sonin.mn
Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян... хэмээн айлдсан нэрт яруу найрагчаас маань хойш өнөөдөр бидний  хэл хазгай, хил задгай, мал өвчтөй, хэн ядуу гэвэл Монгол ядуу үлджээ.
 
Бид өглөө өндиийж, үдэш хажуулах хүртлээ этгээд гажуу үгс эх хэлд маань чихэлдэн орж буйг  нүдээр үзэж, чихээр сонсовч түүнээс хамгаалах эрх зүйн шийдэлгүй байна. Энэ бол хэн бүхний анхааралд байх ёстой өнөөдрийн нэн чухал сэдэв болжээ. Бид арай ч ядуурч үхэхдээ тулаагүй л дээ. Харин эх хэл маань бол ядуурч байна.
 
Хүүхэд эхээс төрөхдөө л  заяамал мэдрэмжээрээ монгол авиа сонсож, цаашид эцэг эхийнхээ хэлж, ярьж буйг даган хэл яриа нь оор сууриа олж төлөвшин үүгээр  |эх хэлээрээ| дамжин хүмүүжиж, зөв хүн болдог зүй тогтолтой юм. Эцэг эхчүүд үглэхээс үлгэрлэ... гэж, залгамж хойч үеэ зөв, төгс ярьж, бичихэд нь үлгэрлэн дагуулж, ямагт засч залруулж чиглүүлж байх нь бидний эрхэм үүрэг.  Иймээс эцэг, эхчүүд, багш нар маань юу л заана  хүүхэд чинь түүнийг л сурдаг гэдэг нь үнэн үг юм шүү. Ингэж цааш дамжин эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурахыг л дархлаа гэх буюу иймэрхүү энгийн зүйлээс л эх хэлний суурь дархлаа бүрэлддэг ажээ. Мэдээж үүний дээр төрийн, эрдэм шинжилгээний, мэргэжлийн, мэдээллийн, боловсролын байгууллагуудын  явуулж буй бодлого, үйл ажиллагаа  орно.
 
  Эх хэлнийхээ дархлааг бэхжүүлэх, ядаж төрийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэмжээнд зөв төгс ярьж, бичиж, хүсч буй утга санаагаа бүрэн, эмх цэгцтэй илэрхийлнэ гэдэг тэр улс, үндэстний соёл боловсролын  түвшинг илэрхийлж байдаг чухал үзүүлэлт, нийгмийн дэвшил, соёлын нэг том хэмжүүр юм. 
 
 Төрөлх хэлний язгуур утга, өнгөрсөн, одоо, ирээдүй цаг, тийн ялгалын хэрэглээнд гарч буй өнөөгийн гажуудлыг хойч үедээ залруулж, зааж сургаж байхгүй бол этгээд буруу яриа, хэлж буй үг нь, илэрхийлэх гэсэн утга, агуулгадаа авцалдахгүй байх явдал хаа сайгүй байдаг болжээ. Үлэмж гоё, гайхам сайхан бүхнийг “аймаар гоё”, “аймаар сайхан” гэх мэтээр тодотгох нь өсвөр үеийнхний дунд өргөн хүрээтэй тархсан байна. Энэ мэт монголоор “аймаар” ярьж, бичиж чадагсад нэмэгдсээр нийгмийн гажуудалд хүргэдэг “нялхсын өвчин”-д эх хэл маань нэрвэгдэж буйг уншигч Та анзаарсан буйзаа. Үүнийг нийтийн хэмжээнд эдгээх арга чарга байдаг бол цаг нь нэгэнт тулжээ. 
 
Уул нь бид бол өөрийн гэсэн өв соёл, хэл яриа, бичиг үсэг, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу аж амьдралаа зохицуулж заншсан улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх, соёлын өвтөй ард түмэн юм шүү дээ. Энэ бүхнээ бид хамгаалж байх ёстой, эс тэгвээс бид эх хэл, өв соёлоо гээнэ, эх хэлээ хамгаалахгүй үндэстнийг бусад хэзээ ч хамгаалахгүй.  Энэ бол бидний тусгаар тогтнолын маань жинхэнэ хил, үндэсний өвийн маань суурь, умартаж үл болох эрхэм нандин зүйл, умартваас монгол, монгол биш болно.
 
Үзэг цаас нийлүүлж, үнэн худлыг дэнслэн нэг гартаа ган үзгээ, нөгөөдөө авилгачдын зүрхийг сугалахаар буй өнөөгийн “догшин Жамсран“ гэмээр сэтгүүлчид маань л эх хэлнийхээ манаанд “хоточ нохой” нь болж зогсмоор юм. Гэтэл сэтгүүлчид, төрийн түшээд, УИХ-ын эрхэм гишүүд, ТВ, сонины сурвалжлагч нарын |заримынх нь| хэл яриа, бичлэг бол дээгүүр нь гарсан шувуу сангас унагаж, дэргэдүүр нь яваа нохой гасалмаар юм. Боловсрол мэдлэгтэй хүнд бол иймэрхүү хэллэг бүхий хэдхэн үгийн солион дээр л  тэр нэгэн ямаршүү хүн бэ гэдгийг тодорхойлж чадах байх л даа 
 
 Эх хэл бол гаднаас зөөдөг бараа таваар биш, хөрөнгө зээл ч биш энэ бол зөвхөн бидний дотор байдаг монгол хүн монголоо алдахгүй байх дархлаа юм. Бид эх хэлээ элэг эмтрэм гажуудалд оруулаад зогсохгүй хойч үедээ эл гажуудлыг лавтай үлдээж байгаа нь хармсалтай. Нийгмийн манлайд явдаг төрийн түшээд, сэтгүүлчид, залуус бүгд эх хэлнийхээ дүрмээ бүдүүлгээр зөрчин “мэндийг хүргэх”, “гэрээг байгуулах”, ”төсвийг батлах”, “асуултыг тавих”, ”ялалтыг байгуулах”, “ашиглалтанд оруулах”, “амлалтыг биелүүлэх”, “олон эрсдлүүдийг дагуулах” гэх мэтээр ярих нь өнөөдөр ердийн үзэгдэл болчихжээ. Удахгүй Шинэ жилийн мэндийг хүргэж амжилтыг хүсэх гэсэн бичлэг ТВ,цахим сүлжээг дүүргэх буйзаа. Сонгууль өгөх, мөнгө цуглуулах, ялалт байгуулах, худалдан авалт хийх... гэх мэтээр ярьж буйг тайлбарлах нь илүүц буйзаа. Нэгэн залуу эмэгтэй эмч эмнэлгийнхээ тухай ТВ-д өгч буй ярилцлагадаа:
 
Өвчтөнгүүд биднээс тээ маш олон асуултуудыг  асуудаг байгаа тээ... гэж ярьж байх юм. Энд нөгөө хэмнэлтийн зарчим, тоо, тогтсон хэллэг, найруулгын ур чадвар бол даан ч алга даа.  Ер нь бол ийм алдааны цуглуулга мэт молхи яриа түгээмэл болж бүр нийгмийн сор гэгддэг сэхээтнийй амнаас ч гардаг болжээ. Эдгээр хий үзэгдлүүд УИХ, “Цагийн хүрд”-ээсээ эхлээд манай бүх телевизийн яриа, титр, цахим сүлжээнд бүр ч илүү нэвчсэн буйг бид бүгд үзсээр, сонссоор атал анзаарсан нь даанч үгүй, хээр талд эзэнгүй орхисон мал лугаа адил болсон байна.
 
Үгийн сонголт, байрлал буруу, найрлага, тодотгол, зүйрлэл нь тохиромжгүйгээс гадна, хэл бичгийн дүрмийн алдаа мөн ч их болжээ. Их эрдэмтэн Ренчин абугай маань “Дуурь бүжгийн улсын театр”, “Хоёр амтай шувууны буу”,  “Хар нүдний шил” гэх мэт бичиж, ярьдаг хэмээн шүүмжилж байсныг эцэг эхчүүд санаж байгаа байх. Тэр үед иймэрхүү алдаа гаргасан сэтгүүлч ажилдаа үлдэх эсэхээ шийдүүлдэг, сонин сэтгүүл, телевиз, радио нийтлэл, нэвтрүүлгээ олон нийтэд хүрэхээс өмнө хатуу хяналт дор шалгаж гаргадаг байсан юм. Энэ бол үзэл суртлын цензур бус ажлын хариуцлага гэдгийг хэлэх нь зөв байх.
 
 Өнөөгийн ТВ-үүдэд хянагч, редактор, уран зохиолын ажилтан гэж байдаггүй бололтой. Хэрэв байдаг бол арай ч дээрх маягаар яримааргүй юм. Эндээс харахад манай нийгмийн эх хэлний боловсрол доройтсон нь илэрхий байна. Монгол хэл бол маш баялаг үгсийн сантай, бодож сэтгэснийг бүрэн төгс гаргах шавхагдашгүй чадавхтай юм. Хэрэв бид бүрэн ашиглаж чадвал шүү дээ. Бидний өвөг дээдэс хаана хэнтэй ярихаас эхлэн үгээ зөв сонгож, биеэ тохинуулж этгээд буруу хэллэг хараал, хэрүүлийг нүгэл хэмээн үзэн үндэсний уламжлал, өв соёлоо хамгаалсаар ирсэн билээ.
 
 Гийгүүлэгчээр төгссөн үгэнд ӨО-ын тийн ялгалд давхар "Н" залгадаг халдвар монгол үгсийн санд дэлгэрээд удаж байнаа. "Амжилтанд" хүрэх "биелэлтэнд” хяналт тавих, “ашиглалтанд” орох, “ялалтанд”, “хэрэгжилтэнд” хүрэх, гуталны засвар, рекламны самбар, гэх мэт. Ингэж бичиж, ярихад хэл нугарч өхгүй эвгүй л баймаар юм. Одоо бүр улс нийгмийн хэмжээнд өргөн дэлгэрч лавшран үлдэх шинжтэй боллоо. Зарим сэхээтнүүд маань ам нээх болгондоо л “Тэгвэл”, “эсгүй бол” |эсвэл гэж байгаа юм байх| гэж эхэлж дуугардаг юм байна. Ийм нөхцлийг өмнөх өгүүлбэрийнхээ утга, санаатай уялдуулан  хэрэглэдэг юм шү дээ. Монгол хэлний ихэнх нэр мал, мах, цас, бороо, ой, мод, өвс гэх мэт үгс олон тоо болон заахын тийн ялгалыг давхар илэрхийлдэг. Мал хариулах, мах идэх, ой хамгаалах өвс хадах гэх мэт.
 
Малнууд, цаснууд, ойнууд, өвснүүд, махыг идэх, малыг хариулах, ойг хамгаалах өвсийг хадах гэхгүй. Бид хашгираад л, бичээд л байдаг тэр нь буцах хаяг, буух эзэнгүй, зэрэглээ  мэт тэнүүчилж явсаар өдгөө нутагшиж ижилсэн дасаад үл анзаарагдах болжээ. Ялангуяа зарим зар мэдээ уншихад бүр илүү ажиглагдаж байна. Иймээс олон нийтийн аль нэг мэдээллийн хэрэгслээр  эх хэлээ гажуудуулсан, этгээд хэллэгүүдийг гаргадаг талбай, эсвэл ТВ-д тав, гурван минутын цагтай байя л даа. Үүгээр буруу ярьж бичигчдийг байгууллага, нэр устай нь гаргаж алдааг залруулж байя. Олон нийтийг хамарсан сайн дурын цээж бичиг, монгол хэлний шалгуур уралдаан, тэмцээн ялангуяа хүүхдүүдийн дунд зохион явуулъя.
 
 Монгол хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн түвшин болон элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл бичгийн суурь онооны босгыг ерөнхий боловсролын сурагчдынхаа монгол хэлний мэдлэгээр судалгаа хийж |дундаж хүүхдийн жишгээр| шинээр тогтооё. Бид монгол хэлнийхээ дундаж түвшингээ дээшлүүлэх системийг боловсролын  бодлогодоо суулгамаар байгаа юм.  Эх хэлний өдөртөй болж үүгээрээ орон даяар цээж бичиг, хэл ураг зохиолын тэмцээн уралдаан  зохион байгуулан тэмдэглэдэг больё. Монгол хэлний талаар ажилладаг байгууллагууд, Монгол хэлний тухай хуульд |Монгол хэлний хууль гэвэл яасан юм?| нэгдэн дагасан төрийн хэлний зөвлөлтөйгөө хамтраад иймэрхүү зүйл санаачилж хиймээр байгаа юм. Ингээд л яриад байвал хийх юм их байгаа юм л даа уул нь. 
 
Бидэнд дагаж мөрдөх ёстой монгол хэлний үгсийн дүрмийн хэд хэдэн эх сурвалж бий л дээ. Мөн цахим сүлжээнд саяхан гарсан монгол хэлний тайлбар толь, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол хэлний үгсийн дүрэм |1983|,  МУ-ын ШУА-иас Л.Болд редакторлон хэвлэлд гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь |таван боть 2008| эдгээрээс өөр үгүй бол заалгаж буйгаа л баримтлах нь зүй бусуу.
 
 Үгсийн санд бэлхэн буй монгол үгээ зориуд гадаад үгээр орлуулж чамирхан ярьдаг хэнээрхэл бидний дунд байна хэмээн их шүүмжилдэг. Ийм юм бас бий. Нөгөө талаас орчин цагийн хөгжил, шинэлэг технологи,  шинэ нээлт гэх мэтээр дамжин гадаад үг олноор орж ирэх нь өдөр тутам болж, түүнийг монгол хэллэгт буулгах эзэнгүй  тул бидэнд үүний эсрэг орлуулж тавих бэлэн үг байхгүй байна. Эх хэлнийхээ дархлааг хамгаалъя гэвэл үүнийг шийдэх эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй болжээ. Компьютрийг компьютр, помидорийг улаан луйл, банкийг банк, ипотекийг ОС-ны зээл гэе гэх мэтээр нэг мөр шийдье.
 
 Хэлгүй бол хөлгүй гэж мэргэн үг байдаг. Өнөөдөр гадаад хэлгүй бол хөгжлөөр хоцорч яваа бидэнд орчин үетэй мөр зэрэгцэн явах боломжгүй тул залуус нэгээс хоёр өндөр хөгжилтэй орны хэлтэй болох шаардлагатай болж байна. Харин эцэг эхчүүд бид хэзээ хүүхдээ гадаад хэл сургах нь зөв  бэ гэдгийг нөхцөл байдлаасаа өөрсдөө шийдэх буй заа 
 
Эцэг эхчүүд бид үр хүүхдээ багаас нь зөв цэгцтэй ярьж сургах, хэлэх, үгээ зөв сонгоход нь байнга анхаарч, эс тохирох үг хэллэгийг, уйгагүй засч залруулж, оносон үг олж хэлүүлж байх учиртай. Бид өсвөр хойч үеэ зөв ярьж сурахад анхаарал сулруулснаар бид өөрсдөө монгол хэлээ дархлаагүй болгож байгаа нь илэрхий ажиглагдаж байна.
 
 Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний сурах бичгүүдэд буй алдаа мадгийг даруй засч шинээр сургалтад гаргах ажлыг улс орон даяар нэг мөр болгох хэрэгтэй байхаа. Ер нь бол сургалтын системээ тогтвортой болгох л шаардлагатай. Хүүхэд дунд сургууль төгсөх явцад сургалтын систем |засаг солигдох тутам| дор хаяж хоёроос гуван удаа өөрчлөгдөж тэр нь боловсролын агуулгадаа нийцэхгүй байж болох юм уу.  Олон жил үргэлжлэх үр дүн багатай төслүүд болон монголын онцлогт үл нийцэх систем судалгаагүйгээр хуулбарлаж нэвтрүүлсэн зүйлээр бид өсвөр үеийнхээ толгойг байн байн эргүүлмээргүй л байна. Энэ бүхнийг цэгцлэх асуудал боловсролын байгууллагуудын үүрэгт багтаж байгаа юу гэж асуумаар санагддаг юм.
 
Багш нар хүүхдүүдэд монгол хэлний мэдлэг, зөв хэрэглээг түлхүү зааж сургавал, тэднээс илүү өргөн мэдлэг шаардах эрхтэй болж, сурагчдын хэл яриа цэгцэрч, мэдлэгийн түвшин дээшлэнэ шүү дээ. Хүнтэй зөв мэндлэхээс эхлээд, арван хурууг нэрлэж, арван хоёр жилээ цээжлэх  гэх мэтээр зааж сургахаас л эхэлдэг. Заахгүй, засахгүй байваас эцэст нь ямарч зөвлөл байгуулсан ийм л байх болно.
 
Төр засгаас эх хэлний асуудлаар ямар нэг бодлого барьж байгаа бол ганц зөвлөл байгуулаад орхих бус эрдэм шинжилгээний болон, олон нийтийн байгуулллагууд,эрдэмтэн мэргэд, хувь хүмүүсийг оролцуулан  дорвитой ажил зохиох цаг болжээ.  Уул нь төрийн хэлний хууль гэж бий л дээ. Харин төр маань өмчилж авсан “газрыгаа”, өр болсон “зээлийгээ”, эдийн засгийн “асуудлуудыгаа” гэх мэт ярьдаг болчихож, бас нэг сонин хэллэг гарч ирлээ. 
 
Эх хэл гэдэг бол улс үндэстний удам угсааг хамгаалж, тусгаар тогтнолын бие даасан чанарын цөм болдог хүчирхэг зэмсэг гэдгийг эцэст сануулахад илүүдэхгүй болов уу.
 
Найдансүрэнгийн Бадарч