sonin.mn
Хөрөнгө Оруулагч Үндэстэн-2023 Форум энэ сарын 29-30-нд болж байна. Энэ хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний талаар ярилцлаа.
 
-Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форум 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Ард Санхүүгийн Нэгдлийн зорилго ард иргэд нийтээрээ хөрөнгө оруулагч болж, сайхан амьдралд уриалан ажилладаг. Энэ том зорилго өнөөдөр хир биелсэн гэж үзэж байна вэ?
 
-Бид 2013 оноос Монголын ард иргэд бүгд хөрөнгө оруулагч болж, улмаар хөрөнгө оруулагч үндэстэн болох ажлыг албан ёсоор санаачлан эхлүүлсэн байдаг. Харин 2015 оны сүүлээр энэ санаачилгаа нэлээд өргөн хүрээнд, далайцтай зарлаад ажиллаж эхэлсэн. Хэвлэх үйлдвэр, шуудангийн хувьчлалд оролцож, хувьцаагаа ч олон нийтэд хаалттай хүрээнд түгээж эхэлсэн. Тэр үетэй өнөөдрийн нөхцөл байдлыг харьцуулахад Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд гарч чадсан гэж дүгнэж болох байх. Үүнд “Ард Санхүүгийн Нэгдэл” өөрийн хувь нэмрийг оруулсан гэж харж байгаа.
 
Хөрөнгийн зах зээл идэвхэжсэн. Дээр, дооргүй хөрөнгийн захын ач холбогдлыг ойлгосон. Бодлого тогтоогчид төрийн компаниудын хувьчлал хөрөнгийн захаар явах ёстой, хувьчлал ил тод нээлттэй байх ёстой юм байна гэдгийг ухаарч, энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Компанийн засаглал ямар чухал юм бэ гэдгийг мөн л дээдэс, доодос сайтар ойлгож, төрийн компаниудын засаглалаар дорвитой арга хэмжээ авч эхэлж байна.
 
Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх Захирал хоорондын харилцан шүтэлцээ, хамаарал, мөн тус тусын эрх, үүрэг, хариуцлага, харилцан хяналт ямар байх талаар ойлголт дээшилж байна. Гагцхүү Төлөөлөн Удирдах Зөвлөлөө давж харилцдаг байдал төрийн компаниудын засаглалд харагддаг. Тухайлбал, би олон нийтийн компанийн захирал. Манайд хувьцаа эзэмшигчид байгаа ч хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагад шууд оролцохгүй шүү дээ. Төлөөлөн Удирдах Зөвлөлөө л сонгоно. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл харин надтай буюу гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж, хариуцлага тооцдог. Энэ ойлголтыг нээлттэй компаниуд, тэр дотроо төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Компанийн засаглалын энэ хамгийн эхний бөгөөд энгийн зарчмыг ойлгож хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
Хөрөнгийн зах зээл идэвхэжсэн энэ үед мөн банкуудыг олон нийтийнх болгох ажил явж байгаа нь өөрөө маш том эерэг үр дүнг авчирна. Хүмүүс сүүлийн 30 жил банкны төлөө л ажиллажээ гэж толгой сэгсрэн ярьдаг болсон байна лээ. Тэгвэл иргэд банкны салбарын энэ реформоор банкны эзэд болох боломжтой боллоо.
 
Энэ нь нийгэм, эдийн засагт сайн үр дүн үзүүлнэ. Миний байгуулсан ХасБанкны жишгээр бусад банкууд явах ёстой юм байна гэдэг ойлголт төрүүлсэнд би баяртай байгаа. 20 хувийн хязгаартай байя, Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудангийн жишгээр олон нийтийн хараа хяналтыг оруулъя гэдэг нь компанийн сайн засаглал, зөв жишиг юм. Манай компанийн хувьд Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй 10-аад нээлттэй компанийг өөртөө нэгтгэсэн гэдгээрээ хамгийн олон компаниудын нэгдэл юм. Мөн 100 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй болсон байгаа нь Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болж чадсаныг илтгэнэ.
 
Өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгө, үнэ цэнийг хамгаалах экосистемийг маш сайн бүрдүүлж чадлаа. Нурахгүй, нугаршгүй бүтцийг бий болгосон гэж харж байгаа. Санхүүгийн чиглэлээр ажилладаг гурван кластер байгаа бол нөгөө талдаа мэдээллийн технологи, Монгол Шуудан, UBX хөрөнгийн биржтэй боллоо. Олон нийтэд нээлттэй хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгож чадлаа.
 
ТэнГэрЛиг Медиа Нэгдэл гээд Монголын хоёр том телевизийг нэгтгэсэн сүлжээг хөрөнгийн зах дээр гаргаад хувьцаа нь нээлттэй арилжиж байна. Улс төр, бизнесийн явцуу эрх ашгаас хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлсэн нь үнэн зөв мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэдэг нэгэн шинэ сувгийг бий болгоод байна. МОСТ Финтек буюу бидний Мост Мони, Грэйп Сити Монгол гээд мэдээллийн технологийн чиглэлээр банк санхүүгийн салбарт үйлчилдэг компаниудыг олон нийтийнх болгож, цаашид ард иргэд, хөрөнгө оруулагчдын оролцоотой хөгжих боломжийг бүрдүүллээ. Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох ажил ийн цогц байдлаар хөгжөөд явж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн болох том зорилгодоо нэлээд ахиц дэвшил гаргаад, том зорилгодоо хүрээд яваад байна гэж ойлгож болно.
 
-100 мянга гаруй хувьцаа эзэмшигчийг эгнээндээ нэгтгэсэн том хөдөлгөөн болжээ. Иргэдийн оролцоог хангах, хөрөнгийн захын ойлголт мэдээллийг түгээх, тэдний итгэлийг олж авна гэдэг хамгийн чухал.
 
-Бизнесийн загвар, байгууллагын бүтэц, иргэд, харилцагчдадаа хандах хандлагаа өөрсдөөсөө эхэлж өөрчлөх хэрэгтэй юм байна гэж ойлгоод ажилласан. Манай үйлчлүүлэгчид хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар удирдлагадаа санал хүсэлтээ тавих тэр оролцоо боломжийг хангах үүд хаалгыг нээж өгсөн. Бид улирал бүр тайлангаа олон нийтэд нээлттэй тавьдаг. Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форумаараа дамжуулан жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ үйл ажиллагаагаа танилцуулж, мэдлэг, мэдээлэл түгээдэг ажлыг уламжлал болгон зохион байгуулаад долоон жил болж байна. Мэдээллийн түгээлтийг аль болох өргөн хүрээнд зогсолтгүй байдлаар явуулах үүднээс шинэ арга барилд суралцаж, туршиж, хэрэгжүүлж, гаршиж ажиллахаас гадна технологийн шинэчлэлд буюу инновац дээр суурилсан бизнесүүдэд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна.
 
Мөнгөний мөн чанар, санхүүгийн зуучлалын утга учир юу юм бэ, түүнийг арай үр ашигтай байлгах боломжтой юм уу, илүү шударга болгох шаардлага бий юу гэдэг дээр тойрч Крипто Үндэстэн Форумыг хийж, олуулаа тойрч ярилцсан. Мөнгөний түйвээлтийг хийх, түүнийг илүү хүртээмжтэй болгох, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах, санхүүгийн үйлчилгээний өртгийг бууруулж, хамрах хүрээг нь өргөжүүлэх тал дээр бид шамдан ажилласаар байгаа. Блокчэйн технологи ямар боломж олгож байгаа юм, Биткойн гэж юу юм, Монголчууд технологийн дараагийн давлагаанд хэрхэн яаж оролцох юм зэрэг асуудлыг дэвшүүлж, санхүүгийн зах зээл дэх шинэ инновац хөгжлийг Эх орон нэгтнүүддээ анхлан дуулган танилцуулж, өөрсдийнхөө оролцоог хангахын төлөө зорьж ажилласан. Үүний үр дүнд АрдКойн Монголд крипто хувьсгалыг эхлүүлсэн.
 
 
Алдаж оносон зүйл бий. Гэхдээ энэ технологи нь мөнгийг шинээр тодорхойлж байна. Олон Улсын Валютын Сан хүртэл төв банкны цахим мөнгийг гаргачихлаа. Хятад 5 жилийн өмнө туршаад эхэлчихсэн. Бразил, ОХУ, Хятад, Өмнөд Африк, Энэтхэг гэсэн BRICS гэгдэх таван улс нийлээд мөнгөн валют гаргаж ирэх гэж буй бол АНУ өөрийн гэсэн төв банкны цахим валюттай больё гэж ярьж эхлээд байна.
 
Харин миний зүгээс төв банкнаас, хэн нэгнээс үл хамаарсан мөнгө байх ёстой гэсэн санааг дэвшүүлж байгаа. Тэр утгаараа АрдМаанийгийн эзэмшигчид нь өөрсдөө саналаа өгч, мөнгөнийхөө нийлүүлэлт, үнэ ханшийг тогтооход оролцдог ажлыг хийж байна. Цаана нь ямар нэг банк, хэн нэгэн улстөрч байхгүй. Ханшны уналт, инфляцад идэгдээд байдаггүй, хүний хөлс хөдөлмөрөөр бий болгосон баялгийг хадгалж хамгаалж чаддаг мөнгөн валют ирээдүйд дэлхийд газар авч зонхилно гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэ хүрээнд Крипто Үндэстэн нэрэн дор сангийн хэлбэрээр 2017 онд ажиллаж эхэлсэн компанийг 2021 онд олон нийтийнх болгоод хөрөнгийн бирж дээр хувьцааг нь бүртгүүлсэн юм. Хөрөнгө Оруулагч Үндэстний философийн агуулга, ер нь хөрөнгө оруулалт гэх ойлголтын цаад утга нь мөнгөний үнэ цэн, хөрөнгийн өгөөжид оршино гэж ойлгож байгаа. Тэгвэл тэрхүү үнэ цэн, баялгийг илүү найдвартай хадгалах, хамгаалах зорилгоор шинэлэг, дэвшилтэт технологийн боломжийг бид Монголдоо анхлан эрэлхийлж, зоригтойгоор дайчилж нэвтрүүлсэн. Тэр нь бол АрдКойн юм.
 
АрдКойн бол блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын оноо юм. Борлуулалтыг тэтгэнэ. Борлуулалт нэмэгдэх тусад үнэ цэн нь өснө гэдэг маш энгийн токеномистой.
 
Дахиад хэлье - Хүмүүсийн мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлийг зарим нөхөд ашиглаж гоё зүйл ярьж, төөрөгдүүлж ирсэн. Харин бидний хувьд бол зөвхөн өөрийн хийж буй эрхэм зорилгын хүрээнд танилцуулсан төслүүдийнхээ хүрээнд хариуцлага хүлээнэ. Үүний дотор АрдКойн, АрдМааний, Ардын секюрити токен, IDAX, үүнийг цааш нь хөрөнгийн зах зээлтэй холбож UBX биржтэй уяад бодит өдөр тутмын хэрэглээнд оруулаад явна. АрдКойн нь өөрөө урамшууллын оноо. Хөрөнгө оруулагч болсны төлөө бид АрдКойн бэлэглэж байгаа юм. АрдКойноо эргээд зарахаар нь бид нөгөө талд нь буцаан худалдаж аваад дараагийн хүмүүст урамшуулал болгон өгдөг.
 
-Зах зээлд олон төрлийн койн гарч ирж, иргэдийг нэлээд хуйлруулсан. Иргэдийн хувьд зарим нь мэдлэгтэй хандсан бол нөгөө хэсэг нь хүмүүсийг дагасан хандлага харагдсан. АрдКойн бусдаас юугаараа ялгаатай онцлог вэ. АрдКойнд итгэх итгэлийн талаар та юу хэлэх вэ?
 
-АрдКойн өөрийн зурсан замын зураглалын дагуу явдгаараа явж байгаа. Таван жилийн өмнө санаачлан бий болгосон. Олон нийтээс мөнгө босгоогүй. Зөвхөн урамшууллын зорилготой. Хөрөнгө Оруулагч Үндэстэнд нэгдэж Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэсэнд өгч буй урамшуулал. Харин хүмүүс урамшуулалд цуглуулсан койноо зарж, ашиг хийж болно. Нөгөө талд нь бид худалдан авч дараачийн хүмүүст өгдөг. Блокчэйн технологи дээр тулгуурласан урамшууллын оноо. Үүнд ямар нэг маргаан үүсэхгүй. Монголд өнөөдөр нэг талд нь АрдКойн тэгээд нөгөө талд нь бусад койн Монголд байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ихэнхдээ хоосон төслүүд санаачлан ярьж, янз бүрийн юм амлаад хүмүүсээс мөнгө босгочихсон койнууд байгаа. Өнөөдөр тэдний анх амлаж гарч ирсэн үр дүн гарахгүйгээр төдийгүй босгосон мөнгө нь үгүй болоод, койны үнэ нь гарснаасаа доошоо орчихсон байгаа байдалтай байна. Энэ нь эдгээр төслийг санаачилсан залуусын, мөн криптовалютын ч буруу биш байх. Төр засгийг ч буруутгах аргагүй.
 
-Тэгэхээр хэн ч буруугүй гэсэн үг үү?
 
Залуучууд чөлөөт зах зээлийн орчинд тодорхой төсөл танилцуулаад хүмүүсээс мөнгө босгосон. Мөнгө босгох дээр хатуу байх ёстой байсан уу гэвэл би санал нэгдэнэ. Нөгөө талд төр хариуцлага хүлээхгүй шүү гээд олонтоо зарлачихсан. Та бүхэн ашиг хийвэл та бүхнийх, алдагдлаа ч та бүхэн өөрсдөө хүлээнэ шүү гэсэн утгыг дахин дахин илэрхийлсэн. Гэтэл иргэд АрдКойн шиг явах юм байна гэж бодоод АрдКойноо хаяад бусад койн руу явснаас болоод алдсан. Түүнээс үүдэн АрдКойны үнэ ханш ч унасан. Нөгөө талаас АрдКойныг хөөсрүүлж ашиг хонжоо хайсан хүмүүс дунд нь ажиллаад ханшийг өсгөөд, унагаад тоглочихсон. Бид үүнийг хянах боломжгүй. Үүнийг хэлэх хэрэгтэй. Харин АрдКойнд бүрэн итгэж болно гэдгийг дахин хэлье. Бид цаанаа том хэмжээний экосистем бүрдүүлчихсэн, тодорхой тооцоотой, эдийн засгийн үндэслэлтэй койн гэж анхнаасаа танилцуулсаар яваа. Өдөр бүр улам төгөлдөршиж байгаа экосистем. АрдКойн авбал дар гэж сануулдаг. Урт удаан хугацаанд хадгалах тусам үнэ цэн ороод алт шиг гялалзах болно гэсэн амлалт бид өгсөн. Ийм л энгийн зүйл.
 
Хөрөнгө оруулалт бол тэвчээр шаарддаг. “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн хувьцааг бидэнд итгээд хаалттай байхад нь авсан хүмүүс яаж ашиг хийж болдгийг бүгд харсан. Нөгөөтэйгүүр хөөсрүүлээд өндөр үед нь авчихсан хүмүүс эрсдэлд орж байгаа нь үнэн. Би хэлдэг шүү дээ - ханш нам дор, хүмүүсийн айдастай үед нь боломжоороо хөрөнгө оруулалт хийгээд авчхаж бай. Харин хүн бүр хошууран дайрч, зах зээл улаанаар эргэж байх үед хөрөнгө оруулалт хийх хэрэггүй, хойшоо суу гэж зөвлөдөг. 2021 оны эхний улиралд АрдКойны их халуурлын үед үнэтэй койн авчихсан хүмүүс алдагдалтай зараад гарсан байх магадлалтай. Нөгөөтэйгүүр түүнийг сааруулахын тулд бид бүхий л сувгаараа буцаан худалдан авалтыг хийж, АрдКойны уналтыг сааруулахаар ажилласны үр дүнд тэрхүү алдагдлыг нь хамгийн бага түвшинд тогтоож чадсан болов уу гэж харж байгаа –бид ханшийг өндрөөр тооцож буцаан авсаар ирсэн юм. Нөгөө талд нь зарсан, аль эртнээс бидэнд итгээд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн хүмүүс ашиг хийгээд гарсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол аль болох эрт л хий гэж сануулдгийн жишээ энэ юм. Өмнө нь надтай ХасБанкны хувьцааг урамшууллаар авсан хүмүүс өнгөрсөн хугацаанд ашиг яаж хийж болдгийг харсан байх гэж бодож байна–хөрөнгө оруулалт хийж байгаа бол урт хугацаанд хий гэдэг нь энэ. Тэгээд тэвчээртэйг л шагнадаг зах зээл юм шүү гэдгийг бас эндээс харж болно.
 
Өнөөдөр манай хувьцааны үнэ 3,500 төгрөгтэй байна. Хоёр жилийн өмнө 1,000 төгрөг буюу ёроолдоо хүрсэн хувьцаа өнөөдөр 3,500 төгрөг болж өссөн гэж би харж байгаа. Зарим хүмүүс түрүү жилийн 10 мянгаас уначихлаа гэж харж бас болох юм.
 
Цаг хугацааны өнцөг энд маш чухал үүрэгтэй байгаа биз? Миний хувьд хувьцаагаа ч, койноо ч тэр урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хардаг – миний тэтгэврийн сан гэх юм уу даа. Авдаг. Зардаггүй. Дардаг. Надад хэрэг болохгүй байлаа ч миний хүүхдүүдэд үлдэх өв хөрөнгө гэж итгэдэг. Анх бид АрдКойныг гаргаад үнэгүй тарааж эхэлсэн. Бирж дээр арилжаанд оруулсан. Анх гарангуутаа овоо өсөөд унасан. Хоёр жилийн өмнө нэг төгрөг хүртлээ унаад, хөөсөрсөн. Харин өнөөдөр 31 төгрөгтэй явна. Тэгэхээр урт удаан хугацаанд хөрөнгөө, нөөц бололцоогоо зөв харж явах хандлагад суралцах нь чухал байдаг. Урт хугацаанд үнэ цэнийг нэмэгдүүлээд явах итгэлтэй болсон үедээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж би хөрөнгө оруулагчдад захидаг.
 
- АрдКойны экосистем гэж ярьдаг, үүнийг та маш ойлгомжтойгоор тайлбарлаж болох уу?
 
Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хийсэн компаниуд АрдКойныг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгааг хэлж байгаа юм. Энэхүү экосистем нь өдрөөс өдөрт тэлж, хүч орсоор байгаа бөгөөд зөвхөн Ардын хамааралтай компаниудаас гадна гуравдагч компаниуд Ардын экосистемд нэгдэх хандлага бас нэмэгдэж байгаа юм. Бид мерчантуудыг элсүүлж, санхүүжилт хийн энэ тогтолцоогоо улам бүр өргөжүүлэх ажил дээр анхаарч байна.
 
-Хууль, эрх зүйн орчны тухайд Та юу хэлэх вэ? Сайн бүрдэж чадсан уу?
 
Эрх зүйн орчин бидэнд айхтар багадаад байсан зүйлгүй. Байгаа хуулийн хүрээнд хуулиа хэрэгжүүлээд мөрдөөд явах хэрэгтэй. Виртаул хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүст зориулсан хуулиа гаргачихсан. Цахим шилжилтийн хувьд төр нэлээд сайн ажиллаж байна. Э-Монголиа, Э-Баримт, ХурДан гэх мэт аппууд бидний амьдралд нэвтэрсээр байна - төрийн үйлчилгээ цахимжиж байна, цахим гарын үсэгтэй болчихлоо. Хувийн хэвшлийг, инновацыг боомилсон хууль, зохицуулалт хэрэггүй. Хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, эрсдэлээ ч хүлээгээд явах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж бодож байна. Чөлөөт сонголтын орчныг бий болгоод явах нь зөв. Инновац Монголыг аварна. Боомилж болохгүй. Тэгээд зоригтой, дорвитой хөдөлж сурах хэрэгтэй.
 
Өнөөдөр манай төв банк өөрөө цахим валют гаргаж болохгүй гэж би хувьдаа үздэг. Төв банк магадгүй хувийн хэвшилтэйгээ хамтраад монгол төгрөгийн стэйблкойн төсөл дээр хамтраад ажиллаж болно шүү дээ. Төв банкны валют шаардлагагүй. Төв банкны валют хувь хүний эрх чөлөөг боомилно. Би үүнд маш хатуу байр суурьтай байгаа. Хэрвээ гаргах тохиолдолд хувийн хэвшил, иргэний үндсэн эрх чөлөө хаагдаж, хэн хаана ямар мөнгө зарж, худалдаж авч байгаа дээр улс 100 хувийн хяналттай болчихно. Энэ нь ардчилсан чөлөөт зах зээлийг эрхэмлэсэн чөлөөт нийгэмд зохихгүй. Хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллаасай гэсэн бодолтой байгаа.
 
-Хөрөнгө Оруулагч Үндэстний цаашдын зорилго юу вэ?
 
Ард Санхүүгийн Нэгдэл зах зээл дээр ямагт анхдагч байж, шинийг санаачлан хийсээр ирсэн. Үүнийгээ хадгалаад явна. Надаас үл хамаараад бизнес цааш явна. Хөрөнгө оруулагчдадаа хамгийн өндөр ашиг шимийг өгөх цаг ирж байна гэж харж байгаа. Өөрийн дэд бүтцийг маш сайн босгосон. Өсөх дэвжих, тооны хувьд амжилт гаргах, хувьцаа эзэмшигчид ашгаа авах тэр цаг ирсэн гэж бодож байна.
 
Бид өнөөдөр хувьцаагаа “Бид Илүү Байж Чадна” аяны хүрээнд Монгол Улсын бүх хүүхдэд өгөөд эхэлсэн.1.3 сая хүүхэд. Аав, ээжүүд нь аваагүй бол аваарай гэж хэлье. Нэг талаас маркетингийн арга гэж харж байж болно. Нөгөө талаас нийгмийн хариуцлага. Хүүхдүүд төрсөн цагаасаа хөрөнгө оруулагч болоод явах ёстой гэж бодож байгаа юм. Бид өөрсдөдөө итгэлтэй байгаа. Манай 50 гаруй компанид Монголын бүх хүүхэд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна. Бидний ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө хийж, чадах зүйл бол энэ юм. Тиймээс хүүхдүүд бүгд багаасаа хөрөнгө оруулагч болж, Монголын ирээдүй баян чинээлэг амьдраасай гэж хүсэж байгаа юм. Үүний төлөө бидний оруулж буй хувь нэмэр энэ. Тийм ч учраас энэ удаагийн Форумынхаа моттог “Баян Монгол” гэсэн юм.
 
-Ард Санхүүгийн Нэгдэл бол олон нийтийн компани. Та удирдлагын багийг шинэ залуу үеийн төлөөллөөр бүрдүүлж, тэдэнд том итгэл хүлээлгэж чаддаг. Мөн ажилтнуудын дийлэнх нь идэр залуус байна. Хөрөнгө Оруулагч Үндэстний өнөөгийн амжилтын нууцын нэг нь энэ юм байна гэж харж болох уу?
 
Компанийг хүмүүс ажиллуулна. Хамгийн шилдэг, авьяас чадвартай, итгэлтэй, өөрийгөө баталчихсан залуусыг авч ажиллуулахыг хичээдэг. Залуу нас, ухамсарт амьдралаа ажилдаа, компанидаа зориулж буй гэдэг утгаар ажлын сайн орчин, сайн ажлын хөлс цалинтай, мөн өөрсдөө хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч байх ёстой гэж үздэг. Компани нь ч, ажилтнууд нь ч тэр аль аль талдаа шударга тэгш хандаад явахаар болж байна. Манайд тэрбумтан залуус бий. Тэд багийн гишүүн болоод ажиллаж байна. Тэд компанийнхаа зорилго, алсын хараа, мөн надад итгэдэг. Мөн миний сурсан мэдсэн, туршлагаас хуваалцаж, өөрсдийгөө хурцлаад, чадваржуулаад, дараа дараагийн том том ажил үйлсийг мөрөөдөөд явдаг байх гэж бодож байгаа. Би ч эдгээр залуусаасаа өдөр бүр суралцаж, урам зориг, эрч хүч авсаар ирсэн. Энэ нь урт удаан хугацааны түншлэлийг бий болгож байна. Манай 45 компанийн Удирдах зөвлөлд гэхэд 200 гаруй хүн гишүүнээр ажиллаж байна шүү дээ. Маш том хамтын бүтээл. Ард гэдэг нь хаан, ноён биш. Ард гэдэг нь бид бүхнийг хэлнэ. Нийлнэ, нэгдэнэ, бүтээнэ. Хувьцаа эзэмшигчид, компаниараа, багаараа нийлээд Хөрөнгө Оруулагч Үндэстнийг бий болгож байгаа юм.
 
2016 оны үед би нэг сэтгүүлд хөрөнгийн зах зээлийн оргилд нь өөрийнхөө тугийг мандуулна гээд ярьж байсан. Би тугаа мандуулчихсан болов уу гэж бодож байна.
 
1998 оноос эхлээд би ганцаараа баян болоод, манай үр хүүхдүүд баян чинээлэг амьдраад яах юм бэ гэж асуудлыг дэвшүүлсээр ирсэн. Бусад хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ. Нийгмийн байдал, тоос тортог, утаа, түгжрэл, бухимдалтай байгаад байвал улс хөгжихгүй. Тэгэхээр бусдыгаа дээш татаж, хамтдаа өсөн дэвжиж, чинээлэг амьдралтай болохын төлөө зорих ёстой гээд ХасБанкийг үүсгэн байгуулж, жижиг зээл олгож эхэлж байсан. Хүмүүс ажилтай, орлоготой байх ёстой гэж ярьсан байдаг. Өнөө ч 25 жилийн турш энэ сэдвээ залхахгүй ярьж, ярилцлага өгсөөр л байна. Яриад, түүнийхээ төлөө уйгагүй ажиллаад байх нь нөлөө өгдөг юм билээ. Хэдэн жилийн дараа харахад миний ярьсан зүйлс, санааг аваад хэрэгжүүлсэн, ажил хэрэг болгосон, эсвэл миний ярьсныг илүү олон хүн ярьж, санааг давтаад байхаар эерэг нөлөө, үр дүн гараад байдаг юм байна гэж би харж байна.
 
Сошиал инфлүэнсэр гэж хүмүүс намайг ярьдаг. Би өөрийгөө тэгж нэрлээгүй. Өөрийн үзэл бодлоо бусадтайгаа хуваалцаж бичихээр нөлөө шууд гардаг байдал харагддаг. Тэр утгаараа хүн бүр өөрсдөө нийгмээ хөгжүүлэн цогцлооход оролцож, сайн сайхны төлөө нэгэн зүгт зүтгэх ёстой юм байна. Улстөржилт, хэрүүл уруул бага байх ёстой юм байна. Бүтээлч яриа өрнүүлдэг, бүтээлч хүмүүсийг сонсдог, хүлээж авдаг, үнэн зөвөө ололцоод хийчихдэг байх ёстой юм байна.
 
-Хөрөнгө Оруулагч Үндэстэн-2023 Форум энэ сарын 29-30-нд болох гэж байна. Та Форумын оролцогчид болон иргэдэд хандан юу хэлэх вэ?
 
Бидэнд итгээд ороод ирчихсэн хүмүүс одоо ашиг шимээ хүртэж эхлэх ёстой. Хөрөнгө Оруулагч Үндэстэнд орж, нэгдсэн бүх л хүмүүстээ баярлалаа. Орж амжаагүй бол заавал нэгдэж нийлээрэй. Бидний хийж буй ажилтай сайн танилцаж судлаарай. Дэмжээрэй. Итгэл байвал зүтгэл байдаг гэж ярьдаг. Үүнийг бид утгаар нь хийж чадаж байгаа шүү. Айхавтар их хүлээлгүй, нэгдэж нийлээд хамт яваарай гэж хүсэж байна. Үр хүүхдэдээ хувьцаа аваарай. АрдКойныг авч дараад хэд болохыг нь хараарай. Бэлэглэж буй учир алдах зүйлгүй.
 
Ирээдүйн Саятан хадгаламжийг ХасБанкинд байхдаа нэвтрүүлж байсан. Ирээдүйн Саятан хүүхдүүд манайд ажиллаж байна. Хаана ч очоод лекц уншаад Ирээдүйн Саятан залуус байна уу гэхээр танхимын оролцогчдын тал нь гараа өргөдөг. ХасБанкинд өнөөдөр хүртэл 200 мянган Ирээдүйн Саятан данс эзэмшигч байдаг юм билээ.
 
Монголын ирээдүйд би итгэдэг. Сохроор итгэх бус гэрэлтэй гэгээтэй амьдрахын тулд хамтдаа нэгдье, хийе гэж уриалаад байгаа юм. Хөрөнгө Оруулагч Үндэстэн бол үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Аливаа нийгмийн сайн сайхны эхлэл хүний доторх сэтгэлийн өөрчлөлт, амьдралын үнэт зүйл, хандлагаас эхэлдэг гэдэгт би итгэдэг.
 
 
Эх сурвалж: Mongolian Economy