sonin.mn
“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад ирэх сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.  Энэхүү уралдаан нь бэлтгэлийн, алсын зайны морин маршийн, богино зайны холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр шат нь тэмцээндээ бэлтгэх үе шат бөгөөд оролцогч орны баг тамирчдыг хүлээн авч байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар танилцуулах, энэ чиглэлийн сургалтууд явуулах, уралдааны бэлтгэлийг хангуулах, морьтой дадлага сургалт хийх, уралдааны маршрутыг баг тамирчдад танилцуулах юм. Хоёрдугаар шатанд алсын зайны морин марш зохион байгуулагдана.
 
Энэ шатанд уралдаанаар оролцогч орны цэргийн алба хаагчид уул, ой мод, гол ус, элс, бартаа саад бүхий 130 км замыг маршрутын дагуу туулна. Гэхдээ зүгээр туулаад өнгөрөхгүй, замдаа цэрэг хүний гүйцэтгэх ёстой дөрвөн даалгаварыг гүйцэтгэнэ. Үүнд усан болон минжүүлсэн талбайг туулах, морь бугуйлдах, уналгад бэлтгэх даалгавар, бартаа саад бүхий газарт хоноглох даалгавар, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах даалгав зэрэг багтана. Усан саадаар урсгал ширүүн гол туулж, минийн саадыг давах бол морь сэлгэх даалгавраар адуун сүргээс морь бугуйлдаж уналгад бэлдэх юм. Харин гуравдугаар шат болох ойрын зайны холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар болон морьтойгоор маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэн барианд орох юм. Төгсгөлд нь тэмцээний дүнг нэгтгэж, уралдаанд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол болно. 
 
Ташрамд онцлоход, уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын зан заншил, түүх, соёл уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах хүрээнд бэсрэг наадам, соёл урлаг болон спортын өдөрлөгүүд, “Адуучин” тэмцээн зэрэг олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар “Аравт”-ын арын албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.