sonin.mn
“Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын хүрээнд Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Гэртээ харих зам – Эх орондоо хөрөнгө оруулъя” бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнийг 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. 
 
Зөвлөгөөнийг Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын орчинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, гарц, шийдлүүдийг тодорхойлох зорилгоор зохион байгуулж, Эдийн засаг, хөгжлийн яам, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, БНСУ-ын Котра буюу гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ, “Гэртээ харих зам” клубын гишүүд, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. 
 
Зөвлөгөөнөөр: 
“Монгол Улсад хөрөнгө оруулагчдад зориулсан төрийн үйлчилгээг хялбаршуулах-Хөрөнгө оруулалтын орчин”, 
“Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал”, 
“Жижиг дунд бизнесийн орчин, хөрөнгө оруулалт”, 
“Хилийн чанад дахь монголчууд-Бонд, сан байгуулах туршлага, судалгаа”, 
“Төрийн өмчит агентлагийн үйл ажиллагаа болон түүний үр өгөөж”, 
“Гадаадаас хөрөнгө оруулалтыг татах, мөнгөн урсгалыг хялбараар шийдэх боломж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. 
Хилийн чанадад удаан хугацаагаар ажиллаж, амьдарсан иргэд эх орондоо бизнес эхлүүлэхдээ эдийн засаг, зах зээлийн орчны тухай бодит мэдээлэлгүйгээс ихээхэн хохирол амсах эрсдэлтэй байдаг бөгөөд төр, засгийн зүгээс бодлогоор дэмжлэг үзүүлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал байгааг зөвлөгөөний оролцогчид онцолж байлаа. 
 
Тухайлбал, 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадаас авах хөрөнгө оруулалтын хэмжээ, компанийн зэрэглэл (том хэмжээний компани, гарааны жижиг бизнес гэх мэт) үл харгалзан адил түвшинд үйлчилж байгаа нь гарааны жижиг компани, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гадаадаас хөрөнгө оруулалт авах боломжийг ихээхэн хааж байгааг хэлж байв. 
Зөвлөгөөнөөс гарсан нэгдсэн санал, зөвлөмжийг маргааш болох “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-аар танилцуулах юм.