sonin.mn
Загвар зохион бүтээгч Жаргалсайханы Мандхай “Gotham” сэтгүүлийн энэ сарын дугаарт ярилцлага өгчээ. Тэрбээр брэндийн тогтвортой байдлын туршлага, үйлдвэрлэлийн явц, загварын салбарын ирээдүйн талаар үзэл бодлоо хуваалцсан байна. Байгальд ээлтэй, эко материалын эрин эхэлж, тансаг зэрэглэлийн брэндүүд ноолуурыг загварын ертөнцөд нэвтрүүлсэн. Эдгээр загвар зохион бүтээгчийн нэг бол Ж.Мандхай. Жижи Хадид, Хайли Бибер, Кейт Хадсон нарын алдартан “Мандхай” брэндийг сонгож, монгол ноолуурыг трэнд болгосон юм.
 
-Загварын ертөнцөд хөл тавихад тань юу нөлөөлсөн бэ. Өнөөдрийн өндөрлөгт хүрэхдээ урт зам туулсан уу?
 
-Эцэг эх минь Монголд анхны хувийн өмчит ноолуурын үйлдвэрийг байгуулсан. Үйлдвэр миний өссөн орчин, тоглоомын талбай байлаа. Тэнд л сүлжмэл эдлэлтэй танилцсан. Энгийн бөгөөд сонгодог ноолууран сүлжмэл эдлэлээс илүү зүйл олж хараагүй. Би их сургуулиа төгсөөд брэндээ нээсэн. Бизнесийн салбарт амжилттай ажиллахын тулд маркетингийн чиглэлээр сурсан. Нэрийн брэндтэй байх сайхан ч худалдан авагчгүй бол бизнес оршин тогтнохгүй. Би зөв гэж бодсоноо л хийсэн. Загварын ертөнцөд өөрийн гэсэн ДНХ-ийг олоход хэцүү байдаг. Манай салбар маш хурдтай өөрчлөгддөг. Энэ нь шинэ брэндүүдийн хувьд ашигтай. Би олон сорилт, алдааг туулсан. Бүтэлгүйтэл, алдаанаасаа сургамж авдаг.
 
-Та хэв маягаа хэрхэн тодорхойлох вэ. Ноолуурын давуу талаас дурдана уу?
 
-Би маш практик хүн. Бүтээгдэхүүний үндсэн хэлбэрийг чухалчилдаг. Цуглуулга бүрд шинэ зүйл нэвтрүүлэхийг хүсдэг. Гоёмсог сонгодог хувцаснаас илүү хатгамал болон бусад зүйлийг нэмж оруулах дуртай. Хувцсыг ямар ч үед өмсөх боломжтой, биед тухтай байх ёстой.
 
 
 
Ноолуур бол хамгийн зөөлөн байгалийн эслэг юм. Харшил үүсгэдэггүй. Мөн хамгийн хөнгөн утас ч биед дулаахан атлаа халууцуулахгүй. Өөрөөр хэлбэл амьсгалдаг материал. 
 
 
 
-Орчин үеийн загварын салбарт тогтвортой байдал шаардлагатай юу?
 
-Зарим брэнд тогтвортой байдлыг зөвхөн түлхүүр үг болгон ашигладаг. Бид байгалийн гаралтай материал ашигладаг тул хог хаягдал бага гардаг. Үйлдвэрлэлээс гарсан хаягдлаа эсгий хийдэг хүмүүст өгдөг. Өнөө үед байгалийн өнгө трэнд болж түүхээ эдээ будахаа больсон.
 
 
-Эмэгтэйчүүд давамгайлсан багтай болоход тань юу нөлөөлсөн бэ?
 
-Миний ээж загвар зохион бүтээгч учраас аливаад онцгой анхаарал хандуулдаг. Бага байхаас л ээж үйлдвэрээ удирдаж, надад үлгэр дууриалал болсон. Түүний эргэн тойрон дахь бүх хүмүүс эмэгтэйчүүд байв. Би үүнийг л үргэлжлүүлсэн.
 
 
-Танай лого ямар утга учир юм бэ?
 
-Би бүргэдийг бэлгэшээдэг. Миний нэр Мандхай нь дэвжин дээшлэх, өөдлөх гэсэн утгатай. Тиймээс далавчаа өргөсөн бүргэдийг логондоо дүрсэлсэн.
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин