sonin.mn

 

“Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалт хууль зүйн шинэчлэл хуудуутай болох вий гэж эмээж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдэв. Хуулийн төсөл боловсруулна гэдэг хурууны үзүүрээр хийх ажил биш учраас энэ салбарын судлаач, хуульчдын санал бодлыг сонсч, иргэдийн амьдрал, Монголын хөрсөнд буусан хууль гаргах хэрэгтэйг сануулсан юм.
 
 
 
Гэтэл шинээр боловсруулж буй 10 хуулийн төсөл нэршлээсээ эхлээд хуумгай зүйл их байгааг Х.Бат-Ялалт шүүмжлэв. Тиймээс хууль зүйн шинэчлэл тойрсон асуудлаар Х.Тэмүүжин сайдтай халз мэтгэлцэхэд бэлэн байгаагаа өнгөрсөн нэгдүгээр сард илэрхийлсэн.
 
 
 
Түүний эл урилгыг Хууль зүйн сайд ээлжит шоу хэмээн хүлээн авсан. Үүнийгээ ч хэвлэлийнхэнд “Х.Бат-Ялалт гэж хүний шоуг дэмжихгүй. Тиймээс халз мэтгэлцээнд очих шаардлагагүй” хэмээн ярьсан юм.
 
 
 
Харин Х.Бат-Ялалт үүнийгээ “Жирийн иргэдийн эрх ашиг, сайн сайхны төлөө хийж буй тэмцлийн нэг хэсэг. Түүнээс хийх юмгүйдээ тэр хүнийг халз мэтгэлцээнд дуудсан юм биш” хэмээн тайлбарлав.
 
 
 
Өмнө нь хэд хэдэн эрх мэдэлтэн түүнийг ядарсан иргэдийн толгойг эргүүлж улстөрийн шоу хийж байна хэмээн хэлж байсныг ч нуусангүй. Гэвч чанартай хуультай болохын төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байна гэдгээ онцолсон. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 
 
 
 
-Та шинээр боловсруулж буй хуулийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ? 
 
-Хуулийн төсөл боловсруулна гэдэг тийм ч амар ажил биш. Үр нөлөөг нь Монголын ард түмэн амсана. Тиймээс энэ олон хуулийн төслөө сайтар нягтлаач гээд байгаа хэрэг. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сүүлийн хоёр жилийн хугацаанд 20-иод хууль санаачилсан.
 
 
Түүний эрх зүйн шинэчлэлийн талаархи танилцуулгыг нь сонссон. Манай хууль зүйн салбарыг ямар хүн удирдаад байна вэ гэж гайхмаар юм ярьж байна лээ. Жишээлбэл, Мөрдөх алба байгуулбал хүний наймаа, хар тамхины хэрэг гурав дахин багасна.
 
 
Хулгайн хэргийг 7-21 хоногийн хугацаанд илрүүлдэг болно гэж байна. Энэ бодит амьдралд хэр нийцэх вэ. Нийцэхгүй л байхгүй юу. Тиймээс түүний яриад байгаа хөнгөн хуумгай зүйлсийг эсэргүүцээд байгаа юм. Би түүнийг халз мэтгэлцээнд дуудахад “Хуулийн төсөлд саналаа өгвөл өг. Эсвэл дуугүй бай” гэсэн хариуг энэ сарын 18-нд өгсөн. 
 
 
 
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Таныг шоудаж байна гэх юм? 
 
-Би хууль зүйн салбарыг цэвэр, шударга байгаасай гэж хүсдэг. Үүний төлөө сайн дураараа тэмцэж байна. Цаашид ч дуу хоолойгоо өргөсөөр байх болно. Харин миний тэмцлийг улстөр, эсвэл шоу гэж хэлэх нь тохиромжгүй юм.
 
 
Х.Тэмүүжин намайг шоудаж байна гэж байгаа. Миний чухам ямар үйлдлийг ингэж хэлээд байгааг ойлгохгүй байна.Тиймээс “шоу “ гэдэг үгэнд тайлбар авахаар Хэл зүйн хүрээлэнд хүсэлт гаргасан. 
 
 
 
-Таныхаар бол хуулийг хэрхэн боловсруулах хэрэгтэй юм бэ? 
 
-Хуулийн салбар эмзэг үе дээр байна. Өнөөдөр манайх холимог систем бий болгохоор явж байна. Өнөөдрийн хуулиудад гаднаас хуулбарласан зүйл их байна. Эх орныхоо хөрсөнд буулгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл хуулийнхаа нэрийг ч хэрхэн өгөхөө мэдэхгүй л явах юм.
 
 
Маршалын албаны хуулийг монгол хэлэнд хэрхэн буулгахаа мэдэхгүй байна гэж албаныхан ярьж байна. Монголоор томьёолж чадахгүй байгаа зүйлээ хууль болгоно гэнэ ээ. “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэгчлэн хуулийг маш сайн боловсруулах хэрэгтэй.
 
 
 
Батлаад удаагүй байж шинэ хуульдаа дахиад гар хүрэх ажил гарах вий. Нэг л их олон хууль санаачилсан хүн болж харагдах гэж хичээгээд байх шиг. Тооноос илүү чанарыг эрхэмлээсэй. Хуулийн байгууллагын алдаанаас болж жирийн иргэний амьдрал там болж байна шүү дээ. Үүнийг эрх мэдэлтнүүд ойлгох хэрэгтэй.
 
 
 
Ц.Оюун
 
Эх  сурвалж: