Ээж бүхэн хүүхдийнхээ энэ орчлонг харах гэгээ, замыг нь чиглүүлэх гэрэл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх үлгэр дуурайл нь байдаг билээ. Тиймээс эмэгтэй хүн ээж болсноор илүү хүчирхэг болдог биз ээ. “Зууны мэдээ” сонин бага насны хүүхдээ харангаа гэрээрээ гар урлал, бүтээгдэхүүн хийж, өөрийгөө хөгжүүлж, өрхийн орлого олдог ээжүүдийг алдаршуулах зорилгоор “Ээжүүд зүгээр суудаггүй” булангаа хүргэдэг. Бид өмнөх дугаартаа баримлаар урлал хийдэг ээжийг онцолж байсан бол энэ удаагийн дугаартаа нэхмэлийн аргаар тоглоом урладаг, хөдөлмөрч ээж Ц.Ануг урилаа.
Өхөөрдөм туулай, шинэ жилийн буга, өрөвгөр бамбарууш
Бяцхан сахиусан тэнгэрүүдийн инээд хөвөрч, тэнтэр тунтар алхах жижигхэн хөлийн чимээ, хураанаас атгах бяцхан гар, хүзүүгээр тэврээд үнсэх тэр мэдрэмж байхад л эх хүн аз жаргал, эрч хүчийг мэдэрдэг билээ. Залуухан ээж Ц.Ану ч тэр л ээжүүдийн төлөөлөл.
Тэрбээр уг нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Өдөр бүр хөөрхөн үрсийн сайхан энергиэр өөрийгөө хөглөж байсан бүсгүй өдгөө төрсний дараах амралтаа авч, өөрийнхөө бяцхан аз жаргалыг харахын зэрэгцээ нэхмэл тоглоом урлаж байгаа юм. Түүнтэй уулзахаар гэрт нь очиход яг л хүүхдийн ертөнц, хүүхэлдэйн байшинд ороод ирчихсэн мэт дулаахан мэдрэмж төрж байв.
Гэрийн тавиур бүхэн дээр дүрлэгэр алаг нүдээр өөдөөс ширтэх үлгэрийн баатрууд. Өхөөрдөм туулай, шинэ жилийн буга, өрөвгөр бамбаруушууд. Өнгө, чимэглэлийн хувьд төгс хосолсон тэдгээр амьтдын хувцсыг нэхмэлийн утсаар урласан ажээ.
Ц.Ану “Би багаасаа л хөдөлмөрийн хичээлд сонирхолтой, юм оёх дуртай охин байсан. Анх нэхмэл тоглоом хийхийг найз минь санал болгосон. Миний найз юм урлах, чимхлүүр, нарийн ажилд сайн юм чинь хийгээд үзээч гэж байсан. Ингээд хэсэг хугацаанд бодсон л доо. Харин миний энэхүү урлалыг хийх болсон хамгийн гол шалтгаан нь стрессээс өөрийгөө хамгаалах байсан. Учир нь эмэгтэй хүн гэртээ суухаар сэтгэлээр унах үе байдаг. Тиймээс энэ хугацаагаа ашиглаад өөрийгөө завгүй байлгаж, хөгжүүлье гэж бодсон” гэв. Үнэхээр түүний урласан тоглоомуудыг харахад сэтгэл зүрх, чимхлүүр ажиллагаа шаардсан нь харагдаж байсан юм. Учир нь тоглоом бүрийн хувцас, үс, нүд зэргийг нэг бүрчлэн хийдэг учир цаг хугацааны хувьд ч хурдан гарах боломжгүй ажээ.
Ээжүүд охиндоо бэлэглэх гэж тоглоом захиалдаг
Ц.Ану зөвхөн тоглоом нэхэхээс гадна хүүхдийн бойтог, гутал хүртэл урладаг ажээ. Нэхмэл тоглоомыг хэн дуртай нь хийчихдэггүй их нарийн ажиллагаатай гэнэ. Өөрөө зургаа зураад эсгэх бус цаанаас нь бэлдэж өгсөн схемийн дагуу, стандартаар нь урлах ёстой юм байна.
Нэг тоглоом бүтэх дарааллыг онцолбол эхлээд схемийнхээ дагуу загвараа тодорхойлно. Ингээд гадна төрх, хувцсыг нь нэхэж эхэлдэг ажээ. Хоёр хөл, гар, толгой гээд бүгдийг нь нэг нэгээр нь нэхэж дууссаны дараа холбоно. Хувцас бэлэн болсны дараа зориулалтын дүүргэгч хийнэ.
Энэхүү дүүргэгчийг нь харахад сентипонтой адилхан ч барьж үзэхэд арай зөөлөн мөртлөө нэг нэгээрээ салдаг бүтэцтэй байв. Ингээд нүд, үс зэрэг нарийн ажиллагаа шаардсан чимхлүүр ажлыг хийж дуусгаснаар нэг хүүхэлдэй бүтдэг юм байна.
Зарим үед дэлгүүрээс авсан нэхмэл тоглоомууд амархан урагдаж, угаах төдийд дүүргэгч нь шалчийх тохиолдол гардаг. Харин Ц.Анугийн нэхсэн тоглоомууд барихад хатуу, дүүргэлт сайтайгаас гадна зогсооход тэнцвэртэй, унахгүй байв. Энэ нь захиалагчдынхаа сэтгэлд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн хийх гэсэн хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүн ажээ.
Ц.Ану хүүхэлдэйгээ хамбан болон нэхмэлийн утсаар нэхдэг юм байна. Ингэхдээ элбэг байдаг хятад утас бус турк нэхмэлийн утсыг сонгодог гэж байв. Учир нь энэхүү утас үнийн хувьд арай өндөр ч чанарын хувьд хамгийн баталгаатай нь гэж байлаа. Зарим утас угаахад сунаж, сэмэрдэг бол турк утас ямар ч үед хэвээрээ хадгалагддаг давуу талтай гэнэ. Бүтээгдэхүүний хувьд хамбан утас нь арай бүдүүн учир харьцангуй хурдан гардаг ажээ. Ц.Анугийн захиалагчдын ихэнх хувийг охинтой ээж нар эзэлдэг гэнэ. Тэд охиддоо гэнэтийн бэлэг барих, төрсөн өдрөөр нь өгөх бэлэг хайхдаа Ц.Анугийн чихмэлүүдийг сонгодог юм байна. Мөн нэг удаа бүтээгдэхүүнийг нь авсан хүн эргээд заавал холбогдож, дахин захиалга өгдөг тухай ярьж байсан юм.
Анхны бүтээл нь зүү утасны хатгуур
Нэхмэл сарнай.
Хөдөлмөрч ээж Ц.Анугийн урласан бүтээгдэхүүн дотор нэхмэл сарнай байсан нь сонирхол татсан юм. Учир нь эмэгтэй хүн бүр цэцэг авах дуртай. Цэцэг бидний сэтгэлийг сэргээж, эрч хүч бэлэглэдэг шүү дээ. Харин таримал цэцэг хэдхэн цаг амьд байж, өнгө, үнэрээ гайхуулаад хагдарахад сэтгэл нэг л гунигтай болдог. Тэгвэл орчин үед иймэрхүү нэхмэл цэцэг трэнд болох болжээ.
Өнгө үзэмж сайтайгаас гадна хагдарч үхэхгүй, үргэлж хадгалах боломжтой гэдгээрээ онцлог юм. Нэг баглаандаа 12 ширхэгээр гардаг аж. Тиймээс хайртай хүнээ баярлуулахыг хүссэн хүмүүс нэхмэл цэцгийн баглааг сонирхох болсон байна.
Ц.Анугийн хамгийн анхны нэхсэн бүтээгдэхүүн нь зүү утасны хатгуур. Анх бүтээгдэхүүн нэхэж эхэлж байсан үе учир үүнд хоёр хоногийн хугацаа зарцуулжээ. Тэрхүү жижигхэн, дугуй хатгуураа одоог хүртэл өөрөө хэрэглэдэг гэж байв. Харин анхны захиалга нь босоо чихтэй, өхөөрдөм туулай. Тэрбээр өөрийн нэрийн бүтээгдэхүүн болсон энэхүү туулайг жилийн дотор 30 гаруйг урласан гэдгээ сонирхуулж байсан юм. Бүтээгдэхүүн гоё, цэвэрхэн болох нь нэхмэлийн чанга сулаас хамаардаг аж. Хэтэрхий сул нэхвэл сунаж, хэлбэрээ алддаг бол чанга нэхчихвэл дэндүү хатуу, уян хатан бус болдог ажээ. Тиймээс нэхмэлийнхээ тунг нь тааруулахад тухайн урлаачийн мэдрэмж, туршлага их нөлөөтэй байдаг юм байна.
Урлангаа нээх зорилготой
Гацуур модны чимэглэл.
Ц.Анугийн бүтээлээс хамгийн удаан хугацаа шаардсан нэхмэл нь гацуур модны зургаан хос чимэглэл ажээ. Эдгээр үлгэрийн баатруудыг 14 хоног уйгагүй сууж нэхсэн гэж байв. Энэхүү тоглоом нь шилэн, хуванцар биш учир эко гэж хэлж болохоор. Мөн эдэлгээний хувьд удаан. Учир нь хагарахгүй учир угаагаад л жил бүр гацуур модоо чимэглэх боломжтой юм. Үүнээс гадна хүүхдэд ямар ч аюулгүй. Ц.Анугийн хувьд бусад ээжүүдийн адил бага хүүхдээ харах, томыгоо сургуульд нь зөөхөөс эхлээд өдрийн ихэнх цагийг гэрийн ажилдаа зарцуулна. Тиймээс ихэвчлэн өглөө эрт эсвэл хүүхдүүдээ унтуулаад оройн цагаар бүтээлдээ төвлөрч суудаг ажээ. Ц.Анугийн хувьд энэ урлалдаа нэгэнт л сэтгэл зүрх, цаг хугацаагаа бүрэн зориулж байгаа учир ирээдүйд өөрийн урлангаа нээх зорилго тавьжээ. Бяцхан урландаа жижгхэн хүүхэлдэйнүүдээ сэтгэл амар хийхээс гадна өөртэй нь адилхан хүүхдээ хараад гэртээ сууж буй ээжүүдэд сургалт хийж, өөрийн чаддаг бүхнээ заахсан гэсэн гэгээн хүсэлтэй нэгэн. Учир нь өөрөөс нь тоглоом авдаг үйлчлүүлэгчид үргэлж түүнээс сургалт явуулах талаар асуудаг гэсэн юм.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хөөрхөн тоглоомууд байнаа улам хичээгээрэй