Монголын төр дэх ёс зүй бүрэн шавхагджээ. Өчүүхэн ч үлдсэнгүй. Эрх мэдэл, мэдээлэлд ойрын боломжийг чинээнд нь тултал ашиглаж, чингэхдээ зөвхөн өөрсдийнхөө тусын тулд улс орны үнэт зүйл бүхнийг хомхойлон тоносон. Өнөөдөр үүнийг Монголын иргэн бүр ойлгож мэдсэн, улс орны хөгжил ухрахын хэрээр бүрнээ ойлгосон. Нээлттэй нийгмийн индэр, хил хязгааргүй цахим орон зай, сэтгүүл зүй үүнийг нэгэнт хөдөлбөргүй батлан “тунхагласаар”. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сая хийж, холимог тогтолцоогоор парламентын сонгууль зохион байгуулагдах, гишүүдийн тоог 126 байхаар хуульчлан тогтоов.
Одоо Монголын улс төрд хэний, ямар хүмүүсийн орон зай үлдсэн бэ гэдэг асуулт үндэстний нэн тэргүүний эрх ашгийн үүднээс гарцаагүй тавигдаж байна. Үүнд ард түмнээрээ хариулах учиртай. Иргэн бүрийн эх орноо, улс түмнээ гэсэн язгуурын чухал үзэл санаа, гүн итгэл үнэмшил онцгой сэрэмжтэйгээр энэ асуултад хариулт өгөх ёстой.
Улстөрчид, төрийг баригчид үнэт зүйл бүхнийг хомхойлон тоносны эхэнд оюун ухаант хүний үндсэн итгэлцүүр, үнэт зүйл байх учиртай ёс зүйг булшилсан нь өнөөдрийн Монголчуудын хамгийн эхэнд авч үзэж, эргэцүүлэн тунгаах бодит үндэслэл юм. Монголын улс төрд харьцангуй ёс зүйтэй, шударга, иргэн ч үзэл санаатай нэн цөөн гишүүний нэг бол Баттөмөрийн Энхбаяр. Энэ залуугийн хууль тогтоох үйл хэрэг тод байдаг. Ярьж байгаа үндэслэл нь тодорхой, итгэлтэй. Хуулийн мэдлэг, хэл ам зүгширсэн байдал өнөөгийн улс төрдөө өнгөлөгч мөн. Эрүүл хандлагатай, Зарчмын агуулга нь үнэмшил төрүүлдэг. Хөгжлийн банкны асуудлыг энэ гишүүн үнэхээр бодитой шүүн тунгаах, хянан шалгах замаар ард түмэнд дэнслэн үзүүлж чадсаныг зөвшөөрөх хэрэгтэй. Чухамдаа энэхүү Хөгжлийн банкийг тонон дээрэмдсэн, завхруулан хуулуулсан бүхний учиг шалтгааныг бүрэн илчилж, нийгмийн хүлээлтэд хууль тогтоогчийн үүрэг ёсыг харуулснаар Б.Энхбаяр түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Ерөнхийлөгч асан, иргэн Х.Баттулгыг ч тэр дуудан ирүүлж, нээлттэйгээр хариулт тайлбар авч чадсан юм. Энэ бол жишиг. Энэ бол зарчмыг үндэслэн, ёс зүй, хуулийн хэм хэмжээг мөрдүүлсэн хууль тогтоогчийн, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний сайн үлгэр байсан. Үүнд эргэлзээ үгүй.
Б.Энхбаяр энэ мэт үйлдлээрээ ард түмний, эх орны түгээмэл язгуур эрх ашигт нийцэмжтэй үйлс хийж байгаа юу гэвэл тийм гэж хариулагдана. Тэр Ц.Нямдоржийг хүртэл улайтал шүүмжилж, тэр хүн болоод түүний үеийнхний завхрал, явцуу эрх ашгуудыг тод шүүмжилж, илрүүлэн илчилснээрээ гавьяатан. Гэтэл эл гавьяатан маань бас бүдгэрэх асуудалд холбогдох. Боловсролын зээлийн санг Монголын эрх баригчид, улстөрчид, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, дипломат албаныхан, ер нь эрх мэдлийн сэнтийд тухлагч бүхэн тонон дээрэмдэж өөрсдийн эрх ашгаа ханган туйлсныг ард түмэн жигшин зэвүүцэж байгаагаас Б.Энхбаяр ангид байж чадсангүй. Түүнийг Боловсролын зээлийн сангаас зээл аваад, зээлээ тэглүүлсэн, хамгийн ноцтой нь сургуульдаа явж сураагүй гэдэг баримт үндэслэлийг нийгэмд олон нийт гаргалаа. Энэ л учир Б.Энхбаяр ёс зүйн хувьд бүрэн уналтад орж байгаа юм. Түүний бүтээж бий болгож ирсэн шударга, зарчимч нэр төр энд ирээд л шороотой хутгалдаж, үйл хэргийг нь дэмжигч, итгэж найдсан болгоны урам ингээд хугарчихаж байгаа нь харамсалтай. Үндсэн хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн өдөр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ХҮН намын дарга Т.Доржхандад хэлсэн үг эрхгүй анхаарал татаж байгаа юм. Тэрбээр, Т.Доржхандын улс орны нийтлэг эрх ашгийн төлөөх үзэл баримтлал, хэлж ярьдаг олон зүйлд талархалтай байдгаа хэлээд, Б.Энхбаяр дээр жишээлсэн шиг Т.Доржхандад урам хугарах үндэслэлийг хэлсэн.
