sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, “Гроші” нийгмийн сүлжээ сайт, оросын “Дождь” ТВ-ийн “Здесь и сейчас нэвтрүүлэг, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, оросын зохиолч Альфред Кох, оросын блогер Сергeй Герасименко, Төрийн Думын гишүүн асан Борис Надеждин, украины бэлтгэл хурандаа Олег Жданов, Роман Свитан нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Фронтын дайн болж байна, бас мэдээллийн дайн болж байна гэж дэлхий нийтээрээ үздэг. “Мэдээллийн” гэдэгт илүү ач холбогдол өгөх гээд байгаа нь зориудын явууллага юм. Учир нь оросын улс төрчид, суртал нэвтрүүлэгчдийн ярьдаг хэлдэгийг сонсвоос зөвхөн өөрсдийгөө зөвтгөх, ял шийтгэлгүй мултрах тал руугаа явж байх шиг. “2.24”-нд анх халдаж орсон нь зөв үйл хэрэг байсан гэдэгтээ нотолгоо баримт олох, нотолгоожуулахыг Кремль хичээнэ. “II эх орны дайн эхэллээ” гэж Д.Медведев зарласан нь “1941 он”-ыг эргэж Орост амилуулж Оросын ард түмнийг бүхэлд нь босгох хүсэл нь. “Сатанизмын  нэгтгэсэн 50 улс Оросын эсрэг байлдаж байна” гэж В.Соловьев зурагтаар ярив. Донбассыг яргалаад байна гэж 8 жил тасралтгүй ухуулга хийж үзэн ядуулаад хөдөлгөсөн нь одоо инээдэм доог болсон.
 
Харин “2.24”-нд гуравхан хоногийн дотор Киевийг “чөлөөлнө” гээд байсан улс одоо Москвагийнхаа байшингуудын оройд (ялангуяа БХЯ, ДЯЯ гэх мэт) агаараас эсэргүүцэн хамгаалах “Панцирь-С1” гэх пуужин, радар байрлуулсантай харьцуулж үзвэл стратегийн санаачилга хаашаа эргэж байна вэ? 
 
 
Оросууд тийм аюулаас айхгүй, итгэхгүй байна. Эрх баригчдынхаа шогтож байгааг оросууд мэдэж мэдэрч байна. Украинд бүтэлгүйтээд ард түмнээсээ дэмжлэг авах гэж Москвагийн байшингуудын дээвэрт зенитийн пуужин байрлуулсныг оросууд ойлгохтойгоо. Бүр энэ жүжиг хэзээ зогсдог бол гэсэн царайтай. Нэг үгээр оросуудаа юугаар ч айлгах гээд цаадуул нь итгэхгүй, дэмжихгүй, сэхээтнүүд нь далдуур доог хийнэ. Донбассын БХЯ-ны сайд асан оросын хурандаа Гиркиний онож хэлснээр оросын цэргүүдэд амиа үл хайрлан тулалдаж үхэх мотивац алга. Хүний нутагт очиж үхэхгүй гэсэн нь олон байна. Украиныг ялна, буулгаж авна гэдэгт итгэдэг орос хүн эрс цөөрсөн, Кремльд ч итгэдэг хүн бараг байхгүй.
 
Крым ба Донбассыг Украинд эргүүлж алдахгүй барьж байна гэхэд дор хаяж нэг сая мэргэжсэн цэрэг хэрэгтэй, гэтэл тийм хүч нөөц, боломж, мөнгө Орост алга. Украин нь 1991 оныхоо хил хязгаарыг эргүүлж тогтооно, 2023 оны хавар зун тохиож магад, харин Оросын империализмтэй тэмцэх нь цаашаа 10  жил ч үргэлжилж мэднэ хэмээн цэргийн шинжээчид үзэж байна. 
 
Ер нь энэ дайныг хэрхэн явуулах вэ гэсэн ойлголт Путинд алга, иймээс хоёр туйл руу үсчин туйлширна. Оросын армийн удирдлагыг байнга халж солино, армид “зеки” гэх эрүүгийн ялтнуудыг элсүүлж байлдуулна. Вагнерын туршлагаар бол, шоронгоос бүх ялтан залхтал шоронгийн нөхцлийг хэргээр хүндрүүлнэ. Өвчин тахал, хүнд нөхцөл гэх мэт. Шоронгоос залхсан ялтнууд Украин руу байлдах ЧВК-д элсэн явна, махан таташ болж хүний махан овоо босгоно. Тэдний араас нь хэн ч харамсахгүй, нөхөн төлбөр төлөхгүй, оршуулгад зардал гарахгүй. Харин “Зеки” 50 мянгыг шоронгуудаас элсүүлж байлдуулаад 10 мянга нь амьд үлдсэн ба хэдийгээр хоригдол ч гэсэн хүндэлгэлтэй оршуулсангүй гэх гомдлыг “Русь сидящая” гэдэг байгууллагын дарга Ольга Романова гомдоллон ярив. “Зеки” дахин олдохгүй, оросууд хөлсөөр явахгүй, тэгэхлээр нь ядуу буурай гадаад орнуудаас хөлсний цэрэг элсүүлэх болжээ. Африкаас элсэгдэх магадлал байна.
 
Ганц барууны, америкийн тагнуулын алба биш даян дэлхийн бараг бүх тагнуулын албад Орос-Украины дайныг ажиглан судалгаа дүгнэлтээ хийнэ. Нэгдсэн гэж хэлэхээр ганц дүгнэлт байна. Орос нь анхлан Украин руу довтлон орсон тэр их хүчээ үндсэндээ устгуулаад дууссан ба “2.24”-ны цэргээс үлдсэн нь бараг байхгүй, офицерууд тоотой үлдсэн, хаана яваа нь мэдэгдэхгүй болсон, 15 генералаа алуулчихсан гэхийг бодохул “2.24”-ны цэрэг дайчдаас тахир татуу, тэргэнцэртэй хэдийг эс тооцвол үлдсэн гэх шинж тэмдэг бараг байхгүй. 
 
Оросын  командлал дотор хагарал гарсан байж мэдэхээр боллоо. Суровикин, Герасимов хоёр бол ээлжит оньсого. Пригожин бүр ч оньсого. Суровикин нь анх командлагч болж байхдаа 2023 оны 2 дугаар сарын 1 гэхэд оросын армийг давшуулаад Киевийн босгон дээр авааччихна гэсэн нь үлгэр болсон. Oросын арми оперативын мухардалд орсон, томхон давшилт хийвэл бутцохиулчих гээд. Хоригдлуудыг галын шугам руу хөөж оруулдаг тоо нь дууссан. Евгений Пригожин амны зоргоор генералуудыг хараана. Герасимов ба түүний дайчин генералуудыг “өчүүхэн муу алиалагчид” гэж доромжлов. Герасимовыг нэг өдөр хэнээр солихыг хэн ч мэдэхгүй.
 
Энэ дайндаа Орос ялагдал хүлээхээр үл барам ОХУ-ын ирээдүй хэрхэх талаар европын  аналитикууд олон сценар төсөөлжээ. Энэ тухай оросын зохиолч А.Кох эш татан ярьж байна. Европын парламентын дэргэдэх дүн шинжилгээний алба гурван сценар олж харжээ. Эхнийх нь–энэ бол хатуу харгис тоталитаризм, хатуу харгис репресс, дайны цагийн байдал ба шинэ дайчилгааны давалгаа байх; хоёр дахь зохиомж–энэ нь Орос коллапс болох, цэргийн ялагдал, эдийн засгийн хямрал байх болно; гурав дахь нь–энэ бол Орос орон тарж бутрах, эрх мэдлийн вакуум үүсэх явдал гэжээ. Ямраар нь ч бодсон Орос өөдлөхгүй юм байна гэсэн дүгнэлт хийхээр байна. 
 
 
“Рамштайн-8” уулзалтад Пентагоны тэргүүн ярьжээ:–Путин 11 сарын тэртээ ийм балмад гэнэтийн халдлага үйлдэхдээ Украиныг зүгээр л ялагдчихна, дэлхий дахин түүнийг нь зүгээр л ажиглана гэж тооцоолжээ. Гэтэл Путин украины ард түмний эр зоригийг тооцоолсонгүй, украины цэргийнхний ур чадварыг тооцоолсонгүй, дэлхийн хамтын нийгэмлэг  Украины талд зогсоно, дэмжинэ гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин бүр ч олж харсангүй. Эдүгээ Украины шийдвэрлэх цаг үе, дэлхий дахины хувьд шийдвэрлэх 10 жил тулгарлаа. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бид Украины өөрийгөө батлан хамгаалахад туслах болно гэдэгт бүү эргэлзэгтүн!–ноён Л.Остин хэлжээ.
 
Украины хотуудыг бөмбөгдөж пуужиндаад украинчуудын эр зоригийг мохоож чадсангүй. Харин ч украины ард түмэн дэлхийг сэрээлээ, зоригжууллаа. Зэрэгцээд Орост сум гал  хэрэгсэл шавхагдаж байна. Орос асар их хохирол амслаа. Түрэмгийллээ дэмжүүлэхээр багагүй улс орон түншүүддээ Орос хандсан боловч Иран, Хойд Солонгосоос өөр дэмжлэг хүлээж чадсангүй, зүгээр л харьцуулаад үз,  Украиныг дэмжиж байгаа улс орнуудын өргөн давалгаа, энэ танхимд сууцгааж байна. Орос нь сум галт хэрэгслийн нөөцөө дуусгаж байна, Иран, Хойд Солонгос Орост туслаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй, гэхдээ далдуур сум галт хэрэгсэл нийлүүлж худалдаж байж магад гэж Л.Остин ярьжээ.
 
Пентагоны тэргүүн ийм мэдэгдэл хийхтэй давхцуулаад Вашингтонд оросын ЧВК Вагнерыг үндэс дамнасан гэмт хэргийн байгууллага хэмээн бүртгэв. Е.Пригожинд АНУ маш том хориг тавихын сацуу гэмт хэргийнх нь төлөө баривчлах эрхээр хангагдлаа. ЧВК маягийн өөр бусад олон хувийн цэргийн компаниуд бүгд гэмт хэргийн бүлэг болж тооцогдох байх. Тэд Украинд хичнээн мундаг байлдаад гэмт хэрэгтнүүд гэсэн хаягтай боллоо.
 
Оросын блогер Сергeй Герасименко цөхрөлөө илтгэн бичжээ. Орос хэн бэ гэдэгт хариулт өгчээ. “Алдар гавьяагүй  спортсменууд, мөрдэсгүй цэргүүд, нэргүй булшнууд, эцэггүй хүүхдүүд, оршин суугчгүй орон сууцнууд, үзэл санаагүй тархинууд, хүнгүй хотууд, сонголтгүй сонгуулиуд, байр суурьгүй сөрөг хүчнүүд, ойлголтгүй банди нар, урсдаггүй байгалийн хий, ой модгүй тэгсэн мөртлөө Хятадьтай, тархигүй тэгсэн мөртлөө Чеченьтэйгээ, тэтгэвэргүй тэгсэн мөртлөө Крымтэйгээ, талхгүй давс, энх тайвангүй амьдрал–энэ бол Орос орон мөн гэжээ.
 
Төрийн Думын гишүүн асан, улс төрч, эрдэмтэн Борис Надеждин оросын НТВ сувгийн “Место встречи” ток-шоугаар ярьж байна:–Цаг үе Оросын эсрэгээр эргэлээ. Тэр ч байтугай Путин өөрөө хүртэл гаргасан шийдвэртээ харамсаад сууж байна. Сангийн яамны дэргэдэх Үндэсний сайн сайхны фонд бүх мөнгөө барсан, худалдан авах чадвар алга! “Ялж болноо. Гэхдээ бүрэн хэмжээний дайн хийнэ. Жинхэнээсээ дайчилгаа явуулна. Хэдэн сая орос эрчүүдэд буу бариулна. Улс орноос гаргахгүй хилээ хаана. Эдийн засгаа дайны байдалд шилжүүлнэ. Тэгээд аймшигтай хохирол амсана. Аймшигтайгаар сөнөөж нураана. Нөхөд өө сонсогтун, ингэх нь бидэнд хэрэгтэй гэж үү?”- Надеждины цөхрөлийн үгс! 
 
 
Төгсгөлд нь оросын “Дождь” ТВ-ээр яригдсан ноцтой мэдээлэл. ЧВК нь шоронгийн ялтнуудыг элсүүлэн галын шугам руу явуулж байгааг Кремлиэс анх удаа хүлээн зөвшөөрөв. Гэхдээ анхааруулжээ. Украины фронтоос эсэн мэнд эргэж ирсэн цэргийнхэн элдэв төрлийн зэвсэг, буудлагын гар буу, АК, гар гранат нууж Орос руу авч орж ирсэн, согтуудаа хүн амьтан айлгасан, заналхийлсэн, тийм хэргээр 42 орос цэрэг ял сонссон гэв. Хувьдаа зэвсэглэсэн олон мянган орос иргэн Орос даяар тархах юм биш үү?
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь