болохоор бүх зүйлийг хүчирхийллээр шийдэх гэсэн хүсэл бодолтой болдог. Ингээд ахиад л хүчирхийлэл эхэлдэг.
-Зөвхөн нийслэл хот гэлтгүй орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Танай төв орон нутагт хүрч ажиллаж чадаж байна уу?
-Хөдөө орон нутагт мөн ялгаагүй гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа. Бид аймаг бүрт байдаг салбараараа дамжуулан орон нутагт хүрч ажиллахыг хичээн ажиллаж байна.
Ц.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
Shaltgaan n erh medliin tentsvergui hariltsaa bish ee. Duraaraa burdag gar uu daa