sonin.mn
УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханы удирддаг Буриад соёл, өв уламжлалыг өвлүүлэх сангаас Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд гомдол гаргажээ.
 
Уг гомдолд: "Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан гомдлоо хүргүүлэхийн ялдамд Танд мөн хандаж байна. Монгол Улс HYБ-д элсэхдээ үүрэг хүлээж, олон улсын конвенц, гэрээ хэлэлцээрт нэгдэж хэлбэрэлтгүй сахиж, энхийг сахиулах, хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, Ардчиллыг үлгэр жишээ болгохын төлөө тууштай зүтгэж, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглальг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлсээр ирсэн. Гэтэл Ардын Хувьсгалын 100-н жилийн ойн "Би Монгол Хүн" хүндэтгэлийн теле контент хийхдээ; 5.1 Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглох. 5.2 Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино дүрслэлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглох тухай садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтыг илтэд зөрчин, буриад халх эмэгтэйн хормой хотыг сөхөх гээд гүйх, сөхөж харах зэрэг нь,
 
Sexual Harassment-ийг татвар төлөгчдийн олон зуун сая төгрөгөөр өргөн сурталчилж, тухайлбал Буриад угсаатны ёс заншил, уламжлалыг доромжлон, ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг ноцтойгоор зөрчлөө.
 
Энэ нь Үндсэн хуулийн 14.2-т заасан хүнийг яс үндэс, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтыг зөрчсөн. Үндсэн хуулиар Засгийн Газар хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Энэхүү инцидент нь Эрүүгийн хууль, Соёлын болон соёлын өвийн тухай хууль, олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн тухай хуулийн заалтуудыг ч зөрчлөө. Ийнхүү Төрт ёс, түүхэн уламжлалт Монгол Төрийн наадмыг хошин шогийн түвшинд буулган Дэлхийд цацсан нь олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлж, бухимдал харууслыг бий болгоод зогсохгүй Монголчуудын Омог бардам, Эрхэмсэг оршихуй, бахархалыг огоорсон. Энэ нь гадаадын зочид, жуулчид зорин ирэгсдийн тоог эрс бууруулах нь дамжиггүй." гэсэн байна.