sonin.mn
Цэцэрлэгийн газраа булаалгасан 1,000 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөл суулт зарлах талаараа мэдээлэл хийлээ.
 
Тэд энэ үеэрээ: "Улаанбаатар хот 1,3 сая хүн амтай. Үүн дотор хотын төв гэж яригддаг Сүхбаатар дүүргийн 9-р хороонд 0-5 насны 3,300 орчим хүүхэд амьдардаг. Гэтэл тус хороонд улсын хэмжээний цэцэрлэг ганц ч байдаггүй. Энэ нь Үндсэн хуулинд заасан хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. 9-р хороонд харьяалагдах улсын цэцэрлэг байхгүйн улмаас боломжтой нь хувийн цэцэрлэгт хүүхдээ өгч, боломжгүй нь хүүхдээ хараад гэртээ байхаас өөр аргагүйд хүрч байна. Цэцэрлэгт хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдүүд сургуульд ороход мэдлэгийн болон хөгжлийн асар их зөрүү харагддаг. Яагаад цэцэрлэг байдаггүй талаар 9-р хорооны удирдлагууд болон холбогдох хүмүүсээс тодруулсан.
 
 
Цэцэрлэг барих газар байхгүй гэдэг.  Гэтэл анх цэцэрлэг барина гэж зураг үзүүлж байсан хааш хаашаа 20 метр квадрат газар дээр өнөөдөр 16 давхар, 160 айлын орон сууц барина гээд суурийг нь ухаад эхэлчихсэн явж байна.
 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдлыг үгүй болгоно гэж ярьсан. Үүнийг нь Л.Энх-Амгалан сайд ч батлан хэлсэн. Хамтран ажиллана гэж ярьсан. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороонд улсын хэмжээний ганц ч цэцэрлэг алга. Цэцэрлэг барина гэж байсан газар дээр нь 160 айлын орон сууц барьж байна. Нэг айлд нэг хүүхэд гээд төсөөлөхөд ахиад 160 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй болох нь ээ. Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын 3 гишүүнд албан бичиг явуулсан ч хариу нь ирээгүй байна.
 
 
Хотын удирдлагууд ганц цэцэрлэг барих зөвшөөрөл өгөөгүй байж яаж орон сууц барих зөвшөөрөл олгож чадаж байна аа? Энэ шийдвэрээ эргэж харж, цуцлаач ээ. Зүгээр цэцэрлэг л бариад өгчих.
 
 
Тэгвэл бид сугалааг нь сугалаад ч болтугай энэ 3,000 хүүхдээсээ цөөн ч болтугай цэцэрлэгт хамруулья. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр дээр долоо хоног бүр нэг орон сууц ашиглалтанд орж байхад ганц өрхийн эмнэлэг, хоёрхон сургуультай. Нэг ч цэцэрлэг байдаггүй. Бид аргаа барж байна." гэв.
 
 
 
 
М.Чой