sonin.mn
Монгол улсын гавъяат эдийн засагч Б.Осоргарав "Оюутолгой"-н уурхайг түшиглэн "Оюу Номин" буюу "Ханбогд" хот байгуулах уриалга гаргаж байгаа талаараа мэдээлж, хэвлэлийн хурал хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Монгол Улс 44 жилийн өмнө ОХУ-ын Засгийн Газар, ард түмний тусламжтайгаар Эрдэнэтийн овооны эрдэнэс, баялгийг түшиглэн “Эрдэнэт” үйлдвэр болон “Эрдэнэт” хотыг байгуулж байсан түүхэн туршлагатай билээ. Өнөөдөр үйлдвэрийн цехүүд нь нүргэлж, соёл, боловсрол, үйлчилгээний газруудад ажил, амьдрал буцалсан барилга, байшин сүндэрлэсэн, бум бужигнаж, түм түжигнэсэн 100,000 гаруй хүн амтай улсын нийслэл Улаанбаатарын дараа орох том хот болсон байна. Тэгвэл Өмнийн их говьдоо үйлдвэрийн цехүүд нүргэлж, дээд, дунд боловсрол, соёл, үйлдвэр, үйлчилгээний газруудад ажил, амьдрал буцалсан, барилга, байшин сүндэрлэсэн, бум бужигнаж, түм түжигнэсэн хот, суурин байгуулж яагаад болохгүй гэж...
 
 
Хот байгуулах, байгуулахдаа Улсын Ерөнхийлөгчийнхөө Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий Ассамблейн чуулганы индэр дээрээс дэлхий даяар зарласан “Тэрбум мод” тарих санаачилгыг амьдралд жинхэнэ бодитоор нь хэрэгжүүлж, Ханбогд сумын төвийг түшиглүүлэн ногоон “Оюу номин” буюу “Ханбогд” ногоон хотыг байгуулахыг уриалж байна. Элсэн цөл дээр Дубай хот сүндэрлэж, дэлхийн ард түмэн тэнд аялан жуулчилж байхад, Эрдэнэс баялаг дээрээ Монгол улс “Оюу номин” буюу “Ханбогд” ногоон хот байгуулж яагаад болохгүй юм бэ?
 
 
Оюутолгойн уурхайг болон Ханбогд сумын төвийг түшиглүүлэн “Оюу Номин” буюу “Ханбогд” ногоон хот барьж байгуулах энэхүү уриалга, санал санаачлага,  утга санаа, эх орон, ард түмний одоо болон ирээдүйн ач холбогдлыг гүнээ ухамсарлан ойлгож Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас чиглэл, зөвлөмж, тогтоол, шийдвэр гаргахыг уриалж байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагуудыг Өмнийн говьдоо “Оюу номин” буюу “Ханбогд” ногоон хот байгуулах бүтээн байгуулалтанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
 
Ялангуяа Улаанбаатар хотод барилга, орон сууц уралдан барьж сүндэрлүүлдэг барилгын компаниудыг хошуучлан оролцохыг уриалж байна.
 
Монгол Улсын Засгийн Газар, Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулан баталсан “Оюу номин” буюу “Ханбогд” ногоон хот байгуулах ба байгуулалтын төлөвлөгөөний дагуу Оюу толгой төслийн удирдлагуудаас, уурхайдаа ажиллаж байгаа гадаад, дотоодын ажилтнууддаа зориулсан орон сууцны хотхон барьж байгуулах, үүний тулд хот байгуулалтын газар доорхи цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээг өргөтгөн барьж байгуулахад хошуучлан, идэвхитэй оролцохыг “Оюу толгой” уурхайн удирдлага, захиргаа, хувьцаа эзэмшигчдэд уриалж байна.
 
Ачлалт аав, элбэрэлт ээжийнхээ ач буянаар энэ сайхан эх орныхоо газар шороон дээр нэгэн эд эс хүн болон төрж, ажиллаж, амьдрахдаа гэр орон, эхнэр, нөхөр, үр хүүхдүүдээсээ алс газар, харийн хүмүүсийн нүднээс дальдарч, тэдний гарыг харж, ард байгаа хэдийнхээ гэдсийг тэжээх гэж бор хоногийг өнгөрөөж Оюу толгойд ажиллаж байгаа ажилтан, ажилчид, тэдний гэр бүлийнхнийг энэхүү уриалгыг юу юуны түрүүнд дэмжиж, нэгдэнэ гэдэгт итгэж байна."гэв. 
 
 
 
 
М.Чой