Тэр бол мөн мэдээж Т.Доржхандын боловсролын зээлийн сантай хүүхдийнхээ эрх ашгаар холбогдон зээл авсныг хэлж байгаа юм. Гишүүн эмэгтэйн тэр харамсан хэлж байгаа үг хандлага л бүх ард түмний харамсал хандлага байгаа юм. Т.Доржханд маань хүртэл ингэдэг нь яав даа гэсэн итгэлээс үүдсэн харамсал.
Т.Доржханд нийгэмд эл мэдээлэл түгээгдмэгц хүүхдийнхээ зээлийг даруй төлнө билээ. Тэр хүн заавал олон нийтийн хяналт, шахалт хавчилтын мөшгөлтөд орохгүйгээр, УИХ-д орсон даруйдаа эрх ашгийн энэ зөрчлийг арилгаж болох байсныг өөрийнхөө үйлдлээр нотолчихож байгаа нь тэр. Д.Өнөрболор гишүүн өнөөдрийн парламентад ёс зүйн асуудлыг хамгийн бодитой ярьж, энэ агуулгаар туйлбартай зарчим барьж байгаа нь анзаарагддаг. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүйсийн тэгш эрх эдийн засгийн солонгорол гадаад худалдаа, экспортын төрөлжилт, төр хувийн хэвшлийн түншлэл гээд олон сэдвээр чигч үзэл хандлагатай түшээ харагддаг. Яах аргагүй л өнөөгийн Монголын нэн тулгамдсан асуудлуудыг ярьж, энэ чиглэлүүдээр урам өгөхөөр дэвшилт үйл ажиллагаа явуулдгийг олон нийт харж үнэлэх төлөв мэдрэгдэхээр байдаг. Энэ бүхэн чухал. Гэхдээ ёс зүйн асуудал бол хамгийн чухал, язгуур чанадын эрх ашиг. Энэ утгаараа парламентад ёс зүйн асуудлыг тогтмол ярьж, энэ зарчмын доор алдаа завхралаас ангижрахын чухлыг эрэн мөшгөж байгаагаараа энэ гишүүний үйл хэрэг үндэстний эрх ашгийг эхэн эрэмбэд тавьж байгаа юм.
Эх булингартай аваас адаг булингартай. Эхийг цэвэршүүлж, ёс зүйт улс төр, ёс зүйт үзэл хандлага, зарчим тогтож байж дараа дараачийн бүх сайн сайхны жишиг зам мөрүүд тодсох эрэмбэ дараалалтайг эл гишүүний өнөөгийн дүр төрх сануулж байгаа. Тэр ёс зүйг сахихгүйгээр улс төр, улс орон, эдийн засаг нийтийн эрх ашигт урагш ахих зам байхгүйг ухуулаад байдаг юм. Энэ учир ёс зүйн уналтыг мухарла, дуусгавар болго гэж хэлээд байдаг.
Монголын төрийн ёс зүй бүрэн шавхагджээ гэж эхэнд өгүүлсэн. Шавхагдаж болохгүй, харин ч бялхан хальж, үргэлж оргилон цэнгэгшиж байх ёстой зарчим итгэлцүүр бол ёс зүй. Өдгөөгийн энэ ээдрээт цаг үеийн, нэр нүүр гундсан УИХ-д тодорхой байр суурьд, тэр тусмаа эмэгтэй гишүүн ёс зүйг өнөөгийн Монголын улс төрийн шинэ “эх”, шинэ өнгөөр зарчимлаж, манлайлал харуулж байгаа нь үндэстний тэргүүн эрх ашиг. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлээ. Одос Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын хуулийг хэлэлцэн батална.
Б.Энхбаяр, Д.Өнөрболор, Т.Доржханд нар эдгээр хуулийн хэлэлцүүлэгт хамгийн эн тэргүүнд манлайлж, зарчим, ёс зүй, эрүүл саруул агуулга болгоныг тунхаглан дэмжүүлэх ёстой.
Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэн хангах, сонгуульд нэр дэвших бололцоог хуулийн төсөлд тусгагдсанаас илүүгээр хуульчлах, улс төрийн намыг шилэн болгох, авлига хээл хахуулийн гогцоо бүрийг бүрэн хааж, хүний эрх, эрх чөлөөг, ард түмний нэхэл, үзэл санааг дээдлэн ажиллах хэрэгтэй юм. Энэ, энэ л агуулгын учир эдүгээ Монголын улс төрд ямар хүмүүсийн орон зай үлдсэнийг тов тодорхой илэрхийлэн хууль тогтоох нь үндэстний эрх ашигт үнэмлэхүй нийцнэ. Ёс зүй, нэр цэвэр байх нь эхний болзол. Ард түмэн ч үүнд хариулах замаар ирэх сонгуулийг угтана. Үүнээс илүү уналт гэж одоо байх ёсгүй. Дөчин дөрвөн их наядын нүүрсний хулгайг ярьж, шийдэж нэг талд гаргачихгүй л байгаа парламент шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намыг шилэн байлгах хуулийн төсөл санаачилсан. Энэ л чухам тэргүүн эрх ашиг мөн. Шилэн бус намаас шилэн агуулгат, ил тод, үнэн төрхтэй, зөв хүнийг нэхэх боломжгүй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад зөв хүнээ эс жагсаавал тэр нам шууд ялагдана хэмээн итгэл тод өгүүлж байна билээ. Зөв, ёс зүйт, нэр цэвэр хүн ирэх сонгуулийн сонгодог захиалга. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар жендерийн эрх ашгийг хангаж, жагсаалтад эмэгтэй, эрэгтэй гэдэг салаавчлалаар нэр дэвшүүлэх, хүйсийн төлөөллийг тавь тавин хувь байхаар амласан амлалт бол Монголын улс төрийн түүхэн дэх хамгийн сайн гэж хэлж болох үзэгдэл. Үүнийгээ одоо тэд хэрэгжүүлнэ биз ээ.
З.Баяр
Сэтгэгдэл0
Ирэх жил УИХ 126 гишүүнтэй болох нь батлагдсан. Тэгэхлээр монголд амьдрахад улам хэцүү зовлонтой болох юм байна. Энэ тамын оронд төрсөндөө харамсаж байна.
МАН монголыг минь юу л болгоод байна даа. 5 яам , 4 агентлаг , 1 үндсэн хуулийн хүрээлэнд хичнээн хүн нэмэгдсэн гэж бодож байна.Одоо ҮХНӨ ийг дахин зүтгүүлж 152 гишүүнтэй болгохоор улайрч ард түмний шахалтаар 126 буюу 50 гишүүнээр нэмэв.Татвар төлөгчдийн мөнгийг МАН ын захиалагаар хичнээн ч хүн халбагадахаар болчихов доо.УИХ д суудал авчихаад дахиад ЗАСАГТ ОРОХ гэж гишүүд шуналтдаг тогтолцоог МАН санаачлав..МАНын хулгай хүчин бүр гаарав.
Б Энхбаярыг бол дэмжинээ Онорболорыг ес зуйтэй гэхгуй ээ Солонгосуудтай нийлж хотын газрыг харин ч нэг эзэгнэмэн дээ
Энхбаярыг ч дэмжихгүй ээ. Хэрэггүй. Эдийн засгийн хөгжлийн орлогч байхдаа юу хийгээгүй шүү дээ.
Түмэн олны амьдрал уруудах тийшээ байхад 126 гишүүнтэй болохоор дээшлэх хэрэг үү??? Шинэ гишүүдийн суралцах хугацаа гээд бас цаг алдаж ажил цалгардах байх бий??? Эцэст нь хүний олноор бус чанартай, бодитой амьдралтай жинхэнэ хууль хэрэгжүүлэх л чухал. Тэр олон давхардсан заалтуудыг ялгаж салгаж цэгцлэмээр ч юм шиг...
Лам будлиантай , Нам булингартай . Иргэн хүнийг сонго. Жинхэнэ төлөөлөл , жижигхэн гишүүн байна.
Завсрын хүмүүсийн зай үлдсэг
Мэдлэг боловсрол,дадлага,туршлагатай намыг өмчилдөггүй иргэний зай үлдсэн гэж үздэг.
Өнөө цагт шинэ шилдэг залуус хэрэгтэй. Хуучуул хэрэггүй. Тэр ч байтугай, Б. Энхбаяр, Нямбаатар, Оюунэрдэнэ. .... гхэ мэт залуус ч хэрэггүй, тэд өгөрч яваа түүхий улс төрчөө хө....
Энхбаярыг дэмжихгүй бол тэгээд хэнийгээ дэмжих билээ дээ ! Мангар малигар бөх Батэрдэнийг үү? Хөөрхий муу орон гаран пидон Ганбааг уу? Луйварчин хахуульчин Адьшааг уу? Попчин, хахуульчин хамар даваасүрэнг үү? Амьсгаа царайлсан архангайн хэн билээ нөгөө гүжир үгэнд хариу үгүй гэж нүүрээ ширлээд байдаг дебил чинь энхамгалан билүү, бас нэг энхамгалан бий аль аль нь ....тэгээд эд нарыг сонгох уу?