sonin.mn
Орос-Украины дайн яг гурав дахь сараа үдэж 4 дэх сар руугаа орлоо. Ойрд тус сайтад оросын талын мэдээлэл түлхүү тавигдлаа. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс байлдагч нөгөө талын мэдээллээс түүвэрлэн хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үе үе мэдэгдэл хийж дайны байдлыг бодитойгоор дэлхий нийтэд танилцуулж байна. Дайны талаар тэрээр өчигдөр Давосын эдийн засгийн чуулганд цахимаар үг хэллээ. Давосын чуулганаас Украинд үзүүлэх тусламжийн “Маршаллын төлөвлөгөө” хэрэгжүүлэхээр ярилцах төлөвтэй байна. Давосын форумын ихэнхи оролцогчид энэ асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэх нь мэдээж боллоо.
 
Зеленскийн хэлснээр Оросын түрэмгийлэн эзлэгчид нь Харьков мужаас таслаж авсан районоо алдахгүйг хичээж, Херсон, Запорож мужийн эзэлж авсан хэсэгтээ бэхжиж, Донбассыг Украинд нь алдахгүйн төлөө дайнаа үргэлжлүүлж байгаа ажээ. Давшиж ч байна, нөөцөө татаж ч байна, бэхжихийг бүх талаар оролдож байна. Гэвч давшилт бүрийг Украины зэвсэгт хүчин амжилттай няцааж, хүн хүчний ба техникийн хохирол учруулан байлдсаар байна. Ойрын 7 хоногууд украины хувьд хүндхэн байх нь тодорхой, түүнийгээ ч украинчууд ойлгож байна. “Тулалдана, ялна. Манай газар нутаг, манай хүмүүсээ чөлөөлнө. Учир нь эзлэн түрэмгийлэгчид биднээс ямар нэгэн юм салгаж авах гээд байгаа юм биш. Харин бидэнд байгаа бүгдийг, ялангуяа украинчуудын амьд явах эрхийг булааж авах гэж байгаа учраас бид байлдана ч, ялна ч” хэмээн Зеленский хэлжээ.
 
 
Түүний бас нэг мэдэгдэлд оросын талын нисгэж хөөргөж Украин руу харвасан пуужингийн тоог нэг бүрчлэн гаргажээ. Түүний хэлснээр оросын эзлэн түрэмгийлэгч арми нь хоёрдугаар сарын 24-нөөс хойш гурван сарын хугацаанд Украины хотууд, хорооллууд, байгууламж, дэд бүтэц, цэрэг арми руу 1474 удаа пуужингийн цохилт хийж, түүндээ янз бүрийн 2275 пуужин харважээ.
 
 
Зеленскийн ярьсан нь: - Эзлэн түрэмгийлэгчид бидний эсрэг маш харгис дайн явуулж байна. Европ тивд тийм дайн үзээгүй 77 жилийг үджээ. Энэ бол бүхнийг хамарсан дайн. Аль болох иргэд, дэд бүтцийг нь устгах гэж оролдож буй хэрцгий дайн. Чернигов мужийн Десна суурин руу зөвхөн 4 пуужин харвахад л 87 гэмгүй хүн алагдлаа. 2275 пуужингийн дийлэнх ихэнхи нь иргэний энгийн объектууд руу чиглэлээ. Энэ гурван сарын хугацаанд оросын байлдааны нисэх онгоц, нисдэг тэргүүд 3000 гаруй агаарын довтолгоон хийлээ. Ийм их цохилтыг тэсч давах өөр ямар улс байна вэ? Бидэнд орчин үеийн шинэ зэвсэг, пуужингаас хамгаалах зэвсэг, орчин үеийн нисэх хүчин хэрэгтэй хэмээн бид түнш улсууддаа хэлэх хүсэх тоолонд ард нь маш олон хүний амь сүйрч байдаг, хэрэв тийм хүчирхэг зэвсгээр хамгаалсан бол манай хичнээн олон иргэн амьд мэнд байх байсан бол доо гэжээ.
 
Оросын цэргийн тусгай ажиллагааны хоёрдугаар үе шат нэг сар үргэлжлээд одоо гурав дахь үе шатаа зарлаж чадалгүй гацчихаад байна. Эхний нэгдүгээр шатанд Украин руу өргөн фронтоор давшиж неонацизм, милитаризмээс нь чөлөөлж, Украиныг буулгаж аван, өөрийн хяналтаа тогтоох гэсэн нь бүтэлгүйтсэн. Дараа нь хоёрдугаар шатандаа Донбасс, өмнөд, зүүн өмнөд Украиныг Харьковтой нь зэлэн авна гэсэндээ хүрэлгүй, нэг ч ялалт байгуулж чадалгүй мухардаад байна. Бүтэн хоёр сар хагас үхэн хатан байлдаж байж маш их өртгөөр Мариуполийг эзлэн авснаа ялалт гэж зарлах зориг Орост алга. Тэгж зарлавал инээдэм болно. Азовсталийг бүрэн гартаа оруулж авч чадаагүй, тэнд үлдэгсэд ганц нэгээрээ партизаны дайнд шилжиж байна. Мелитополь хот партизаны дайны голомт боллоо.
 
 
Стратегийн санаачилгаа Украины талд алдаад, цаг үе Оросын эсрэг эргэсэн. Одоо окопны зууралдсан тулалдаанд шилжиж, аль аль нь хориглон хамгаалах тактик хэрэглэж байна.  Өчигдрийн байдлаар  Северодонецк хавьд оросын цэрэг давших гэснийг няцаагаад арагш нь ухраалаа. Донецкийн чиглэлд украины хамгаалалтын шугам сэтлэх гээд бүтсэнгүй, цохиулаад ухарлаа. Луганск мужийг бүхэлд нь эзэлчих гэсэн санаархал бүтсэнгүй. Бахмутскийн чиглэлд давшсан боловч амжилт олсонгүй ухарлаа. Лиманскийн чиглэлд алсаас их буугаар галлаж байгаагаас өөрөөр давшилт хийж зүрхэлсэнгүй. 
 
 
Оросын цэргийн хийж байгаа давшилт болгон бүтэлгүйтэж хоногтоо арван хэдэн атак нь сүйрч хохирол их амсаж байна. Сөнөөлгөсөн танк 1300 хүрч байгаа нь дэлхийн II дайнаас хойш Оросын алдсан танкны хамгийн их хохиролд тооцогдож байна. Алагдсан цэрэг офицер 30 мянга руу дөхөж, шархадсан, эрэмдэг болсон орос цэргийн тоо 100 мянгыг давлаа. 
 
 
Ийм их хохирлыг ойрын 5-10 жилдээ нөхөж чадахгүй. Ялангуяа сөнөөлгөсөн байлдааны техникийн тоо 9000 болж байгаа нь гуравхан сараар тооцвол Оросын хувьд фронтын маш том ялагдал гэж цэргийн шинжлэх ухааны судлаачид үзэж байна. Иймд ялагдлаа нөхөхийн тулд пуужингаар энгийн хот суурингууд руу хамаа намаагүй галлаж аль болох олон хүн алж, аль болох олон үйлдвэр, барилга, ордон, орон сууцны хороолол сүйтгэж байгаа нь энэ ажээ.
 
 
 
Оросын цэргийн бүтэлгүйтлийг 4 шалтгаанаар гаргасан оросын нэг эх сурвалж байна: 1) Украин тун хурдан ялагдана гэж тооцжээ. 2) Европ Украиныг ингэтлээ дэмжинэ гэсэн итгэл огт байгаагүй. 3) НАТО-гийн дотоодод эв нэгдэл байхгүй гэж тооцсон. 4) Оросын армийн хүч, боломжийг дэндүү ихээр үнэлсэн гэжээ.
 
 
Украины хэвлэлийн сайтаас түүвэрлэн буулгасан Д.Номиндарь