sonin.mn
Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв болох ном судрыг хадгалан буй Үндэсний номын сангийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Баярхүүгийн ИЧИНХОРЛООГ урьж ярилцлаа.
 
-Үндэсний номын санг анх хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ. 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
 
-Монголын Үндэсний номын сан 1921 онд “Судар бичгийн хүрээлэн” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. “Судар бичгийн хүрээлэн”-г Онхудын Жамьян гүн тэргүүт эрдэмтэн судлаачид өөрсдийн цуглуулсан судар номоо нийлүүлэн үүсгэсэн түүхтэй. Олон хүмүүний хувь хандив, төр засгийн шийдвэрээр өдрөөс өдөрт сан хөмрөг нь арвижсаар байсан энэхүү номын санд хожмоо Богд хааны номын ордонд хадгалагдаж байсан үнэт ховор судар номуудыг шилжүүлэн авч ирсэн юм. Ингээд бодохоор манай номын санг “Хаадын номын сан” гэж хэлж болно.
Манай номын сангийн 100 жилийн ой бол орчин цагийн нийтийн номын сангийн соёл бүрэлдэн тогтсны ой, монголчуудын эрдэм соёлын баяр юм. Энэ цаг үе бол тэмдэглэлт ой, баяр наадмын төсвийг хязгаарлахаас аргагүй хүнд үе байна. Тиймээс 100 жилийн ойгоо уншигчид, номтойгоо оюунаа цэнгүүлж л тэмдэглэнэ. Номын санчид уншигчдаа гэгээрүүлэх, соёлжуулах их үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, тэднийхээ нүднээс урам зориг харж баярладаг улс. Бид өвчин тахлын хүнд хэцүү нөхцөлд ч номын сангийнхаа үйл ажиллагааг тасралтгүй хүргэхээр, онлайн горимд шилжин ажиллаж байна. Аль болох уншигчдынхаа хүссэн мэдээлэлд хязгаарлалт тогтоолгүй үйлчилгээ үзүүлэхийг зорьж, дотоод ажлаа шахуу төлөвлөгөөтэй “нүдэж” номын сангийн үйлчилгээний хоцрогдол болсон хэвшмэл ойлголтууд, шинэ соёлыг хааж “гортиглосон хана”-ыг нурааж байгаа. Энэ бүхэн цар тахлаас авсан сургамж, цаашид зүтгэх шинэ хүч болж байна.
 
 
 
-Их ойн босгон дээр шинэ байрандаа нүүн орж ажиллаж амжих болов уу?
 
-Монгол Улсад номын сангийн салбар үүсгэн байгуулагдаад 100 жил боллоо гэдэг бол дараагийн дорвитой том алхмыг хийх цаг тулж ирснийг бидэнд сануулж байна. Номын сангийн уламжлалт үйлчилгээ уншигчдын ой тойнд тогтсон нэг ойлголтоор л буудаг. Тэр нь номын санд суугаад нэг ном уншина. Гэтэл номын сан зөвхөн ном уншуулдаг газар биш, хүнийг өөрийгөө олоход нь тусалдаг, эрдэм дэлгэрүүлдэг, шинэ санаа өгдөг, шинэ соёл түгээдэг газар юм. Монголын номын санг дэлхийн жишигт хүргэх, олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг болох алхмыг бид хийх ёстой. Номын сангийн дараагийн үсрэнгүй хөгжил бол үндэсний цахим номын сангийн суурийг зөв тавихад оршино. Үндэсний цахим номын сангийн суурийг зөв тавьснаар бид дэлхийн боловсролтой хөл нийлсэн уншигчдыг төрүүлнэ. Тиймээс 100 жилийнхээ ойн босгон дээр үндэсний цахим номын сангийн суурийг зөв тавьж, шинэ номын сангийнхаа барилгыг хүлээн авах зорилготой байгаа юм. Он удаанаар хүлээж байгаа номын сангийн шинэ барилга хараахан ашиглалтад ороогүй байна. Манай хамт олон шинэ байр ашиглалтад орохоор ямар үйлчилгээ үзүүлэх вэ, уншлагын танхимыг яаж зохион байгуулах вэ, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ яаж хүссэн номыг нь уншуулах вэ гээд байнга л бодож төлөвлөж сууна. Шинэ байр маань 450 хүнийсуудал бүхий хүчин чадалтай олон улсын стандарт, жишигт нийцсэн техник технологийн шийдэл бүхий ховор, үнэт ном судрын хадгалалт хамгаалалтын орчин бүрдсэн, хурал, семинар, арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулах танхимуудтай цахим номын сан байна. Чөлөөт сонголт, цахим уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлэхээс гадна ном хэвлэлийг скайнердан тоон хэлбэрт шилжүүлэх, аудио, видео, брайль ном боловсруулах тусгайөрөө, мини театр, хурлын танхим зэрэг төрөлжсөн 16 танхим бүхий 9948.2 ам метр талбайтай байхаар зохион байгуулагдсан юм.
 
ОДОО Л НОМЫН САНДАА АНХААРАЛ ХАНДУУЛАХГҮЙ БОЛ АЛСЛАГДСАН СУУРИНГИЙН АМЬ ХАЛУУНЫГ ТЭЭЖ ЯВДАГ ЦӨӨХӨН СЭХЭЭТНИЙ НҮДНИЙ ГАЛ УНТАРНА
 
-Та бүхэн шинэ байранд нүүн орсон ч хуучин байраа судалгаа шинжилгээний байгууллага болгон ажиллуулна гэж зорьж байгаа шүү дээ. Гэтэл барилгын чанар муугаас ашиглах боломжгүй гэлцдэг…
 
-Бидний төрөлх гэр орон болж 70 насыг насалж байгаа энэ барилга маань Монголд байгаа номын сангийн зориулалтаар баригдсан хамгийн том, ганц байгууламж. Хотын зүрхэнд байдаг энэ барилга руу өлөн харц шидэж, өөр зориулалтаар ашиглая гэсэн санаархал, шунал явдгийг нуух хэрэггүй. Номын санчдын болон уншигчдын хүсэл бол Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нь соёл урлагтаа элэгтэй, эрдэм номыг дээдэлдэг хүн байгаасай гэдэг залбирал. Салбарыг ямар үзэл бодолтой хүмүүс толгойлохоос тухайн салбарын хөгжлийн хурд, бодлого шинэчлэлийн хувь заяа шалтгаалдаг. Аз болоход 26 жилийн дараа байгуулагдсан Соёлын яам маань соёлын өвөө хамгаалах тал дээр тууштай бодлого барьж эхэллээ. Манай яамны сайд Ч.Номин Үндэсний номын сангийн 70 жилийн түүхтэй барилга номын сангаараа үлдэж, үнэт ховор номуудтайгаа эрдэм шинжилгээ судалгааны номын сангийн зориулалтаар ажиллана гэсэн байр суурьтай байгаад магнай хагартал баярлаж байна. Энэ бол бидний 100 жилийн ойд барьж буй засаг төрийн маань том бэлэг юм. Мэдээж үүний тулд хуучин барилгад их засвар хийнэ. Хуучин барилга маань өөрөө соёлын өв, дотор нь байгаа номууд монголчуудын хэдэн зууны оюуны үнэт өв юм. Яагаад Монгол Улсын Үндэсний номын сан хуучин шинэ хоёр барилгатай байж болдоггүй юм бэ.
 
-Шинэ номын санд ажиллах боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байгаа вэ. Номын санч гэдэг бол өнөө цагт уншигчийн хэлсэн номыг авч өгчихөөд сууж байдаг хүн биш болж байгаа гэж та хэлсэн байсан шүү дээ?
 
-Монгол Улс даяар хот, аймаг, сум бүрд намын үүр, номын сан хоёр л байна. Ямар ч цөөхөн хүнтэй суманд номын сан байна. Тэндхийн сэхээтнүүд шинэ ном сонингоо үзэх гэж соёлын төвийнхөө босгыг элээдэг хэвээрээ байгаа. Одоо л амь тариа хийж номын сангаа татаж босгохгүй бол алслагдсан бөглүү суурингийн амь халууныг тээж явдаг цөөхөн сэхээтний, сайхан хүмүүсийн нүдний гал унтарна. Тиймээс хөрөнгө хүч хаяж, ном соёлын салбарыг өндийлгөж авах ёстой л доо. Өнөөдөр хөдөө орон нутагт номын санч мэргэжлийн хүн дутмаг байна. Орон нутагт ч гэлтгүй манай номын сангийн салбар бүхлээрээ боловсон хүчний хомсдолд орсон. Хүүхдүүд номын санч мэргэжлийг сонгохгүй байна. Энэ их эмзэг сэдэв. Цалин багатай, цаг наргүй энэ мэргэжлийг ирээдүйгээ болгохгүй байгаа нь тэдний буруу биш шүү дээ. Гэтэл номын санч гэдэг ямар гоё мэргэжил билээ. Номын санч болмоор байдаг ч цалин хангамжаа бодоод өөр мэргэжил сонгож, ажил мэргэжлийн аз жаргалгүй амьдрах болдог. Харамсалтай шүү дээ. Тэгэхээр номын санч мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлж байж л энэ гажиг засарна. Номын санчид зөвхөн үйлчилгээний ажилтан биш, эрдэм шинжилгээ судалгааны ахисан түвшний үйлчилгээ үзүүлэх чиглүүлэгч судлаачид болох чиглэл рүү явж байна. Тиймээс номын санчид маань олон хүнийг эрдэм мэдлэгт хүргэх хаалганд чиглүүлэгч газарч гэдгийг сэтгэл дотроо төлөвшүүлэн, өөрсдийгөө дайчлах ёстой. Орчин үеийн номын сангийн үүрэг бол мэдлэг мэдээллийг ялгаварлалгүй олгох. Эрдэмтдэд ч гарц зааж өгөх хэрэгтэй. Ноорхой жаалыг ч номын амтанд оруулах учиртай. Үүний тулд мэргэжлийн сургалтын бодлогодоо шинэчлэл хийж СУИС-тай хамтран орон нутгийн номын санчдыг мэргэшүүлэх, номын санч мэргэжлийг сонгосон оюутнуудад тэтгэлэг олгох, номын санчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх саналтай байдаг.
 
-Өнгөрсөн хугацаанд та бүхэн хэчнээн хүнд үйлчилсэн бэ. Сонирхолтой тоо баримт байгаа юу?
 
-Монголын үндэсний номын сан жилд дунджаар 1500 нэрийн 3000-4000 ширхэг ном 150 нэрийн дотоод гадаадын тогтмол хэвлэлийг бүрдүүлэн номын сангийн сан хөмрөгийг баяжуулж, жилдээ 35 мянган уншигч хэрэглэгчдэд үйлчилдэг. Ер нь манай оронд номын сангаар шагайж үзээгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Монголчууд эрдэм номыг дээдэлдэг ард түмэн. Үндэсний номын сан зөөврийн буюу нүүдлийн номын сангаар хаана ч очиж уншигч олондоо үйлчилж байна. Гэхдээ тэднийхээ тоог нэмэхийг хүсэж байна. Нийгмийн хурц ялгарал үүсэж байгаатай холбоотойгоор нүүдлийн номын санг маш нарийн дэг зохион байгуулалттайгаар хүргэх шаардлагатай боллоо. Бидний нэг хэсэг номгүйн харанхуй руу живсээр байна. Тэднийхээ гараас тавимааргүй байна. Наад зах нь Улаанчулуутын хогийн цэг дээр бид хүрч үйлчлэх хэрэгтэй. Тэнд байгаа хэд маань хогоо түүж яваад нэг амсхийхдээ ном уншиг л дээ. Ингэхээр бас л хөрөнгө хүч, сэтгэл зүтгэл яригддаг. Сайн дурын идэвхтнүүдтэй хамтардаг ч тэд үнэт цагаа номын санд хандивлаад үнэлэмж амсахгүй шантардаг.
 
ТӨРИЙН АЧААНААС ҮҮРЭЛЦЭЖ, ХҮМҮҮСИЙН ЖАРГАЛ ЗОВЛОНГ ХУВААЛЦАХ НЬ 100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ НОМЫН САНГИЙН САЛБАРТ ИРЖ БАЙГАА ҮҮРЭГ ЮМ
 
-Бичиг үсэг тайлагдсан гэдгээрээ бид саяхан л дэлхийд гайхагдаж байлаа. Гэтэл одоо цагт цэрэгт бичиг үсэггүй иргэд татагдан ирж байна гэх болсон нь харамсалтай?
 
-Харамсалтай юм олон болоод л байна. Олон хүнийг соён гэгээрүүлж төр болон иргэдийг сэхээрээч, ухаараач гэдэг хонхыг чихэнд нь дэлдэж байх үүрэг номын санчдад ногдож байна. Тийм болохоор номын санч мэргэжлээр олон залуус суралцаасай гэж хүсдэг. Бид зөвхөн шинэ байр хүсээд байгаа ч юм биш. Байшин савгүй байлаа ч хүссэн газраасаа хэрэгтэй мэдээллээ авдаг ханагүй үйлчилгээний системийг нэвтрүүлэх нь манай салбарийн шинэчлэл болно. Төрийн ачаанаас үүрэлцэх, хүмүүсийн жаргал зовлонг хуваалцах нь 100 жилийн түүхтэй номын сангийн салбарт ирж байгаа үүрэг юм.
 
-Та бол номын сангийн захирал бас яруу найрагч. Утга зохиол яруу найраг биднийг өөр зүйлд татаад байх шиг санагддаг?
 
-Хүний сэтгэлгээ хязгааргүй орчинд хүрч чаддаг. Бидний түүх, ёс заншил, эх хэл, эх оронч үзэл бол монгол хүний язгуур соёл юм. Язгуур соёл эрсдэж байгаа энэ үед Монголын номын сангийн үүрэг бол монголчуудынхаа гайхалтай туурвилуудыг ханагүй хил хязгааргүйгээр цахимаар уншигчдад хүргэх явдал юм. Тэр хүн малчны хотоос байна уу, манай гаргийн хаанаас ч эх хэлний уран яруу хэллэгтэй шүлэг найраглалыг гар утаснаасаа татаад унших, уншиж чадахгүй нь аудиогоор сонсох, сонсож харж чадахгүй нь гараараа тэмтрээд унших боломжтой байх ёстой. Тэгж байж уншигчид үзэл санаа, ёс зүйн төлөвшил бий болно. Монголчууд олноороо гадаадад амьдарч, хэдэн үеэ харьд өсгөж байна.
 
 
 
Монгол хэлгүй монгол хүн олон боллоо. Тэр хүмүүст бид эх болсон монгол орны голомтоос нь язгуур соёлыг нь хүргэж үйлчлэх ёстой. Энэ бол Монголын үндэсний номын сангийн хөгжлийн дараагийн том алхам мөн. Цахим номын сангийн суурийг зөв тавьж, дэлхий даяар тархан суурьшсан монголчууддаа язгуур соёлыг нь түгээн дэлгэрүүлэх үүргээ биелүүлэх ёстой.
 
 
 
-Цахим номын санд бүх ном бүтээлийг оруулахад асар их цаг хугацаа шаардана биз?
 
-Гол нь бид цахим номын сангийн сууриа зөв тавих хэрэгтэй. Маш их хөрөнгө цаг хугацаа шаардана. Гэхдээ одоо л эхлэхгүй бол бид хоцорно. Аливаа оюуны өмчийн үйлчилгээг хууль эрхзүйн нарийн зохицуулалттай үзүүлэх учиртай. Энэ ажилд засаг төрөөс анхаарч байгаад уншигч олныхоо өмнөөс маш ихээр талархаж байна. Хуульд зааснаар номын сангийн үйлчилгээ үнэ төлбөргүй байх ёстой. Гэтэл зохиогчид өөрсдийн бүтээлийг цахим ертөнцөд уншигчдад тодорхой хэмжээгээр үнэ төлбөртэй хүргэхийг зорино. Энэ мэтчилэн хууль эрх зүйн томоохон зохицуулалтыг хийх шаардлага бий.
 
 
УНШИГЧИЙН БОЛОВСРОЛЫГ САЙН ТӨЛӨВШҮҮЛЖ ЧАДВАЛ ХЭРЭГТЭЙ НОМ, ХЭРЭГГҮЙ ЦААС ХОЁР НЬ АЯНДАА ЯЛГАРНА
 
-Үнэт ховор номоороо бид дэлхийд дээгүүрт ордог. Тухайлбал, та номын сангийнхаа ямар бүтээлүүдийг онцлох вэ?
 
-Монголын Үндэсний номын сан 3.5 сая гаруй ном судартай бөгөөд үүний 1.5 сая нь монгол, төвөд, манж хэлээр бичигдэж, барлагдсан дахин үл давтагдах ганц хувь хосгүй үнэт бүтээлүүд бий. 1651 онд зохиосон “Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, VIII зуунаа эхэлсэн Чингис хааны угийн бичиг, дэлхийд цорын ганц 1819 онд бүтээсэн “Есөн эрдэнийн Ганжуур”, цалин цагаан мөнгөн дээр үсгийг шарж алтдаад эхлэл төгсгөлийн өгүүлбэрийг цул шижир алтаар хөөмөлдөн урласан “Сандуйн жүд”, битүү цутгуурын аргаар урласан Бурхан багшийн дүр бүхий Жадамба зэрэг Монголын төдийгүй Төв Азийн соёл иргэншлийн түүхэнд үнэ цэнтэй бичгийн дурсгал олноор хадгалагдаж байна.
 
-Үндэсний номын санд шинэ ном гаргасан бүх зохиолчид хадгалуулах үүрэг байдаг. Энэ үүргээ зохиолчид хэрхэн биелүүлж байгаа вэ?
 
-Энэ заалтыг баримталдаг хүн ч байна, баримтлахгүй нь ч бий. Манай номын сан Монгол Улсад хэвлэгдэж гарч байгаа ном сонин сэтгүүл товхимол бүрээс ядаж нэг хувийг архивлан хадгалах үндсэн үүрэгтэй. Бид жилдээ 30 сая төгрөгөөр ном хэвлэл худалдаж авдаг. Үндэсний номын сан гэхэд ичмээр төсөвтэй байгаа биз. Энэ төсөв Монголд хэвлэгдэж байгаа номын долоон хувь орчмыг л худалдан авч чадах хэмжээ. Хүмүүс номоо хандивладаг нь бидний худалдан авч байгаагаас илүү сан хөмрөгийг баяжуулдаг юм. Бид хандивын арга хэмжээг байнга зохион байгуулдаг л даа. Хандивын ажил хэзээд амар байдаггүй. Гэхдээ бид гомдоллох эрхгүй. Ном худалдаж авах зардлыг бага боловч нэмээсэй гэж хүсдэг юм.
 
-Монголчууд нэг үеэ бодоход ном уншдаг болсон. Гэхдээ хангалттай хэмжээнд хүрээгүй гэж та хэлсэн?
 
-Хэвлэгдэн гарч байгаа ном бүр уншигчийн шаардлагад нийцдэггүй.
 
 
 
Сайн ном л сайн хүнийг төрүүлдэг. Чанартай ном бүтээл нь эрдэм боловсролтой монгол хүнийг төлөвшүүлдэг. Уншигчийн боловсролыг сайн төлөвшүүлж чадвал хэрэгтэй ном, хэрэггүй цаас хоёр нь аяндаа ялгарна.
 
 
 
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН 100 ЖИЛИЙН ОН ЦАГИЙН ОНЦЛОХ ТОВЧООН
 
1921-Улсын Бага хурал 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэн /Одоогийн Шинжлэх Ухааны Академи/ байгуулж, дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргаснаар Үндэсний номын сангийн суурь тавигджээ.
1924-Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба таалал төгсөж, Богдын номын санд хадгалагдаж байсан монгол, төвөд, манж, хятад зэрэг хэлээр олон мянган ном, судар тус номын санд шилжин иржээ.
1925-Жонон ван Ширнэндамдин, Судар бичгийн хүрээлэнгийн захирал Онхотын Жамъян нар Бээжинд суурин сууж буй халх Чин ван Наянтаас монгол Данжуур судрын 226 ботийг эх орондоо бүрэн бүтнээр залж авчирчээ.
1935-Засгийн газрын 164-р тогтоолоор хэвлэлийн аливаа бүтээгдэхүүн эрхлэн гаргагч бүх хэвлэлийн газар, яам, албан байгууллагууд өөрсдийн хэвлүүлсэн зүйл бүрээс Улсын номын санд 3 хувийг үнэгүйгээр олгож байхаар шийдвэрлэжээ.
1936-Ахмад эрдэмтэн Я.Цэвэл Монголын Үндэсний номзүйн бүтээлийг анх гаргажээ.
1940-Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ.
1941-Номын сан бие даасан байртай болж, уншлагын танхимтай болсон төдийгүй аравтын системээр монгол номын төрөл ангийн болон үсэг дарааллын товьёолол нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
1949-БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны арван-хоёрдугаар сарын 20-ны 34-р зарлигаар тус номын сан И.В.Сталины нэрэмжит болжээ.
1951-Монгол Улсад анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий номын сангийн шинэ том ордонг ашиглалтад оруулжээ.
1952-Засгийн газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс таван хувийг Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр гаргасан байна.
1957-Хүүхдийн уншлагын танхимыг нээжээ.
1962-МАХН-ын Төв Хороо 1960 оны дөрөвдүгээр сарын 126-р тогтоолд зааснаар Улаанбаатар дахь багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд номын сангийн мэргэжил олгох нэг жилийн курс нээж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт тус номын сангийн ажилтнууд сургалт явуулан 34 номын санчийг төгсгөжээ.
1968-Тус номын сан нь НҮБ-ын хадгалагч номын сан болж, НҮБ-аас ирсэн ном хэвлэлээр уншигчдад үйлчилж эхэлсэн байна.
1976-Үнэт ховор номын үзэс-гэлэнгийн танхимыг 1976 оны наймдугаар сарын 4-нд байгуулсан.
1991-Тус номын сан нь Олон улсын номын сангийн холбооны гишүүн номын сан болсон.
1994-Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны нэгдүгээр сарын 27-ны 23-р тогтоолоор Улсын төв номын санг тус улсад байгаа төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Монгол Улсын төв номын сан болгон Соёлын яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэв.
1995-“Үнэт ховор номын үзэсгэлэн”-гийн танхимыг музей болгон өргөжүүлжээ.
2004-Монгол Улсын Засгийн газрын номын сантай холбоотой зарим асуудлын тухай 196 тоот тушаалын дагуу Улсын Төв номын санг Үндэсний номын сан болгожээ. Тус номын сан нь бичгийн өв соёлыг хадгалах хамгаалах, бусад нийтийн номын сангуудыг мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө өгч, хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангах, номын сангийн үйлчилгээг шинэчлэхийн тулд ном хэвлэлийн нэгдсэн бааз бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
2005-Наймдугаар сараас эхлэн 1924 онд Бээжингээс Монголд авчирсан Данжуурт зориулсан чулуун хөшөөг сэргээн засварлаж, тус номын сангийн нэг давхарт залсан байна.
2010-Гуравдугаар сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох “Лу. Алтан товч” судар нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” бүс нутгийн өвд бүртгэгдэв.
2011-Тавдугаар сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох “Лу Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” бүтээл Монгол Улсын баримтат өвөөс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж” олон улсын өвд бүртгэгдэв.
2011-Аравдугаар сард МҮНС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар номын сангийн логог шинэчлэхийг албан ёсоор баталж, цаашид үйл ажиллагаандаа ашиглахаар болов.
2012-Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит” танхим нээгдсэн.
2013-Зургаадугаар сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох “Есөн эрдэнийн Ганжуур” судар нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” олон улсын өвд бүртгэгдэв.
2014-Дэлхийн номын сангуудын онлайн каталог буюу OCLC/Online Computer Library Center/ -д нэгдсэн.
2014-Тавдугаар сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох “Сахиусан дара эх” бүтээл ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” бүс нутгийн өвд бүртгэгдэв.
2014-Арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Номын сангийн тухай” хууль батлагдлаа.
2015-Интернэт суурьтай, юникод дэмждэг, онлайн системд MARC21 стандартыг баримталсан нээлттэй эх бүхий КОХА програмын 3.18 хувилбарыг Монголын хөрсөнд буулган нутагшуулж, өөрийн байгууллагын онцлогт тохируулан хөрвүүлж, эх хэлээрээ хэрэглэж эхлээд байна.
2018-“JCI капитал” ТББ-тай хамтран “Түүхээ хадгалъя” төслийн хүрээнд “Номын баринтаг” хандивын аянг амжилттай хэрэгжүүлж нийт 35000 номын баринтаг цуглуулж, төслийн 2 дахь шатны хамтын ажиллагааны төсөл болох “Номын элчин” төслийг эхлүүллээ.
2018-ЗГХА Соёл урлагийн газартай хамтран ОУНС-гийн холбоо /IFLA/-ны “Номын сангийн алсын хараа” 2 дахь удаагийн зөвлөгөөнийг МҮНС-гийн болон 21 аймгийн номын санч мэдээллийн ажилтнуудад үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин