sonin.mn
Австралийн инженер зохион бүтээгч Чарльз Варман (Charles Warman) резин хуяг доторлогоо бүхий эд ангиудыг нь элэгдэлд тэсвэртэй ган хайлшаар хийсэн булингын шахуурга насосыг 1938 онд зохион бүтээснээр уул уурхай эрдэс боловсруулах үйлдвэрийн салбарт техникийн шинэ дэвшил, хувьсгалт өөрчлөлт авчирсан гэж үздэг.
Өнөөдөр WARMAN үйлдвэрийн насос нь чанар найдвартай ажиллагааны хувьд хэрэглэгчдэд танигдсан, нэрт гарсан зах зээлд өөрийн байр суурийг баттай олсон бүтээгдэхүүн болсон төдийгүй уул уурхай аж үйлдвэрлэлийн салбарт маш өргөн  ашиглагдаж байна.
Weir Minerals компанийн захирал Рикардо Гариб хэлэхдээ “Манай WARMAN насос нь дэлхийд тэргүүлэх зэргийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэлийнхээ 80 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарт чанар стандартаараа олонд танигдсан, Дэлхийн өнцөг булан бүрт тархан хэрэглэгдэж  буй бидний бахархал болсон бүтээгдэхүүн юм ” гэжээ.
Энд WARMAN-ны насос үйлдвэрлэлийн тухай танилцуулахаас өмнө хүн төрөлхтөн ус шингэн, эрдэс чулуулагтай булингыг хэрхэн яаж тээвэрлэж ирсэн талаар бага зэрэг түүх өгүүлэх хэрэгтэй болов уу?
 
 
 
 
Ачаа түүний дотор шингэнийг зөөх шилжүүлэх асуудал хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд тулгарсаар ирсэн том асуудал байсан бөгөөд орчин үеийн шахуургатай төстэй шингэнийг өргөх, зөөх механизмыг харьцангуй сүүлд буюу XV зуунаас ашиглаж эхэлсэн түүхтэй.
 
 
 
МЭӨ 2000 оны үед Эртний Египетэд усыг өргөх тээвэрлэхийн тулд дамнуурга зохион бүтээсэн байдаг. Энэ нь урт дамнуургын нэг талд хувин нөгөө талд нь хүнд жинтэй  ачаа өлгөж түүний тусламжтайгаар усыг хялбар зөөж тээвэрлэх төхөөрөмж юм. 
МЭӨ 200 оны үед Эртний Грекийн зохион бүтээгч, математикч Ктесибиус ёроолдоо хавхлага бүхий усны савыг хэд хэдэн шугам хоолойгоор холбон усыг өргөх тээвэрлэх төхөөрөмж зохион бүтээсэн энэ нь давшин буцах хөдөлгөөн үйлдэх бүлүүртэй (поршен) төхөөрөмж зохион бүтээх эх үндэс нь болсон гэж үздэг.
Мөн МЭӨ 200 онд агуу их сэтгэгч эрдэмтэн Архимед мушгиа буюу шурган шахуурга төхөөрөмжийг зохион бүтээсэн ба энэ нь өнөөдөр хүртэл газар тариалан аж үйлдвэрийн салбарт аливаа шингэнийг тээвэрлэх болон усжуулалтын системд хамгийн тохиромжтой арга хэрэгсэл төхөөрөмж болсоор байгаа билээ. Эртний Ромын үед уулын хөндий амнууд, гол мөрний урсгалын хөндий ай савыг ашиглан эрдэс металлын хольцтой булинга буюу зутанг өөрийн урсгалаар нь урсган бут сөөгийн ёроолд тунаж үлдсэн эрдэс металлыг ялган авдаг байсан түүхэн баримт ч бий.
Поршен буюу давшин буцах хөдөлгөөн үйлдэх бүлүүр бүхий хоолойгоос бүрдсэн анхны ердийн гар насосыг мастер Платнер 1439 онд Германд зохион бүтээсэн байдаг. Шахуурга болон шахуургын төхөөрөмжүүд нь поршений тусламжтайгаар хий агаар шахах үед үүсэх даралтын зөрөөний нөлөөгөөр шингэний  шилжүүлэх зарчмаар ажилладаг. 
Ийм поршен бүхий төхөөрөмжүүд нь янз бүрийн хатуулга нягтралтай, зуурамтгай бусад олон шинж чанар бүхий шингэнийг шахах тээвэрлэх чадвартай юм.
Тэр үед агуу эрдэмтэн Леонардо да Винчи зэрэг олон мастерууд төвөөс зугтах хүчний үйлчлэлийг ашиглах талаар туршилт судалгааны ажил гүйцэтгэж байсан бөгөөд тэд олж авсан мэдлэг, туршилтын үр дүнгээ ашиглан усан сангаас усаар тасралтгүй хангах механизм ба төхөөрөмж зохион бүтээх оролдлогууд хийж байсан. 
Доорх олны танил зургаас (Леонардо да Винчийн гар бичмэл) харахад төвөөс зугтах (сэнсэн) хүчний насос зохион бүтээх санаа Италийн эрдэмтний толгойд төрж  байжээ.
 
 
Гэвч удаан хугацааны туршид ийм төхөөрөмж бүтээх оролдлогууд үр дүнд хүрээгүй бөгөөд  XIX зуунд уурын хөдөлгүүрийг зохион бүтээсний дараа л ийм төхөөрөмж зохион бүтээгдэн улам сайжирсаар ирсэн билээ.
Төвөөс зугтах хүчний шахуургатай төстэй анхны төхөөрөмжийг 1475 онд Италийн Сэргэн мандалтын үеийн инженер Франческо ди Жиоржио Мартиний туурвисан бүтээлд дурдагдан бичигдсэн шавар өргөх машин байсан гэж үзэх боломжтой юм. 
Өнөөгийн төвөөс зугтах хүчний насосны эх загварыг анх XVII зуунд Францын инженер Бланкано, Папен нар зохион бүтээсэн гэж үздэг. Гэвч яг өнөөгийн төвөөс зугтах хүчний насосны эх загварыг инженер Дэмүр 1732 онд зохион бүтээсэн байдаг. 
Түүний бүтээсэн төхөөрөмжийн сул тал нь эргэлдэгч сэнснүүдийн голыг  тослох тосолгооны материал хангалтгүй байснаас болж амархан эвдэрч үйл ажиллагаанаас гарах явдал байжээ. 
Гэхдээ түүний энэ санаа усыг их хэмжээгээр шахах тээврэх алдагдал, элэгдэл багатай үр ашигтай төхөөрөмж зохион бүтээх хүсэл эрмэлзэл, судалгаа шинжилгээний ажилд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. 
Хамгийн анхны муруй сэнс бүхий ус өргөх төхөөрөмж насосны эх загварыг Английн зохион бүтээгч Жон Апполд 1851 онд зохион бүтээсэн ба АНУ-ын Жонсон, Андреас, Хаант Оросын Пушечников, Саблуков нар ч тийм төхөөрөмжийг тухайн цаг үед зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн  байдаг.
Ийм механик булинга тээвэрлэх төхөөрөмж буюу насосыг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн нь 1850-аад онд Канад, Австралийн алтны уурхайнуудад хэрэгжсэн түүхтэй юм.
Тэр үед шингэний гидравлик систем буюу усан өргөх төхөөрөмжийг ашиглан алтны жижиг ширхэг холилдсон булингыг урсган тээвэрлэдэг байжээ.
Түүнээс хойш хэлбэр, хийц загвар, техникийн хүчин чадлын хувьд улам бүр боловсронгуй болсоор сайжирсаар өнөө үед хүрч уул уурхай ба аж үйлдвэрийн салбарт төвөөс зугтах хүчний насосыг маш өргөн хүрээнд ашиглагдаж байна.
Дээр дурдсан уул уурхай эрдэс баялаг боловсруулалтын салбарт нэрт гарч олонд танигдсан, зах зээлд өөрийн байр сууриа баттай олсон брэнд бүтээгдэхүүн болох WARMAN шахуурга насосны үйлдвэрлэл үүсэж хөгжөөд 80 гаруй жил болж байгаа билээ.
 
Уул уурхайн эрдэс баялгийн салбарын ажиллагсад, инженер техникийн ажилтнуудад зориулан warman  насосны үйлдвэрлэлийн түүх, техникийн ашиглалт, давуу талуудын тухай товч мэдээлэл хүргэе.
WARMAN-ны түүхэн замнал Баруун Австралийн Калгурли хотод 1930-аад оны үед инженер зохион бүтээгч Чарльз Варман (Charles Warman) Warman International компанийг үүсгэн байгуулснаар эхэлсэн.
Инженер Чарльз Варман 1938 онд сорох хоолойн талд нь хамгаалалт хуягтай буюу резин доторлогоо бүхий төвөөс зугтаах хүчний насос зохион бүтээж патент авчээ.  
Тэрбээр "Төвөөс зугтах хүчний насосны сайжруулсан загвар" гэсэн нэртэй патент авсан бөгөөд энэ үеэ эс Warman насосны үүсэл хөгжлийн түүх эхэлсэн гэж үздэг.
 
Инженер Чарьз Варман:
 
Warman үйлддвэрийн худалдааны салбарын байр1940 он:
Тэрээр төвөөс зугтах хүчний насосыг резин доторлогоотой болгож битүүмжлэлийг илүү нэмэгдүүлснээр хүчин чадал нь нэмэгдэж найдвартай ажиллагаа сайжирсан бөгөөд ашиглалтын хугацаа ч нэмэгдсэн байна.  
Энэ нь тухайн үедээ дэлхийн шахуурга насос үйлдвэрлэлийн салбарт технологийн шинэ дэвшил авчирсан түүхэн үйл явдал болсон юм. Тэр үеээс баруун Австралийн олон алтны уурхайнууд тэдний үйлдвэрлэсэн шинэ загварын WARMAN насосыг худалдан авах болсноор түүний бизнесс улам өргөжин тэлж 1950-иад онд Сидней, Перте хотуудад өөрийн салбар оффисуудыг нээжээ.
Warman International компани 1940-1950-аад оны үед Warman нэртэй булингын шахуурга насосыг маш олноор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн бөгөөд тухайн үеийн дэлхийн нийт насос үйлдвэрлэл борлуулалтын зах зээлийн 90 гаруй хувийг тэд дангаараа эзэлж байжээ.
Ийнхүү түүний үйлдвэрлэл бизнес улам өргөжин тэлсээр WARMAN насос 1960-аад он гэхэд дэлхийд танигдсан тэргүүлэх зэргийн шилдэг бүтээгдэхүүн болж чадсан байна.
Тэд цаашид резин болон металл эд ангиудын элэгдлийн бууруулах ашиглалтын хугацааг хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар шаргуу ажиллан олон төрлийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж ирсэн нь чанар стандартаараа хэрэглэгч нарт танигдсан дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эх үндэс нь болсон гэж үздэг.
 
 
 
WARMAN компани 1974 оноос өндөр хүчин чадал бүхий асар том овор хэмжээтэй Warman® AH маркийн насосууд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн үедээ резин жийрэг хуягтай дэлхийн хамгийн том, хамгийн өндөр хүчин чадалтай, хамгийн өндөр даралттай насосонд тооцогдож байсан юм.
 
 
 
Өнөөдөр дэлхий нийтээрээ уул уурхай аж үйлдвэрлэлийн салбарт хаягдал булинга, янз бүрийн шингэн зутан тээвэрлэхэд тэдний өндөр хүчин чадал бүхий насосуудыг ашиглаж байгаа билээ.
Warman International компанийн хувьцааг 1999 онд Weir групп худалдаж авсан ба Өмнөд Африк дахь Warman компанийн сүүлчийн хуучин үйлдвэрийг тэд 2008 онд худалдан авсанаар үйлдвэрийг бүрэн эзэмших болсон байна.
Инженерингийн салбарт үйл ажиллагаа эрхлэх G. & J. Weir Ltd компанийг анх 1871 онд ах дүү Жорж Вейр, Жеймс Вейр нар үүсгэн байгуулсан.
Анхны үед ах дүү Вейрүүд Англи Шотландын усан онгоц үйлдвэрлэгч нарт зориулан усны шахуурга насос, ус халаагч бойлер, ус дамжуулах шугам хоолой гэх мэт туслах тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэн нийлүүлдэг байжээ.
Тэдний байгуулсан компани Дэлхийн 1-р дайны үед засгийн газрын захиалгаар цэргийн зэвсэг техник ч үйлдвэрлэж байсан бөгөөд сөнөөгч, бөмбөгдөгч онгоцнууд үйлдвэрлэж байсан түүхтэй мөн 1943 онд нисэх хүчний захиалгаар нисдэг тэрэгний эд ангиуд  үйлдвэрлэж байсан түүх бий.
Өнөөдөр Weir Group нь уул уурхай, газрын тос хий боловсруулалт, хими технологи, хүнд үйлдвэрлэлийн салбарт техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл,  зохион бүтээх инженерингийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэстэн дамнасан том корпорац болжээ.
Дэлхийн 70 гаруй улс оронд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг олон үйлдвэр салбаруудтай нийт 15000 гаруй ажиллагсадтай нийт орлого нь 2,661,9 сая фунт Стерлинг хүрсэн том компани болсон байна. Weir Group нь Warman® насосын үйлдвэрийг худалдаж авснаар шинэ удирдлага менежментийн бодлого, шинэ өнгө төрх арга барилаар ажиллаж эхэлсэн гэдэг.
Тэд WARMAN насосны үйлдвэрлэлд 2002он гэхэд техник технологийн олон шинэчлэл өөрчлөлтүүдийг хийж амжсан бөгөөд 2009 онд насосны ажлын дугуйнд эрс шинэчлэлт өөрчилөлт хийж инженерийн маш оновчтой шийдэлд хүрсэн юм.
Тэдний үйлдвэр баяжмал хөөс, завсрын бүтээгдэхүүн, хаягдал булинга болон зуурамтгай өтгөн булинга, бүдүүн ширхэгтэй элстэй булинга шахах тус бүрийн зориулалт бүхий янз бүрийн хэлбэр хийцтэй ажлын дугуйтай олон төрлийн насосууд үйлдвэрлэж эхэлсэн байна.
 
Warman насосны ажлын дугуйнуудын хэлбэр зориулалт:
 
 
WARMAN үйлдвэр нь үйлдвэрлэж буй насосынхоо элэгдлийг бууруулах найдвартай ажиллагааг хангах талаар маш шаргуу ажиллаж сорох хоолойд нь металл жийргэвч буюу “throatbush” хийж өгснөөр насосын ашиглалтын хугацааг уртасгаж чадсан. Тэд ингэж шаргуу ажилласнаар дэлхийд чанар стандартаараа танигдсан булингын насос үйлдвэрлэлээрээ тэргүүлсээр байгаа билээ.
Компанийн инженер зохион бүтээгч нар анхны Warman AH® насосын загварыг танилцуулснаас хойших 80 гаруй жилийн үйлдвэрлэлийн туршлага, олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн мөн үйлчлүүлэгч хэрэглэгч нараас авсан санал хүсэлт захиалгыг үндэслэн насосын хэлбэр загвар дизайн, эд ангиудыг улам сайжруулан хүчин чадал, техникийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлсээр ирсэнд тэдний давуу тал оршдог юм.
Өнөөдөр тэд олон жилийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнд Warman® WRT® насосын ажлын дугуй, WRT® ба throatbush-(сорох хоолойн жийргэвчийг) элэгдэлд тэсвэртэй хатуу ган хайлшаар хамгийн найдвартай, бүтээмж өндөртэй, элэгдэлд тэсвэртэй урт хугацаанд ажиллах чадвартайг үйлдвэрлэж чадаж байгаа билээ.
Weir Minerals Group төрөл бүрийн ажлын дугуй, сорох хоолойн битүүмжлэлийг санал болгохоос гадна өөрийн хэрэглэгчидтэй байнгын холбоо харилцаатай ажиллаж санал хүсэлт шүүмжлэлийг сонсдог тэдний техник ашиглалтын нөхцөл байдал үйл ажиллагаанд тохируулан техникийн шинэчлэлтийг үргэлж явуулдаг онцлог давуу талтай юм.
Сүүлийн жилүүдэд уул уурхай аж үйлдвэрийн салбарт өндөр хүчин чадалтай, том овор хэмжээтэй хүнд даацын шахуурга насосуудын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа билээ.
Өндөр хүчин чадал бүхий Warman AH® төрлийн шахуурга насосыг эрдэс боловсруулах баяжуулах үйлдвэрүүд бусад газрын тос хими технологийн үйлдвэрүүд маш ихээр захиалан өргөнөөр ашиглаж байна.
Баяжуулах үйлдвэрүүд хөвүүлэн баяжуулалтын дараах хаягдал болон баяжмал булинга мөн завсрын бүтээгдэхүүн, нунтаглалтын дараах гидроциклоны тэжээл гэсэн өндөр нягтралтай хэт их хэмжээний булингын тасралтгүй шахах дамжуулахад Warman AH® маркийн насосуудыг өргөн ашигладаг болжээ.
Тэдний үйлдвэрлэсэн насосын найдвартай ажиллагаа, урт хугацааны ашиглалт нь баяжуулах үйлдвэрийн технологийн процессын жигд хэвийн ажиллагааг хангаснаар металлын алдагдлыг багасгах, металл авалт гарцыг нэмэгдүүлдэг төдийгүй засвар үйлчилгээний зардалыг бууруулдаг гээд олон эерэг давуу талуудыг бий болгодог.
 
WARMAN Engineering Group:
 
Synertrex™ суурьтай WARMAN насос:
 
 
Хаягдал булинга шахах цувраа байрлуулсан warman насоснууд
 
 
Weir Minerals компанийн техникийн бас нэгэн дэвшил бол Warman® насосыг өөрийн тусгай зориулалтын Synertrex™ гэсэн суурин дээр суурилуулсан явдал байлаа. Энэ суурин дээр насосын үйл ажиллагааг хянах удирдах зориулалт бүхий олон тооны мэдрэгч датчикууд суурилуулж өгсөн байна. Ингэснээр насосын автомат удирдлага нэмэгдэж жигд хэвийн ажиллагаа сайжирч эвдрэл гэмтэл буурсан.
Weir Minerals компанийн техникийн хэлтсийн судлаач инженер Майкл Хэмб "Synertrex платформ буюу насосын энэ суурь нь warman насосыг автоматаар удирдан хэрэглэгчид насосыг бүрэн хүчин чадлаар нь найдвартай жигд хэвийн ажлуулах зориулалттай ”гэж хэлсэн байдаг. Weir Group –ийн гол зарчим бол техник технологийн ба эд материалын шинэ дэвшил хөгжлийг үйлдвэрлэлдээ байнга нэвтрүүлэн хэрэглэгчид худалдан авагчидтай тогтмол холбоо харилцаатай ажиллаж тэдний хэрэгцээ таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь түргэн шуурхай найдвартай хүргэж үйлдвэрлэдэг онцлогтой юм.
Түүнээс гадна Warman компани нь хамгийн сайн загвар хийцтэй, чанар стандарттай, шинэ техник технологийн өндөр үзүүлэлтүүдтэй, хүчил чадал өндөртэй, найдвартай ажиллагаатай насосуудыг олон жилийн туршид үйлдвэрлэн дэлхийн өнцөг булан бүрд нийлүүлэн насос үйлдвэрлэл борлуулалтын зах зээлд тэргүүлсээр ирсэн билээ.
Тэд энэхүү олон жилийн туршлага дээрээ үндэслэн Warman® төрлийн шахуурга насосуудыг улам шинэчлэн сайжруулсаар дэлхийн уул уурхай, хими технологи, аж үйлдвэрлэлийн салбарын шахуурга насосын  том нийлүүлэгч болж чадсан юм.
Австралийн экспортын бүтээгдэхүүн дотор WARMAN насосын үйлдвэрлэл нийлүүлэлт зонхилох байр суурь эзэлдэг.
Маш олон Баяжуулах Үйлдвэрийн тээрмийн тэжээл болон дотоод булинга дамжуулалт, тээвэрлэлт, хаягдал булинга тээвэрлэлт гээд өндөр хүчин чадал  их ачаалал шаардсан дамжлага хэсгүүдэд Warman® компанийн хэвтээ ба босоо төрлийн автомат удирдлагын системтэй насосууд хамгийн найдвартай жигд сайн ажиллан шалгарч байна.
 
 
Warman насосны техникийн зураг:
 
  
WARMAN насосны эд ангийн задаргаа:
 
WARMAN үйлдвэрийн орон нутаг хариуцсан менежер Маркус Лейн хэлэхдээ "Чарльз Варман төвөөс зугтах хүчний насосод резин доторлогоо хуяг хийж өгснөөр түүний эд ангиудын элэгдэл эрс багассан бөгөөд хүчин чадал бүтээмж нэмэгдэж, ашиглалтын зардал буурч ямарч төрлийн шингэнийг тээвэрлэх мөн удаан хугацаанд ашиглах боломжтой болсон, 
Энэ нь худалдан авагчид ба хэрэглэгчдийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдэж шинэ техник технологийн хөгжил дэвшлийг үйлдвэрлэлд нэн даруй нэвтрүүлж ирсний нэг тод жишээ юм тэдгээрийг манай техникийн их сургуулиудад тусгайлан судалдаг юм” гэж хэлсэн  байдаг.
Мөн тэрээр "Бид судалгаа шинжилгээний ажил техникийн дэвшлийг байнга тогтмол хийснээр хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээж, Тэд манай бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байдаг төдийгүй Weir Minerals компани хэрэглэгчид дээ зориулан өөрийн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж сайжируулах талаар байнга эрэл хайгуул хийдэг юм” гэж хэлжээ.
Ер нь аливаа бизнесийн хөгжлийн үндсэн зарчим бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанар стандарт, хүчин чадлыг нэмэгдүүлэх сайжруулах хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэх явдал юм үүний тулд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг зүй зохистой  явуулах зайлшгүй шаардлага тулгардаг билээ.
Түүнээс гадна менежер Маркус Лейн хэлэхдээ “Бидэнд дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа манай насосны хэрхэн яаж ажиллаж байгаа тухай мөн эд ангиудын механик эвдрэл, элэгдлийн тухай маш их мэдээлэл ирдэг, Энэ бүхэн нь бидэнд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулан зах зээл дээр өрсөлдөх боломж олгож байдаг юм” гэж хэлсэн нь бий.
Тэдний үйлдвэрлэдэг Warman® насос уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх булинга шахах насос болж чадсан бөгөөд  хаана ямар ч баяжуулах үйлдвэр дээр очсон аль нэг шат дамжилга дээр нь булинга шахах Warman® насос ажиллаж байхыг харж болно.
 
WARMAN насосны загвар моделууд болон хаана ашиглах тухай хүснэгтэд харуулав.
 
 
Манай улсын Оюу-Толгой ХХК-ны Баяжуулах Үйлдвэрт суурилагдсан бүх насосууд WARMAN үйлдвэрийнх бөгөөд амжилттай ажиллаж байна. Оюу-Толгойн уурхай дээр тэдний үйлдвэрийн бие төлөөлөгч байнга ажиллаж насосын сэлбэг хэрэгслийн захиалга, засвар үйлчилгээ, техникийн ашиглалт гээд олон зүйл дээр худалдан авагчтай хамтран ажилладаг.
Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н Баяжуулах Үйлдвэрийн технологийн зарим шат дамжлага дээр warman маркийн насосууд олон жил найдвартай сайн ажиллаж чанар стандартаараа танигдсан. 
 
Баяжуулах үйлдвэрүүдийн туршилгаас хархад хэчнээн үнэ өндөртэй ч гэсэн чанартай элэгдэл, эвдрэл багатай насос урт хугацаанд тогтвортой ашиглах нь технологийн процессыг жигд тогтвортой явуулан металлын алдагдалыг багасгаж, сул зогсолт ажил үйлчилгээний зардалыг бууруулдаг гээд олон давуу талуудыг бий болгодог.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н Баяжуулах Үйлдвэрийн Бөмбөлөгт тээрмийн гаралтын хэсэг дахь Орос насос 12ГРТ мөн Хятадын Naipu компанийн насосын ажлын дугуйнууд дөнгөж 150-300 цаг ажилладаг бол яг ижил төрлийн WARMAN-АН 10/8F маркийн насосын ажлын дугуй 3000-3200цаг ажилладаг нь дэлхийн практикт тогтоогдсон бөгөөд үйлдвэрлэгчийн техникийн бичиг баримтад ч дурдагдсан байдаг. 
Ер нь чанартай найдвартай ажиллагаатай нэг насос тасралтгүй ажиллах хугацаа чанар муутай хямд насос бараг 3-4 ширхэг ажлаад дуусах хугацаатай дүүцэх нь бий. 
Эднээс эдийн засгийн хэмнэлт, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, үйл ажиллгааны зардал бууралт гээд олон зүйл шалтгаалдаг болохоор инженер техникийн ажилтнууд, менежерүүд үүнд илүү их анхаарч ажиллах шаардлагатай болов уу. 
 
Монгол Улсын Зөвлөх Инженер Д.Отгонбаатар