sonin.mn
“Сэтгэлээс богинохон хорвоо” хэмээх  бэсрэг роман хэвлэгдэн гарчээ. Уг зохиолыг сэтгүүлч Дажсүрэнгийн Лхагвадорж бичсэн байна. Эх орны дайн дууссан 1945 оны дараа Монголд ажиллаж байсан Япон цэргүүдийн тухай, Монгол хүний ховор сайхан сэтгэлийн тухай өгүүлсэн уг номны мялаалга үгийг Монгол Улсын Төрийн соёрхолт,  Ардын уран зохиолч Б.Догмид бичсэн байна. 
 
Тэрбээр “Монголын сэтгүүлзүйн ертөнцөд өвөрмөц содон бичлэг, нийгмийг хөдөлгөөнд оруулж, өргөн олон уншигчдыг араасаа дагуулсан, санаж сэрэхийн харанга дэлдсэн, өгөөж наалдацтай асуудал дэвшүүлсэн болон эрэн сурвалжилсан олон бүтээлүүдээрээ өөрийн гэсэн өл овоог босгосон Д.Лхагвадорж дүү маань хэвлэл мэдээллийнхэн дотроос ачааны хүнийг үүрэлцэж яваа авьяастай, алдартай цөөхөн сэтгүүлчдийн нэгэн билээ. Би түүнийг үзэг барьж, үг өгүүлбэр холбож эхэлсэн төвийн сонин хэвлэлүүдийн сурвалжлагч байх цагаас мэдэх учраас хуурай үгээр худлаа магтах ёсгүй хүн. Саяхан түүний бичсэн сонин содон зохиомж, тэр бүр дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, гүйцэтгэлтэй түүхэн бүтээлийг нь уншаад сэтгэл хөдөлсөндөө уран бүтээлийн өндөр их өл овоонд нь чулуу нэмэн энэхүү мялаалга үгийг бичиж сууна. Дайны дараа Монголд авчирсан Япон цэргүүд бүгдээрээ бурхан байгаагүй ч бүгдээрээ чөтгөр байгаагүй. Арал дээр далайн дунд аж төрж өссөн болохоос биш Азийн Монголчуудтай ав адилхан хүн байсан тухай эрхэм хүмүүн та энэхүү бүтээлээс унших болно. Хувь хүний болон өрх гэрийн зовлон аливаа улс гүрний төрийн зовлон болж хувирдаг тухай хүн чанарын энэ номонд сэрэмжлүүлэн өгүүлсэн нь уг  бүтээлийн үнэ цэнэ буюу” хэмээн онцолжээ. Уг зохиол Спортын төв ордны баруун талын Интерном дэлгүүрт худалдаалагдаж байна.
 
С.Сувдмаа