sonin.mn
Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд захидал ирүүлсэн. Түүндээ, өнөөдрийн байдлаар Монголын эзэмшиж буй 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, Гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах, “Эрдэнэс Оюутолгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, “Дубайн гэрээ”-г цуцлах зэргээр Засгийн газрын тавьсан шаардлагыг хүлээж авах боломжтой гэж бичжээ.
 
Энэ захидлыг монголчууд алга ташиж хүлээж авсан. Учир нь “Рио Тинто” компани бүтэн 12 жилийн туршид Монголын тавьсан бараг нэг ч шаардлагыг хүлээж авч байгаагүй юм.
“Рио Тинто” ингэж буулт хийсэн нь Оюутолгой төсөл зогсохгүй үргэлжилж, тэр нь Монголын эдийн засагт чухал ач холбогдлоо өгнө. Мөн манай гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд сайн нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтийг эдийн засагчид, ажиглагчид дүгнэсэн.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ захидлын талаар олон нийтэд мэдээлсэн өдөр нь Олон улсын бирж дээрх Оюутолгойн хувьцаа 14 хувиар өсчээ. Зах зээлийн үнэлгээ нь 300 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Одоо манай Засгийн газар, “Рио Тинто”-гийн ажлын хэсэг өнөө, маргаашгүй 2021 ондоо багтаж уг асуудлыг нарийвчлан ярилцаж, зөвшилцсөний эцэст бичгээр шийдвэрээ гаргах юм.
 
Тэгвэл Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн зарим нь Монголын Засгийн газар болон “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ийн хэлэлцээрийн талаар таагүй байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
 
“Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн “Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр Монголын Засгийн газрын эзэмших хувьд оногдох өрийг тэглэсэнд дургүйцэж буйгаа “Туркойз Хилл”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин, Гүйцэтгэх захирал Стив Тибо нарт хандаж 2021 оны арванхоёрдугаар сарын   16-нд ил захидлаар илэрхийлсэн байна.
 
Уг ил захидлыг утгачилбал, тэрбээр “...Эрхэм ноён Тибо, ноён Гиллин болон ТУЗ-ийн бусад гишүүдэд: “Рио Тинто” Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг буруу удирдаж, түүнийгээ нуун далдлах оролдлого хийсэн. Гэтэл та бүхэн үүний улмаас Монголын Засгийн газрын 2.3 тэрбум ам.долларын өрийг авахгүй гэж төлөвлөж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид яг адилхан “Рио Тинто”-гийн хохирогч атал Монгол Улс л ийм “хөнгөлөлт” эдэлж байгаа нь ёс зүйгүй явдал юм.
 
Та бүхэн Монгол Улсаас 2.3 тэрбум ам.доллараа авахгүй гэж байгааг би өчигдөр мэдлээ. Гэтэл “Рио Тинто”-г “Туркойз Хилл”-д далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон бусад нөхөн олговор олгохыг зөвшөөрөх хүртэл Монгол Улсын 2.3 тэрбум ам.долларыг тэглэхээс татгалзах эрх та бүхэнд байсан.
 
“Рио Тинто” нь энэ асуудлаар үргэлжилж буй SEC-ийн мөрдөн байцаалтаас компаниа, гүйцэтгэх захирлаа хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газарт ийм байдлаар маш их хэмжээний нөхөн төлбөр өгч, тэр нь үр дүнгээ өгч байна.
 
Та бүхэн “Рио Тинто”-гийн халаасанд орсон гэдгийг би мэдэж байсан. Гэсэн хэдий ч 2.3 тэрбум ам.долларын компанийн хөрөнгийг юу ч биш болгож, бусдад өгнө гэж бодсонгүй. Энэ бол тэнэглэл. Аль эсвэл та бүхэн ингэж “Туркойз Хилл”-ийн Оюутолгойн луйвар, буруу менежментэд “Рио Тинто”-гийн хамсаатан байсныг нуун дарагдуулах гэсэн үү. Гэхдээ та бүхэн ингэснээр итгэлцлийг аймшиггүйгээр зөрчлөө. Үүнээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Тийм учраас миний бие та бүхнийг хүн нэг бүрчлэн шүүхэд өгөх болно. Одоо та бүхэн огцрох ёстой. Энэ захидлыг болон үүнд өгөх хариу тайлбараа олон нийтэд ил болгоно уу” гэжээ.
Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр өмнө нь наймдугаар сард “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ээс Монголын Засгийн газарт 2.3 тэрбум ам.долларын 70 хувийг тэглэх зэрэг “дөрвөн санал” тавихад мөн л эсэргүүцэж мэдэгдэл хийж байсан юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин