sonin.mn
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Гансайхан оролцож байна. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Ажлын гараагаа гал унтраах 50 дугаар ангид гал сөнөөгчөөр эхэлж, гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангид шүхэрчин-гал сөнөөгч, аврагч-гал сөнөөгч, 2009 оноос гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна.
 
 
-Түүний аав Мөнх-Очир нь гарын ур дүйтэй, монгол цоож, морины эд хэрэгсэл хийдэг, алтан мөнгөний дархан хүн. Аавынхаа уран дархан, холч ухааныг өвлөн анх эмээл, хазаарыг  1994 онд буюу 17 настайдаа хийж сурсан байна. Монгол эр хүний сүр жавхлан цог залийг “хийморьтой”, баатар эрсийг “хүлэгтэй” зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулдаг. Тухайлбал, алт мөнгөн хазаар, эмээл, худрага, хөмөлдрөгө зэрэг гэдгийг тэрбээр онцолсон.
-Эмээл нь морьтой тоног төхөөрөмжийн хамгийн чухал элементүүдийн нэг. Морины хөдөлгөөн болон унаж байгаа хүний суух хэлбэрээс шалтгаалдаг. Муу тааруулж хийсэн эмээл нь морь малын нурууг гэмтээх, унаж байгаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Морь унахад хүний нийт биеийн жинг эмээлийн ачаар морины нуруунд тарааж жигд хуваарилж өгдөг ач холбогдолтой. Тийм учраас хийц бүр нь нарийн, ажиллагаа ихтэй учраас нэг эмээл хийхэд ойролцоогоор 3-4 сарыг зарцуулдаг байна. Эмээлийн модоо хуш модоор өөрөө бэлтгэж хийнэ.
 
 
-Хийцийн хувьд Төв Халх, Батноров, Дарьганга  гэсэн гурван том хийцтэй. Батноров нь цутгаж хийдэг учир холоос харахад гоё, тод байдаг. Дарьганга эмээл нь цагаан мөнгийг давтаж, хөөн, нимгэлээд хээ хуар, ургамал, амьтны дүрсийг сүлжиж хийдэг. Хамгийн нарийн хийцтэй. Төв Халх нь өдөр тутмын буюу энгийн чимэглэлтэй байдаг. Түүний хувьд бүх төрлийн хийцээр хийдэг.
 
 
– Эмээлийн өмнөх бүүрэг нь өглөөний наран цухуйн мандаж байгаа хэлбэртэй байдаг учир наран бүүрэг, хойд бүүрэг нь сар шиг хэлбэртэй тул саран бүүрэг гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, урд бүүрэг  босоо өндөр, хойд бүүрэг нь намхан (налуу) байдаг. Энэ нь хүн эмээл дээр сууж явахад биед эвтэйхэн тохиромжтой байдагтай холбоотой хэмээн тэрбээр тайлбарлалаа. Эмээл нь олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, дэвс, ганзага, дөрөөний оосор буюу сур, тохом, оломны арал хэмээх хэсгүүдээс бүрддэг. Тоноглолоосоо шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй буюу дунджаар 15 сая төгрөгөөр нэг эмээл бүтдэг байна. Ойролцоогоор нэг эмээлэнд 60-70 лан мөнгө ордог. Үүнээс ихэдвэл эзэндээ болоод мориндоо түүртэй байдаг гэнэ.
 
 
 
-Түүний хувьд 5 эмээл, 4 хазаар, 4 хударгыг захиалгаар хийж, эздийн өөрсдийнх нь онцлогт  тохируулан урлаж, хүлээлгэн өгсөн. Эдгээр бүтээлүүдээс хамгийн содон нь ахтайгаа хамтарч хийсэн сургүй сүлжмэл хазаар. Тус бүтээл нь мөнгөн утсаар сүлжиж хийсэн гэдгээрээ онцлогтой.
 
 
-Тэрбээр эмээл, хазаар хийхээс гадна хүүхдүүдийнхээ хамтаар цоолбороор бүтээл хийх дуртай. Хүүхдүүдээ багаас нь хөгжүүлэх, удам дамжин өвлөгдөж байгаа авьяасыг өвлүүлэх зорилгоор хамтдаа төрөл бүрийн цоолбор хийдэг байна. Цоолбороор хийсэн бүтээлээ хүүхдүүд нь анги, танхимдаа байрлуулан, чимэглэх дуртай гэнэ. Чоно болон хүүхдүүдийнхээ дуртай үлгэрийн баатар, амьтан, ургамал гээд бүхий л төрлөөр цоолбор хийдэг. Албаныхаа онцлогийг харуулсан, аврагч-гал сөнөөгчийн цоолбор ч түүний бүтээлд бий. Дашрамд сонирхуулахад монгол­чууд 1960-аад оноос анх цаа­сан хайчилбар хийж эхэлжээ.
 
 
 
 
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин