sonin.mn
Сүүлийн үед цахим орчинд Озон эмчилгээний талаар сөрөг мэдээлэл гарах болсон. Үүнийг дэвэргэх мэт "Озон эмчилгээний эмнэл зүйн удирдамж, зааврыг ЭМЯ-наас гаргаагүй" гэж салбарын яам мэдээлсэн нь энэ эмчилгээг  хийлгэж ирсэн хүмүүст эргэлзээ төрүүлээд байна. Тиймээс Монголын Озон, эмийн бус эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн Ц.Мөнхтуяатай ярилцлаа.
 
-Монголын Озон, эмийн бус эмчилгээний нийгэмлэг хэзээ байгуулагдсан бэ?
 
-Олон улсад хэрэгжиж буй Озон эмчилгээний стандартыг Монгол Улсдаа хэрэгжүүлэн хүн бүрийг өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх хэв маяг, дадал зуршилд уриалан дуудах, хөгжин өргөжиж буй эмийн бус эмчилгээг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2017 онд анх байгуулагдсан.
 
Энэ зорилгынхоо хүрээнд олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн Озон эмчилгээний нийгэмлэг (WFOT-World Federation of Ozone Therapy), Олон улсын озон эмчилгээний шинжлэх ухааны нийгэмлэг (ISCO3–International Scientific Community of Ozone Therapy), Aмерикийн озон эмчилгээний нийгэмлэг (American Academy of Ozone Therapy), Испаны озон эмчилгээний нийгэмлэг (AEPROMO), Оросын озон эмчилгээний нийгэмлэг (IMOEF) зэрэг нийгэмлэг холбоодтой хамтран ажилладаг.
 
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Олон улсын Озон эмчилгээний эмч нарын нэгдсэн хурал зөвлөгөөнд бид хоёр удаа оролцож Монгол Улсдаа хийгдэж байгаа Озон эмчилгээний үр дүнгийн талаарх судалгаагаа хэлэлцүүлсэн.  
 
-Сүүлийн үед цахим орчинд гараад байгаа мэдээллүүд болоод ЭМЯ-ны мэдэгдлийн талаар ямар хариулт хэлэх бол?
 
-Цахим орчинд Озон эмчилгээний талаар ямар ч ойлголтгүй хүмүүс анх мэдээллийг гаргаж маш буруу, нэг талыг барьсан өрөөсгөл ойлголтыг түгээж байгаа нь харамсалтай. Жишээлбэл, АНУ-д энэ эмчилгээнд хориг тавиагүй, харин зарим нэг мужуудад хориглосон байдаг. Америйн Озон эмчилгээний нийгэмлэг хүртэл байгаа шүү дээ. Энэ эмчилгээг зөв аппарат ашиглаж, зөв тун хэмжээгээр нь хийвэл үр дүнтэй эмчилгээ гэдгийг судлаад олон улсад баталсан.
 
-Цус озонжуулах эмчилгээний стандарт гэж байдаг байх. Энэ стандартыг эмнэлгүүд мөрдөж ажилладаг эсэхэд хаанаас хяналт тавьдаг юм бол?
 
-Озон эмчилгээний стандартыг 2004 онд эфферент эмчилгээний стандартын нэг бүлэг болгон баталсан ч энэ нь олон улсад бол хоцрогдсон стандарт. Дэлхий дахинд 2010 онд анх Мадридын тунхаг нэртэйгээр олон улсын эмч мэргэжилтнүүд нэгдэн хуралдаж батлан гаргасан эмчилгээний удирдамж байдаг. Үүнээс хойш таван жил тутамд бүх орны эмч мэргэжилтнүүдийн санал шүүмжийг нэгтгэн шинэчлэн баталдаг болсон. Одоо бид эмчилгээндээ 2020 оны гуравдугаар сард батлагдсан удирдамжийг ашиглаж байна.
 
Монгол Улсын стандарт нэгэнт шинэчлэх шаардлагатай болсон тул бид Олон улсын эмчилгээний удирдамжаа баримталдаг. Харин энэхүү удирдамжийг Озон эмчилгээ хийж буй бүх эмнэлгүүд дагаж мөрдөхгүй байгаа нь харамсалтай. Манай нийгэмлэгээс бүх удирдамжуудаа монгол хэл дээр орчуулан эмчилгээний арга тус бүрээр нь нарийвчлан гаргаж өгсөн.
 
Нийгэмлэгийн зүгээс эмч нарын дунд Озон эмчилгээний сургалт явуулж, шалгалтандаа тэнцсэн тохиолдолд эмчилгээнд ашиглах аппарат тоног төхөөрөмж нь шаардлага хангаж байвал суурь мэдлэг олгосон гэсэн сертификат, эмчилгээний гарын авлага, удирдамжуудыг нь өгч төгсгөдөг. Гэхдээ зөвхөн манай сургалтанд биш олон улсын сургалтанд суусан эмч мэргэжилтнүүд ч бий. Тэд бүгд л олон улсын Мадридын тунхаг бичгээ баримталж ажилладаг.
 
Анх Озон эмчилгээг Монголд нэвтрүүлж байх үед үйлчлүүлэгчид байтугай эмч нар ч сайн мэддэггүй байсан. Харин сүүлийн үед ялангуяа ковид гарсны дараа озон эмчилгээний үр дүнг эмч нар төдийгүй ард иргэд мэдэрч, хийлгэх нь ихэссэн. Сайны хажуугаар саар гэгчээр чанарын шаардлага хангахгүй аппарат тоног төхөөрөмж, шаардлага хангахгүй нэг удаагийн хэрэглэгдэхүүн, эмнэлгийн бус орчин нөхцөлд, мэргэжил дээшлүүлэх Озон эмчилгээний сургалтанд хамрагдаагүй эмч мэргэжилтнүүд хийж эхэлсэн. Тиймээс 2018 оноос хойш удаа дараа ЭМЯ-нд албан бичиг хүргүүлж, ийм эмнэлэг, эмч нарт хяналт тавьж, цэгцэлж өгөхийг хүссэн. Гэвч дорвитой хариу авч чадаагүй. Гэтэл саяны хэл амны дараа ЭМЯ Озон эмчилгээний стандарт удирдамж байхгүй мэтээр мэдэгдэл гаргасан нь харамсалтай.
 
-Цус озонжуулах эмчилгээний онцлог, давуу тал нь юу вэ. Ковидын дараах хүндрэл, цус өтгөрөлтөнд хамгийн сайн үр дүнтэй гэж байсан?
 
-Озон эмчилгээ нь эмийн бус эмчилгээний төрөл. Хүчилтөрөгчийн гурван молекулт атомыг эмчилгээний зорилгоор ашиглаж байгаа хагас задралын хугацаа маш богино нэгэн төрлийн хий. Озон нь хүний биед хамгийн түрүүн антиоксидантийн үүрэг гүйцэтгэхээс гадна хүний биеийн хамгийн жижиг хэсэг болох митохондрийг идэвхижүүлж энергийн эх үүсвэрийг бий болгож, дархлааны үйл ажиллагааг зохицуулагч цитокинуудын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Ийм учраас озон эмчилгээ нь биеийн бүх эд эсийг сэргээж бие махбод ажиллах ёстой дээд хэмжээгээрээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Энэ утгаараа бүх бие махбодыг цогцоор нь эрүүлжүүлж чаддаг эмчилгээ.
 
Ялангуяа бүх төрлийн архаг хууч өвчинд үр дүнтэйгээс гадна биеийн дархлааг тогтворжуулж өгдөг. Нэг үгээр хэлвэл озон нь хүний биеийн өөрийнх нь физиологын үйл ажиллагааг маш сайн дэмжиж өөрөө өөрөөр нь эдгэх нөхөн сэргэх процессийг бий болгодог.
 
Мөн бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй тул ковидын үед үр дүнтэйг нь олон улсад баталсан. Ковидын үед төдийгүй Long Covid буюу ковидын дараах шинж тэмдгийн үед хүний биеийг хүчилтөрөгчөөр хангах, цусны эргэлтийг сайжруулах, судасны дотор ханыг цэвэрлэх өөх тос ховхлох, ядаргааны эсрэг, дархлаа дэмжиж байна.
 
-Цахим орчинд бичээд байгаатай адил хүний амь насанд хүрэхээр, хүүхдэд хийж болохгүй сөрөг нөлөө бий юу?
 
-Мэдээж ямар ч эмчилгээ буруу хийвэл сөрөг нөлөөтэй. Тэр ч байтугай ус уухдаа хүртэл зөв ууж, хэмжээг нь тааруулахгүй бол хор болдогтой адил энэ эмчилгээнд хүртэл эмчилгээний стандарт (тун хэмжээ, хийх арга аргачлал) гэж бий. Түүнийг нь ч Мадридын тунхаг дээр тов тодорхой заасан байдаг. Эдгээрээс аль нэг нь алдагдсан тохиолдолд гаж нөлөө илрэх магадлалтай. Гэхдээ одоогийн байдлаар дэлхий дахинд илэрсэн маш хүнд хэлбэрийн хүндрэлийн гурван тохиолдол бүртгэгдсэн байдаг. Нэг нь буруу аргачлал ашигласан, тунгаа буруу тооцсон.
 
Монголын хувьд цахим орчинд бичээд байгаа хүний амь насанд хүрсэн тохиолдол нь яг юунаас болсон, ямар арга аргачлалаар, ямар тунгаар хийсэн хэн хийсэн талаар бидэнд мэдээлэл алга. Яг Озон эмчилгээнээс болсон уу, үгүй юу гэдгийг шүүх эмнэлэг дүгнэж шүүхийн шийдвэрээр эцэслэх байх.
 
Хүүхдийн тухайд бол Озон эмчилгээг хийх олон арга байдаг. Түүний нэг нь шулуун гэдсээр озонжуулах арга юм. Энэ нь хүүхдэд маш тохиромжтой. Шулуун гэдсэнд маш олон капилиар (хялгасан судас) судсууд байдаг бөгөөд тэдгээр нь шууд элэгний портал венд очиж нийлдэг тул судсаар хийсэн эмчилгээтэй үр дүнгийн хувьд ижилд тооцогддог. Мөн хүүхдийн шулуун гэдсэн дэх хэвийн бичил биетүүдийг идэвхжүүлж өгснөөр төрөлхийн дархлааг нь дэмжиж өгөх давуу талтай. Гэхдээ эмч хүүхдээ үзээд өөр боломжит аргуудыг зөвлөж ч болно.
 
-Озоны эмчилгээг дэлхийд анх 100 жилийн өмнөөс туршиж үзсэн боловч одоо хэр нь баталгаатай гэх албан ёсны зөвшөөрөл байдаггүй гэж үнэн үү?
 
-Озон эмчилгээг анх 100 гаруй жилийн өмнө дайны үед эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Гэхдээ 2010 оноос хойш шинжлэх ухааны түвшинд судалгаа шинжилгээнүүдийг хийж эхэлсэн бөгөөд 2014 оноос генийн түвшний судалгаа, биохимийн үйлчлэх нөлөөлөл, механизм зэргийг нарийвчлан судалж олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд үр дүнгүүд нь нийтлэгдэж эхэлсэн. Тэр ч байтугай Озон эмчилгээгээр магистр, докторын зэрэг хамгаалах хэмжээнд хүртэл нарийн судлагдаад байгаа эмчилгээний нэгэн арга.
 
Одоогоор дэлхий дээр 14 улс тодорхой хэмжээгээр хуульчлан баталж улс болон хувийн хэвшлийн эмнэлгүүддээ ямар аргаар, хэн хийх зэргийг нь тодорхой заагаад өгчихсөн байгаа. Үүнд, Грек, Орос, Украин, Испани, Бразил, Италь, Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улс, Оманы султанат, Португал, Куба, Мексик болон Венесуэл улсууд ордог.
 
АНУ-д FDA-ээс хараахан Озон эмчилгээ хийхийг хүлээн зөвшөөрөөгүй ч тус улсын health freedom law үйлчилдэг мужуудад зөвшөөрсөн байдаг. Тийм учраас Америкийн озон эмчилгээний академи (American Academy of Ozone Therapy www.aaot.us) байдаг бөгөөд манай байгууллага гишүүнээр элссэн. Эдний веб хуудсаар гишүүнээр нь элссэн дэлхийн аль ч орны Озон эмчилгээний эмч нарыг хайх боломжтой. Тэгэхээр энэ нь 100 хувь хорьсон биш одоогоор судалгааны шатандаа явж байгаа гэсэн үг.
 
-Озон нь аюулын өндөр түвшний бодисын ангилалд багтдаг учраас эмчилгээнд хэрэглэх нь буруу. Хүний бие махбодод хорт хавдар үүсгэдэг мутагеник нөлөөтэй радикалууд үүсгэдэг гэх мэт мэдээлэл сошиалаас уншсан. Үнэн бол эмчилгээ гэх нь бүү хэл хор гэсэн үг биз дээ?
 
-Озон нь түрүүн хэлсэнчлэн хүчилтөрөгчийн гурван молекульт атом бөгөөд маш хурдан задраад хүчилтөрөгч болон хүчилтөрөгчийн дан молекул болчихдог. Тийм учраас маш хүчтэй исэлдүүлэгч гэсэн үг. Харин үүнийг нь зөв ашиглавал эмчилгээний асар өндөр ашиг тустай. Гэхдээ энэ эмчилгээг үндсэн эмчилгээнд бус нэмэлт эмчилгээ гэсэн ангилалд авч үздэг. Жишээлбэл, сахарын шижингийн эмчилгээнд үндсэн эмчилгээн дээр нэмэлтээр Озон эмчилгээг авч байж үр дүнг нь  нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, бактер вирус мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй ч антибиотик шаардлагатай үед хавсраад хийвэл эмчилгээ цогц болно. Хорт хавдар үүсгэдэг мутаген үүсгэхгүй, харин ч зарим нэгэн хавдрын үед үр дүнтэйг нь баталсан маш олон судалгаанууд байдаг. Хамгийн энгийн үгээр хэлэхэд хүний биед хүчилтөрөгч дутагдахаар л хавдар үүсэх эрсдэл үүсдэг гэдгийг баталж гаргаснаараа Германы эрдэмтэн Отто Варбург Нобелийн шагнал хүртсэн байдаг.
 
-Бидэнд яагаад Озон эмчилгээ хэрэгтэй юм бэ?
 
-Хүчилтөрөгч нь хүний биеийн эрүүл байх гол үндэс нь бөгөөд Озон нь хүчилтөрөгчийн өндөр идэвхит нэгдэл. Энгийн хүчилтөрөгчийн хэзээ ч үзүүлж чадахгүй нөлөөнүүдийг үзүүлдэг. Тиймээс озон эмчилгээ хийлгэх хэд хэдэн шалтгаанууд байна.
 
Эмийн замбараагүй хэрэглээ.Орчин үед шинжлэх ухаан сайн хөгжсөнтэй холбоотой төрөл бүрийн эмийн бодис олноор үйлдвэрлэгдэн, зар сурталчилгаа ч сайжирснаар иргэд эмчид хандсан хандаагүй өөрийн дураар эмийн сан орж ямар ч хамаагүй эм аван хэрэглэх болсон. 
 
Антибиотикт дасал болох.Сүүлийн үед хүмүүс антибиотикийг хэтрүүлэн хэрэглэснээр бактери, мөөгөнцөрүүд нь антибиотикт тэсвэртэй болсон. Ингэснээр шинэ эм гарган авах сайн талтай ч эм нэг төрлийн хор. Озон эмчилгээний гайхамшигтай зүйлийн нэг нь антибиотик эмчилгээтэй төгс зохицон хорыг тайлахаас гадна үйлчилгээг нь дэмжиж, бактерид мэдрэг болохоос сэргийлж өгдөг.
 
Паркинсоны өвчин, чихрийн шижин, альцхаймерийн өвчин, аутоиммуны өвчин, аутизм, сэтгэл гутрал, бүх төрлийн хавдрууд, ургын гажиг, хүүхдийн хавдрууд, шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг өмнө маш ховор тохиолддог байсан өвчнүүд одоо ихэссэн. Мэдээж эдгээрийн шалтгаан бүрэн тодорхойлогдоогүй ч хамгийн эхэнд тавьж үзэх шалтгаануудын нэг нь агаарын бохирдол, хоол хүнс, усны бохирдол.
 
Бидний бие махбод хорыг таньж, аюулын эсрэг хариу урвал үзүүлж чадахгүй эд эсүүд эргэшгүй өөрчлөлтөд орсоор байна. Тиймээс биеэ тогтмол хоргүйжүүлж байх шаардлагатай. Хөгшрөлт буюу насжилт, хүн бүр үүнийг давах ч наснаасаа эрт хөгширч, элдэв архаг хууч өвчнүүдтэй өтлөхийг хэн ч хүсэхгүй. Тиймээс л ард иргэдээ өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж сураасай гэсэндээ Озон эмчилгээг Монголдоо нэвтрүүлсэн юм. Дэлхий нийтэд энэ эмчилгээг маш өргөн хэрэглэдэг. Одоогийн байдлаар 40 гаруй оронд 50000 гаруй эмч мэргэжилтнүүд энэ эмчилгээг хийж байна. Энэ талаар www.wfoot.org, www.isco3.org, www.imeof.com, болон www.aaot.us веб хуудсуудаар орон эмч мэргэжилтнүүд болон улсуудын талаар тодорхой мэдээлэл авч болно.
 
 
Х.Хатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин