sonin.mn

Уржигдар “Эко констракшн”-ны “Тэнгис” кино театрын хажууд бариулж буй барилгаас төмөр унаж, 25 настай залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Интернетийн олон нийтийн сүлжээний идэвхитэй хэрэглэгчдийн санаачлагаар “Касктай Монгол” тайван жагсаал өчигдөр орой Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү тайван жагсаал “Бид амьд явах эрхтэй” уриатай болж өнгөрсөн бөгөөд ойролцоогоор 70 орчим залуус оролцож, байгууллага, албан тушаалтануудын буруутай үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрддөггүй, хариуцлагагүй байдлаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол удаа дараа давтагдан гарч байгааг эсэргүүцэж жагссан юм.

Энэхүү жагсаалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Улс төрийн тойм” сонины эрхлэгч Л.Мөнхбаясгалан зэрэг олны танил хүмүүс мэр сэр харагдаж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт амьд явах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэх мэт олон эрхийг зааж өгсөн байдаг. Хүний эрх гэдэг хоосон уриа лоозон биш  юм. Харамсалтай нь манай улсад хүний эрх зөрчигдөөд удаж байгаа. Өнгөрсөн жилийн судалгаагаар барилга, зам, уул уурхайн аваар ослоос болоод нэг жилийн дотор 270 гаруй хүн амь насаа алджээ. Тиймээс өнөөдөр УИХ-ын захирамжаар хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмын хэрэгжилт, аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй талаар шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдлаа. Энэхүү ажлын хэсэгт бүх намын төлөөлөл  бүхий долоон гишүүн маргаашнаас ажлаа хийж эхэлнэ. Ажлын хэсгийн би ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хууль бусаар барилга байгууламж барьсан буюу барьж буй компаниудын удирдлагуудыг эрүүгийн  хариуцлагад татаж, хатуу тэмцэнэ. Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг шүүхийг шийдвэрийн дагуу нураана ” хэмээн ярив.


Эх сурвалж: "Нийгмийн толь"