sonin.mn
Энэ удаагийн "Хувилбартай асуулт" булангийнхаа хойморт Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын штабын дарга хурандаа Ц.Нацагдоржийг онцолж байна.
 
Та ямар улиралд төрсөн бэ?  
 
-Ирж яваа цагийн өнгө, илч гэрлийн дулаанд шингэж, амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уяран жаргадаг хаврын улиралд төрсөн.
 
Багын хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал ... 
 
-Хөгжилтэй дурсамж олон байна. 1977 онд 2 дугаар ангид сурч байхад сургуулийн хүүхдүүд улаан бурхан өвчин тусаад, тэднийг дотуур байрнаас зайдуухан өөр байранд оруулж эмчилгээ хийж байсан үе юм. 
Надтай хамт дотуур байранд байсан хүүхдүүд улаан бурхнаар өвчлөөд тусгаарлалтад орсны маргааш өдөр нь хичээлийн завсарлагаанаар тусгаарлах байрны цонхоор хартал нэг сул ор байгаа нь үзэгдэв. Тэгээд байрандаа гүйж очоод хөнжил гудсаа аваад өнөөх сул орон дээр гудсаа засаад хөнжилдөө ороод хэвтээд өгч билээ. 
Гэтэл тогооч н.Бүтэд эгч өдрийн хоол оруулж ирдэг юм байна. Тэгээд надад “Чи яахаараа өвчилдөг билээ, танай манай хоёр айл чамайг бага байхад саахалт байлаа. Тэр үед чи улаан бурхан туссан биз дээ” гээд байрнаас гаргачихдаг юм. 
Ингээд байрны багш хөнжил гудсыг минь тэврүүлээд буцаалаа. Үдээс хойш явагддаг давтлагадаа суухдаа их л том хэрэг тарьчихсан хүүхэд шиг гэмшиж байсан минь одоо ч санаанаас гардаггүй юм. 
 
Таны хүндэлдэг хүн ... 
 
-Аав ээж, эрдэмтэн багш нараа хүндэлдэггүй хүн ховорхон байх. Энэ бол нийтлэг чанар. Харин ямар нэгэн асуудлыг шийдвэрлүүлэх мөчид буюу гацаанд орчихсон байх үед “Хуулийн заалт ийм байна. Амьдрал болсон хойно гаргалгаа ийм байж болох юм” гээд гацаанаас гаргаж асуудлыг шийдвэрлэж өгдөг дарга /албан тушаалтнууд/-ыг үнэхээр их хүндэлдэг.
 
Таны бахархал ... 
 
-Аав ээжээс олгож өгсөн зөв хүмүүжил, төлөвшил юм даа.
 
Таны шүтлэг ... 
 
Байгаль, дэлхий, уул, усаа шүтдэг.
 
Эх орон гэж юу вэ? 
 
-Эцэг өвгөдийн нутаглаж, хамгаалж, үеийн үедээ өвлүүлж ирсэн бидний унасан газар, угаасан уснаас эхтэй ойлголт. Бидний амьдарч буй газар нутаг, төрөлх хэл, түүх соёл зэрэг бидэнд хэмжээлшгүй их үнэ цэнтэй өргөн агуулга багтдаг болов уу. 
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ? 
 
-Улаан. Бүр час улаан шүү.
 
Тэгвэл та өөрийгөө ямар өнгөтэй зүйрлэдэг вэ? Яагаад ... 
 
-Хөх ба цэнхэр өнгө. Итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг эерэг энергитэй, тайвшруулах өнгө.
 
Бурхан, чөтгөр хоёрт юу гэж захих вэ? 
 
-Бурханд сүү шиг цагаан сэтгэлтэй хүмүүстэй учруулж, ажил үйлсийг минь үүлгүй хөх тэнгэр шиг цэлмэг байлгаач гэж захина. Харин чөтгөрт хүүхэд хөгшдийг айлгалгүй хүний хөлөөс хол явж байгаарай гэж хэлмээр байна.
 
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү? 
 
-Өөрийн төсөөлөн бодох чадвартаа харсан мэт ярьдаг зүйлийг хэлдэг байх аа.
 
Дуртай хоол ...
 
-Гурил, ногоотой хачирлаж чанасан бүхэл мах. 
 
Дуртай дуу ... 
 
-С.Цэрэнчимэдийн хоолойгоор дуулагдаж, олон түмний хайртай уран бүтээлүүдийн нэг болсон “Ээжийнхээ хайраар” дуунд дуртай. 1987 онд цэргийн сургуульд сурч байхдаа анх энэ дууг сурч урлагийн үзлэгт ороод, тэнцээгүй л дээ (Инээв). Гэхдээ шаардлагатай гэвэл энэ дууг одоо ч дуулчихдаг.  
 
Дуртай спорт ... 
 
-Бөхийн барилдаан, явган алхалт. 
 
Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл юу вэ?  
 
-Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүлээлгээд, хариу өгөхгүй ажил алдуулаад байдаг тийм занд дургүй.
 
Хэлэх дуртай үг ...
 
-Эзэн хичээвэл заяа хичээнэ. 
 
Хобби ... 
 
-Хатуу болон зөөлөн эдлэлийг гараар болон оёдлын машинаар оёх. Би чинь зургаан эрэгтэй хүүхэдтэй айлын дундах буюу дөрөв дэх нь. Бага байхад гутал хувцасны дайсан байсан нь мэдээж. 1-10 дугаар ангиа төгстлөө сургуулийн дотуур байраар явсных гутал хувцасныхаа уранхай цоорхойг болж л өгвөл өөрөө оёчихдог байлаа. 
 
Таны баримталдаг зарчим ... 
 
-Цагийн юмыг цагт нь хийхийг хичээдэг.
 
Хүсэл мөрөөдөл гэж таныхаар юу вэ?
 
-Хүний амьдралд хүсэл мөрөөдөл бол бодитой хийгдсэн ажлын төлөвлөгөө шиг байх ёстой зүйлийн нэг гэж боддог.
 
 
Хувь хүн чин сэтгэлээсээ хүсэж, түүнийгээ байнга өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэхийг зоривол биеллээ олох байх. 
 
 
Та хэр өр нимгэн бэ?  
 
-Баяр баясгалан, уйтгар гунигийн аль алиныг сонсоод, үзээд нулимс наашлаад байдаг. 
 
Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд зориулж хэлсэн бэ? 
 
-Аймгийн Засаг даргын нэрэмжит Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулах удирдамжийг гаргаж Ерөнхий боловсролын бүх сургуулиудад хүргэж бэлтгэлийг хангуулж байна.  Аймгийн төвд зохион байгуулагдсан Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа сургуулийн захирлууд “Маш зөв үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өндөр ач холбогдол өгч бид бүхий л боломжоороо дэмжлэг үзүүлэн оролцоно шүү”  гэж хэллээ. Би бүгдэд нь амжилт хүсэж баярлалаа гэж хэлсэн.
 
Бухимдсан үедээ та өөрийгөө яаж тайтгаруулдаг вэ? 
 
-Бухимдал үүсгэсэн асуудлаа орхиж, өөр зүйлд дурлахыг хичээдэг. Ингээд сайн сайхныг бодож, бухимдлаа тэр үед нь дуусгадаг.
 
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ? 
 
-Амьдрал болсон хойно өөгүй, өндөг шиг цагаан байна гэж байхгүй. Гэхдээ цагаан өнгө нь илүү их байгаасай, байх ч ёстой.
 
Сүүлийн хариултыг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе ...
 
-Миний бие 2003 оноос эхлэн Цэргийн штабт ажиллаж байна. Батлан хамгаалах чиглэлээр гарч байгаа хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах нь бидний үүрэг. Энэ чиглэлээр ч олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Сүүлийн үеийн залуучууд их нялхамсаг, гомдомтгой болж энэ чинээгээрээ ч иргэдийн дунд буруу зөрүү ойлголт мэр сэр байна. 
Цэргийн тангараг өргөсөн цэргийн алба хаагчийн үйл ажиллагаа цэргийн дүрмээр зохицуулагдсан байдаг тул хэлэх ярих, дарга захирагч нартайгаа харьцах үйлдлүүд нь тодорхой хэмжээнд хязгаарлагдсан байдаг. Тийм ч учраас асуусан асуултад тийм, үгүй, мэдлээ гүйцэтгэе гэж товчхон хариулдаг нь хүний эрх чөлөөг хязгаарлаагүй харин ч элдэв эрсдэлийг багасгаж, ирээдүйн өрх гэрийн эзэн болохуйц хэмжээнд төлөвшүүлдэг алба шүү гэдгийг л цэргийн алба хааж байгаа залуучууд, иргэд зөвөөр ойлгодог байгаасай гэж цаг ямагт бодож явна. Та бүгдэд баярлалаа. Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгтээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин