sonin.mn
Иргэд үнийн өсөлтийг бууруулахыг шаардан, өнөөдөр хоёр дахь өдрөө Нийслэлийн төв талбайд жагсч байна. 13.00 цагийн үед жагсагчид дээр Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гарч ирж, уулзан, санал бодлоо хуваалцсан явдал боллоо. Энэ нь 30 жилийн түүхэнд эсэргүүцлийн жагсаал руу гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрөө шууд гарч ирсэн анхны тохиолдол болж байгаа юм. 
 
Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал, суулт нь ямар ч улс төрч, улс төрийн нам зохион байгуулаагүй, цэвэр эдийн засгийн хүндрэлийг эсэргүүцсэн, 30 жил хуримтлагдсан гомдол, бэрхшээлээс үүдсэн иргэдийн органик хөдөлгөөн болох нь эргэлзээгүй.
 
Иймээс жагсагчдын төлөөлөл Ерөнхий Сайдад үнэхээр л хэлье, ярья гэж бодсон бүхнээ илтэд бухимдангуй илэрхийлж байлаа. Цалин хаанаа ч хүрдэггүй, төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж байна, цэцэрлэгт хүүхдээ оруулахдаа хүртэл сугалаа сугалдаг гээд л хүн бүхний мэдэх асуудал, бэрхшээл...
 
Гэхдээ Ерөнхий Сайд гэдэг бол хааны сэнтий биш, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ч ид шидтэн юм уу? бүхнийг чадагч биш.
 
Ямартай ч залуучуудыг хүндэлж, шаардлагыг хүлээн авсан нь бас ч гэж шинэ л хандлага. Мөн тэрээр ордонд буцаж ормогцоо жагсагчдын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар судлахаар Монгол Улсын Засгийн ээлжит бус хуралдааныг зарласан байна. Одоо жагсагчид ч ажил хэрэгчээр асуудалд хандан, ядаж ганц хоёр ч атугай асуудлыг шийдэхийн тулд хамтран ажиллаж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг анхаарах нь зөв болов уу?
 
О.Чулуу