sonin.mn
Хүн нийгэм хоёр хүйн холбоотой. Хүн амьдарч буй нийгмээ зохион бүтээх эрх, үүрэг, тавилантай төрсөн амьд баялаг гэж ойлгодог. Монголыг амь нэгтэй монгол хүн л аварна, хөгжүүлнэ.
 
Дэлхийг донсолгож , сэнхрүүлж явсан монгол
 
Бидний уг удам, Чингис хаан Азийн цээжинд Их Монгол улсыг эмхлэн байгуулж, дэлхийн талыг эзлэн мандаж явсныг бодохоор ааг омог нь буцалсан ханхар чийрэг эрс санаанд ордог юм. Монголд төрсөн, бүтээгдсэн бүхэн морин дэл дээр ялан мандахад зориулагдсан мэт санагддаг. Тэр үеийн дайчид бол  борцоор хооллож, эмээлээ дэрлэж, гөлөм тохмоо дэвсэж, дээлээ нөмөрч унтаад байгалиас хүч авдаг малчин ардууд шүү дээ. Хатуужил тэсвэр, цэц мэргэнээрээ дайснаа ёстой дагжуулж явжээ гэхэд дэгсдэхгүй. Монгол морь, хүний төрсөн бие нь төмөр шиг, гарсан бие нь ган шиг байсан санагдана. Дэндүү болхи бүдүүлэг, соёлгүйдээ Европт “зэрлэгүүд” гэж жигшигдсэн биз. Чингис хаан тийм орчин ахуйд төрж өссөн ч ялан мандахын монгол ухааныг төгс эзэмшиж, хорвоод гайхуулсан дэлхийн цартай давтагдашгүй нэгэн билээ.
Нэгдэн нягтрахын гайхамшгийг харуулж явсан дайлаар мордогсод маань хаадад хуваагдан тарж бутарсаар эзэлсэн орнууддаа идэгдэж ууссаар амар сайхандаа жаргажээ.
Алс ирээдүйдээ ач холбогдол авчраагүй тэр их аян дайнд хичнээн амь бие, амьдрах боломж сүйдсэн нь ойлгомжтой. Үлдсэн ганц өв нь гэвэл түүхэн сургамж юм. Ташрамд монгол хүн хүн төрөлхтнөөс дутахгүйгээ харуулжээ. Их Монголоос үлдэгсэд хоорондоо мөн дайтсаар хойд, өмнөд хөршийнхөө завшаан болжээ. Монгол туургатны олонх “айлын хүн” болчихсон алхаж явна. Хаад ноёд ийнхүү монголчуудын хувь заяагаар түүхэн турш тоглож иржээ.
 
Эх орондоо эзэн суусан монгол
 
 
 
“Монгол туургатан”-ы өчүүхэн хэсэг түмэн бэрхийг туучин байж эх орон, гал голомтоо хамгаалан үлдэж энэ орондоо эзэн суух хувь заяатай хүмүүс байжээ.
 
 
 
Олон зуун жил Төвөд, Манжид толгойгоо мэдүүлж явсаар мөхлийн ирмэгт тулсан нэн хөөрхийлөлтэй орныг ардын хувьсгал аварч, хөгжлийн замд хөтлөн оруулсан билээ. Монгол Ази тивд хамгийн түрүү Ардын нам, ардын төр байгуулан хувьсгалыг мандуулж, ард түмнээ гадаад дотоодын дарлал мөлжлөгөөс ангижруулан тусгаар тогтносон, ардчилсан, эрх, эрх чөлөөтэй БНМАУ  байгуулснаа дэлхий дахинд тунхаглан зарласан юм. Монгол Азийн ардчиллын анхны “алтан хараацай” бөгөөд феодализмаас шууд социализмд шилжсэн мөн анхны орон юм.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол бол Монголын түүхэнд урьд өмнө байгаагүй оройн дээд ололт, бахархал бөгөөд улс төрийн том соёл юм. Энэ үнэт зүйлсээ бид өндөр үнээр олж авчээ. Их хэлмэгдүүлэлд ардчилал, ардын нам, төр өртөж, хүч мөхөсдөн олон шилдэг боловсон хүчнээ алдаж том хохирол амссан ч дүн нуруутай мултарч улс орноо удирдан залж ирсэн юм.
 
 
 
Эх орондоо эзэн суусан энэ монголчууд юу ч үгүй цагаан тал дээр бүхэл бүтэн улсыг салбар системийнх нь хамтаар цоо шинээр зохион бүтээсэн гавьяатай ард түмэн. Ардчиллын ач буянаар дарлал мөлжлөггүй, өлсгөлөн гуйлгачингүй, бүгд ажилтай, орлоготой, бичиг үсэгтэй, боловсролтой болсны дээр хүн амаа дөрөв дахин өсгөж чадсан юм. 
 
 
 
Ажил хөдөлмөрөөр гундсан монгол
 
Монгол хоёр “-изм”-ийг хөгжлөөр үдээд алгассан “-изм” рүүгээ буцаж ороод 30 жилийн нүүр үзлээ. Улс орон минь хоёр шатаар урагшилсан ч хоёр шатаар хойш ухарсан ч юм шиг. Лав л ард иргэдийн амьдрал, үзэл санаанд нааштай өөрчлөлт гарсангүй. Бөөн зөрчил тэмцэл, өрөнд хүлэгдчихсэн, гарах гарц хайгаад ч гавьсангүй.
Байгалиас хараат хөдөө аж ахуйтай, гадаадаас хараат зөөврийн эмзэг  эдийн засагтай, тарган цөөнх, туранхай олонхи төрүүлсэн харгис хатуу зах зээлтэй ийм нэг орон дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Дээр нь дэлхийн дулаарал нэмэгджээ.
Мулгуу минийхээр бол Монголд ажил хөдөлмөр шиг хэрэгтэй, аврагч хүч алга. Хүн, хөдөлмөр л бүхнийг шийдвэрлэж дөнгөнө. Амьдрал, хөгжил, цөлжилтөөс эхлээд байгаль, бие бялдар хүртэл хөдөлмөр хөдөлгөөн шаардаж байна. Хүний бүтээсэн баялаг байгалийн бүтээснээс дутахааргүй болсон цагт улс хөл дээрээ бат зогсож, бие даан хараат байдлаас гарна. Энэ том зорилтыг сайн дурын хамтын хөдөлмөр, нөхөрлөл л шийдвэрлэж чадна.
Хангалттай цалин авах эсэх нь хүнээс л шалтгаална. Чадлынхаа хэрээр үнэнч ажилласан нөхцөлд бүтээмж өсөж цалин нэмэгддэг жамтай. Үйлдвэрлэхүй хүчин хичнээн сайн ажиллана, эдийн засаг төдий чинээ чадавхижна, иргэдийн орлого тэр хэмжээгээр нэмэгдэнэ.
Хүн төр хоёр мал малчин лугаа адил байнгын барилдлагатай байх ёстой. Мал өсөж ашиг шимээ хүртээх эсэх нь эзнээсээ шууд шалтгаалдаг шиг хүн төрөхөөсөө эхлээд яаж хүмүүжих, ажил амьдралд хэрхэн бэлтгэгдэх, хөгжих нь төрөөс мөн шалтгаалдаг. Төр иргэддээ төвөггүй үйлчилж байгаа ч залуусаа хүний эрхээр хэт тоглуулж ирэв. Ажил, сонгуулиас залуус л зугатдаг шүү дээ. Хариулгагүй хонь эрсдэлд өртөх энүүхэнд.
Монгол малаа яаж маллахыг марксизмаар заалгаагүй ч одоо машин, мотоциклоор үргээн тууж сандаргадаг, хорт хийгээр утдаг, айраг сүүгээ хуванцар саванд агуулж, исгэн байгалилаг чанарыг нь алдагдуулдаг болжээ.
 
Хүмүүнлэг, ардчиллаа хөөсрүүлсэн монгол
 
Хүнлэг, нөхөрсөг, тусч, зовлон жаргалаа хуваалцдаг, эцэг эх төрөл саднаа халамжилдаг, настнаа хүндлэн дээдэлдэг үндэстний онцлог нандин уламжлал маань даяарчлалын давалгаанд ноён нуруутай гарсан боловч түүнийг өвлөн авч үргэлжлүүлэх ёстой залуу үеийн үлэмж хэсэг бүгдийг өнгө мөнгөөр шийддэг цөвүүн цагийн эрхшээлд автан үндэсний идэвх  ухамсраар ихээхэн ядуурчээ.
Үерхэл, нөхөрлөл, хайр сэтгэл, ахмад залуу үе, бүр аав хүү хоёрын хооронд хүртэл ан цав хэдийнэ үүсчээ. Нэг нь нөгөөгүйгээр байх аргагүй эр эмийн барилдлага өнгө мөнгөний эрхээр өнгөц хуурамч болсон юм уу даа. Хар машин, сууц хүртэл хайр дурлалаас дээгүүр “жаалдаг” болсон гэх. Нийслэлийн нэг шөнө гэхэд нойрсдог цаг биш хэдэн зуун хүчирхийлэл, хэрүүл зодоон, доромжлол үйлддэг “их үймээний цаг” болсон мэт санагдана. Зэрлэгүүд хүүхэд, эмэгтэйчүүдийг зугаа цэнгэлийнхээ тоглоом, гарын чилээ гаргагч туухай болгон ашигладаг бололтой. Гэр бүл салж сарних нь ердийн үзэгдэл болж, өнчрөл хагацал, өшөө хорсол, амь, амьдралын хохирол энэ нийгмийн гүн эмгэнэл болсон байна. 
Нийтийн эрх ашгийг үл тоомсорлогч хүний эрх Монголд бий болж, хэн дуртай нь дэг журам эвдэн өвчин тахал тарааж явна. Төрийн тэргүүн асан хүн шүүгчтэйгээ хамсан огт гэм зэмгүй иргэдийг хүртэл хүн амины хэрэгт зориуд холбогдуулан ялласны зэрэгцээ намын их хурлын төлөөлөгчдийг нийтэд нь “авлигачид”, сонгогч олныг “өмхий хар махнууд” гэж доромжлон дураараа дургиж байсныг сайн санаж байгаа.
Харьяат бүхэн өөриймсөг байдаг цаг үе өнгөрчээ. Би л болж байвал Монгол хамаагүй гэсэн хүнийссэн үзэл бодол утаатай адил хүмүүсийг хордуулж байна. Хил хаасан нөхцөлд алт тушаалт огцом нэмэгдсэн ганц жишээ хувиа хичээгчид хэр олширсныг харуулж байна. Төрийн, хувийн өмч цөм энэ улсын хөрөнгө юм. Ард иргэд маань амьдрах эрх, боломжоо дэргэдэхдээ дээрэмдүүлчихээд цөхөрч сууна. Гуйлгачид, тэнүүлчид, хогоор өл залгагчид, нүхэнд орогногчид бол ясаа цайтал мөлжүүлсний амьд гэрч юм.
 
Дэлхийд ижилгүй дэврүүн монгол
 
Бидний намуун дөлгөөн, даруу төлөв байдлын цаана дэврүүн, давруун, туйлширмал, дууриамал, уусмал гээд олон муухай зан чанар нуугдаж байдаг ажгуу. Өөрийгөө ойлгодоггүй учраас олж хардаггүй биз. Энэ цаг үе үндэстний авир төрхийг үндсэндээ дэлгэн харууллаа. Та биднийг дандаа хөөрөгдөж байдаг нэг онцлог бол дэврүүн ааш юм.
Оросын монголч эрдэмтэн Лев Гумилёв хүннү нарыг “дэврүүн аашт хувь хүмүүс” гэж тодорхойлсон нь бидний байгаа байдлаар батлагддаг юм. Дэврүүнээрээ дэлхийд ижилгүйг тэрбээр хамгаас түрүү олж харжээ. Монгол бичгийн их хүн В.Инжиннаш хойт газрын хүмүүсийн олон муухай чанарыг жагсаасны дотор хэлсэндээ хүрдэггүй, итгэлгүй, дүүрсэн худалч, нууц далд битүү санаатай, жигшмээр хүмүүс гэж биднийг тодорхойлжээ.
Хүн бол ажил хөдөлмөр, оюун ухаан, соёл, хүмүүжлийн иж бүрэн цогцолбор мөн гэж философичид бичдэг.Аль нэг нь доголдвол мөн чанараа алдана. Тэгвэл манайд хүн чанараа гээсэн өрөөсгөлүүд олширчээ. Таны хагас чинь хаачсан юм бэ гэж асуумаар хүн ч тохионо. Хүүхдээсээ соёл хүмүүжлээр тааруухан, ажлаас зугтдаг, өөрөөр хэлбэл хүн чанарынхаа 75 хувийг гээсэн залууг хуучцуул бол хүний оронцог гэдэг байсан, одоо бол эрхийн тэнэг гэвэл ононо байх.
Манайх үндэсний өвөрмөц хоёр баяр ёслолтой. Ёслон тэмдэглэх гэж ёстой нэг дэвэрч гарна. Чадалгүй нь чадалтай болж нэрэлхэн чирэгдэнэ. Хүнс, хувцасны үзэсгэлэн, олдсоны зоргоор үрдэг пал цүл хэрэглээ, ууж идэхийн хэтрүүлэг хэд хоногоор үргэлжилнэ. Золгох шиг соёлтой, ариун мэндчилгээ Монголоос өөр газар байдаггүй. Гэтэл сүүлийн үед золголт маань бүх нийтийн үнсэлдээн болж дэвэрчээ.
Монголчууд бэлэг дэмбэрлийг ихэд олзуурхана, муу ёрыг ихээхэн сэжиглэдэг боловч өлсгөлөнгөөр айлгагчид нэмэгдсээр байна. Тэрчлэн зөнч мэргэдээ их хүндэлнэ. Манайд хүндлэхээс аргагүй зөнч мэргэд зөндөө байжээ.УИХ-ын Тэргүүлэгчдийн дарга явсан Ж.Самбуу гуайг дөнгөж төрөөд байхад нь нутгийн мэргэн тохиож шинэ хүний төөргийг үзүүлэхэд “хар Жамсрангийнд хаан төрлөө” гэж үү, хачин юм аа гэж гайхаж байсан гэдэг. 1938 онд өөд болсон Дөрвөд далай хаан Г.Түмэндэлгэржав өнөөгийн төр нийгмийн байгаа байдал, онцлогийг нүдээр үзсэн мэт бичиж үлдээжээ. Хэн ч үл мэдэх хүнд хэцүү өвчин нүүрлэхийг хүртэл олж харжээ.
Хэл бол био химийн шинжилгээ, рентген туяа шиг хүнийг нэвт хардаг юм байна. Гэмт хүн гилбэлзэнэ, худалч хүний нээрээ олон гэх мэт. Тамын тогооны үлгэр, атаа жөтөө бол бидний хамгийн өөдгүй занг тусган харуулсан илэрхийлэл шүү дээ. Унаган хэлээ хэрэглэж чадахгүй нэрэлхэхдээ хүмүүс харь нэр томьёо шүүрэн авч далан нөхөөст хэлээр ярьж бичдэг болжээ. Үүссэн олон “-гүйдэл” дээр, “хэлгүйдэл” гэдэг бас нэг болхи үг нэмэгджээ. Таргалалттай супер зовлого зооглоорой гэж сүржигнэх л дутаад байх шиг байна. 
 
Энд тэндгүй эвдэрсэн монгол
 
Хүүхдээ хог дээр хаяж, хөөж, хөнөөж, нялх охиныг хүчиндээд алчихаж, эхийгээ сүхдээд хороочихож, ханилж явсан хүнээ харьд наймаалчихаж, гэр бүлээр нь хүйс тэмтэрчихэж гэсэн мэдээ мөн ч олныг сонслоо. Энд тэндгүй амиа егүүтгэсэн, янхандсан, хар тамхи, халдвар тээж ирж тараасан, эх орноо хулгайлж  худалдсан мэдээ тасрахгүй юм. Энэ нийгмээс төд гэхийн тоймгүй онц ноцтой гэмт хэрэгтнүүд төржээ. Монгол хэзээ ийм байлаа даа.
Архаг архичид, мансуурагчид, элдэвт донтогчид, эд мөнгөнд шунагчид бол цөм эвдэрсэн хүн. Манайх мансуурагчдаар манлай орон болох тун дөхжээ. Эрэгтэйчүүдийн 97 хувь нь хүчирхийлэгч, дөрвөн эмэгтэйн тутмын нэг нь ажил дээрээ хүчирхийлэлд өртдөг болсон гэнэ. Арай ч дээ, үгүй байлгүй.
 
 
 
Хүүхдээ монгол болгон хүмүүжүүлж ирсэн уламжлал хаашаа орчихоод одоо хүний эрхийнхэн 18 хүргэж хүн бэлтгэх тухай ярьж байна. Манайд насаараа ажилласан шаварчин хятад монгол хүн 60 хүрч ухаан орно, 61 хүрээд үхнэ гэж бидний залхуу, цаг их алддагийг яг хэлсэн байна. Манайхан хүн болох багаасаа гэж ярьдаг боловч бас л оройтдог бололтой. 
 
 
 
Улаан гэрэл асаастай байхад урсаж буй машин дундуур ороод явчихна. Үй түмэн осол эндэл, замын түгжрэл ийм муухай араншингаас үүддэг байх.
Албан ёсны, уламжлалт баяр ёслол дээр нэг нутаг, ангийнхны уулзалт, золголт, элсэлт төгсөлтийн нийллэг, зугаалга, найз амрагч, өвчтөнөө эргэх гээд архидах олон далим нэмэгджээ. Нэг нийллэгээс өнөөгийн залуусын өнгө төрх, монгол муухай зан бүгд харагдана. “Бурхангүй газар бумба галзуурна” гээч болно. Архидаад олны хөлийн газар унасан сайхан залуу эмэгтэйн шээстэй өмд нь газартай наалдаад хөлдчихсөнийг хараад монгол хүн ямар муухай эвдэрснийг ойлгосон юм. Баярлах, гомдохдоо хүн сэтгэл мэдрэл, амь биеэрээ тоглодог болсон нь ухаан мөхсөдсөний л урхаг байх даа.
 
Олон намд хуваагдаж талцсан монгол
 
Энэ нийгмийг холбоо, намууд холиосон гэхэд хилсдэхгүй. Ардчилсан холбоо, олон нам байгуулахыг уриалж гарч ирснээ байгуулагдмагц нь шинэ, хуучин гэлтгүй нүд үзүүрлэж ирлээ.
Нэг намтай, бат цул нэгдэлтэй байсан орон олон намтай болоод дотроо тэр бүхний тоогоор хуваагдан талцсаныг та бүхэн мэднэ. Улс орон минь удалгүй нам, холбоод, холбоодын холбоодоор жирэмсэлж, тэдгээрийн дарга, ерөнхийлөгч, захирал, хурган дарга нарыг хүртэл эх барьж авдаг төрөх тасаг, хувь хувиа бодсон “холбоодын орон” болчихсон байна. Бодоход цалингаас эхлээд асар их зардал урсдаг байлгүй. Үндсэн хуульд эвлэлдэн нэгд гэсэн болохоос эвлэлдэн талц, хуйвалд, завш гэж заагаагүй. Эв нэгдэл бол тусгаар тогтнолын маань үндэс, дархлаа юмсан.
Тэс ондоо шашинтай монгол, казахууд нэг нутагт олон жил найрсаг амьдарч ирсэн бол өөр өөр намд элссэн шашин нэгтэй нэг ам бүл хүртэл хоорондоо таарахгүй болсон дуулддаг. Олон нам манайд зохихгүй нэр нүүрээ баржээ. Зах зээл, төр удирдахад хүнээ бэлтгэсэн нам хаана байна. Намаа санхүүгээр сайн дэмжсэн баячуул л нэр дэвшиж, завшиж ирлээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийг нам дотроо наймаалцдаг болжээ. Сонгууль болохоор нэр дэвшигчид өөрийгөө бурхан, өрөөлийг буг хэмээн цоллож сурталчилдаг. Зөвхөн өөрийгөө төрд залахын тулд нам санаачлан байгуулдаг болжээ.
МАН л арал зааж улс орноо энэ зэрэгтэй авч явна. Энэ нам байгаагүй бол Монгол хэдийнэ дампуурах байв. Төр, нам, сонгуулийн тогтолцоог эрт өөрчлөн сайжруулсан бол МАН одоогийнхоос илүү амжилт авчрах байсан санагддаг. Амьдрал дундаас ард түмнийхээ тархи, зүрх болон шалгарсан зууны манлай- МАН 90 жил төр барьж, биеэ засаад гэрээ, төрөө засаж  ирсэн туршлагатай ганц улс төрийн хүчин юм. Гэвч улс орноо хэнээр удирдуулахыг ард түмний таалал мэднэ.
Эргээд мөрөө хармаар болсон монгол
 
Нэгэн зүйл
 
“Монгол туургатан” шиг нэгдэж нягтрах, салж сарних, уусаж замхрахын элдүүр үзсэн ард түмэн энэ орчлонд байхгүй байх. Монгол үндэс язгуур, ирээдүйгээ бодож, нэгдэхийн оронд хаад ноёдын зоргоор хоорондоо хуваагдан үргэлж тулалдаж иржээ. Хаад, ноёд түүхэн сургамж авдаггүйн уг сурвалж ийм буюу. Одоо олон нам тэдний хойноос орчихоод байна. Мөн л хуваагдал, талцал, төр булаацалдсан тэмцэл. Олон ургальч үзэл бол шигшигдэн нэгдсэн шийдвэр болоогүй цагтаа юу ч биш юм.
 
Нэгэн зүйл
 
Ямагт тэргүүлж явах ёстой боловсрол, шинжлэх ухаан, техник, технологийн салбар амьдрал, үйлдвэрлэлд ямар хувь нэмэр оруулж байгаа нь мэдэгддэггүй. Боловсролын шинэчлэл гээд 50 гаруй жил ярилаа. Мэдлэг, сурлагад мэдэгдэхүйц ахиц гарсангүй.
 
 
 
Амьдрал, үйлдвэрлэлээс хөндий хэвээр явна. Хүн уул нь тархиа мэдлэг мэдээлэл агуулах сав биш баялаг бүтээх судалгааны лаборатори болгомоор юм байна. Сурган хүмүүжүүлэх ухаан сураггүй болсных юм уу, сурагчдын архи тамхины бүлгэм л энд тэнд ажиллаж байгаа харагдана.
 
 
 
Өнөө үе оюуны бүтээл ноёрхсон XXI зуун. Их дээд сургууль, академи, гадаад дотоодод суралцсан оюутан, дээд мэргэжилтэн, эрдмийн зэрэг цолтны тоогоороо талийж өгсөн Монгол оюуны бүтээл хийх бүү хэл шинжлэх ухаанч арга барил, сэтгэлгээгээрээ цаг үеэсээ хол хоцорсон бололтой.
 
Нэгэн зүйл
 
Манайхан нутгийн 70  хувь нь цөлжлөө гээд хэнэг ч үгүй ярьж сууна. Энэ хэвээрээ суугаад байх уу. Сэлгэж сэргээдэг байсан бэлчээр ч үгүй болсон юм биш үү. Хуучин бол их л сайндаа уул овоо тахиж өөрсдийгөө хуурдаг байсан. 
Олон мянган хүн, машинаар ойр хавийг нь талхална, хорт хий, элдэв нян хог новш, ялгадсаар агаар хөрсийг нь бузарлана. Ийнхүү тахилга нэртэй онгон байгалийг гутаасан өргөн зугаалга өндөрлөнө. Газар, тэнгэрээ аргадаж, цэнгээж байгаа нь тэр. Тэндээс шинжлэх ухааны үндэстэй, үнэмшилтэй арга хэмжээ огт харагддаггүй. Монгол эмэгтэй дэлхийн хамгийн өндөр ноён оргилууд дээр гарч хүч тамираа гайхуулан “Монгол“ нэрийг огторгуйд өргөж явахад ардчилсан орны ерөнхийлөгчийн зарлигаар  тахидаг уул овоон дээр эмэгтэй хүн гарах цээртэй хэвээр байна.
 
Хүчээ нэгтгэхийг сэхээрсэн Монгол
 
Олонх маань олон намаас үнэхээр залхжээ. Нэг хэсэг нь олон намгүй бол хол явахгүй гэж онолдоно. Нөгөө хэсэг нь нэг нам хэрэгтэй, хэрэггүй гэж маргалдана. Бичигч бол Монголд олон нам шиг адгийн юм алга гэж хатуу ойлгосон хүн. Нэг намын чухлыг ч мэднэ. Огт намгүй бол хөгжиж болохыг ч үгүйсгэдэггүй. Ерийн монгол хүн яагаад бартаагүй зам зааж болохгүй гэж бодоод нэг хувилбар /тогтолцоо/ тэрлэсэн юм.
Бүх нутаг дэвсгэр, хүн ам, аймаг сум, дүүрэг хороодоо аль болох ойролцоо тэнцүү байхаар 76 тойрог болгож зааглая. Тойрог бүрийн харьяат ард түмний дотроос тэдний жинхэнэ тархи, зүрх, мэлмий болсон шилдгийн шилдэг дунджаар 100 орчим хүнээр тойргийн ард иргэдийн зөвлөл /ТАИЗ/ сонгон байгуулъя. Бүх тойрог, ТАИЗ адил тэгш эрх үүрэг эдэлнэ. ТАИЗ одоогийн намуудтай харьцуулшгүй оюунлаг, шударга, соён гэгээрүүлэгч шигшмэл хүмүүсээр бүрдсэн байгууллага байна.
Тойргийн сонгогч бүр тойрогтоо ажиллаж амьдрагчийг сайн мэддэг тул бүгдийн сэтгэлд нийцсэн жинхэнэ шударга хүнээ дэвшүүлж, сонгоно. Төрд одооныхоос илүү шилдэг тулхтай хүн сонгогдоно. УИХ тойрог бүрээс сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ. Сонгогчид сонгосон хүнээ буруутай нь батлагдсан нөхцөлд эргүүлэн татах эрх эдэлнэ. Оронд нь дараахь байранд шалгарсан хүнийг шууд илгээнэ.
Ийм өөрчлөлт хийвэл төр бүрдүүлэх эрх мэдэл ард түмэнд шилжинэ, олон нам, намчирхал, улс төржилт, хэрүүл маргаан, бурхан чөтгөр уралдуулдаг оронцог сонгууль устана. Чадалтай боловсон хүчин олноороо хөдөөд шилжин суурьшина, тойргууд засаг захиргаатайгаа хамтран орон нутгаа хотоос дутахгүй хөгжүүлж бие даана.
 
Бичигчийн зурвас
 
Ард иргэд төр нийгэмдээ ам муутай байдаг нь ард олонхдоо түлхүү хүртээх ардчилсан зарчим алдагдсаны хяхуу гэж ойлгож байна. Хүмүүс амь зогоох гэж хүн чанараа гээж, өмч цөөнхийн гарт хэт төвлөрч байхад хүмүүнлэг энэрэнгүйн тухай ярих нь утгагүй юм. Тэгэхээр нэрэлхэж цэцэрхэлгүй холимог тогтолцоонд шилжиж, бүх нийтээрээ чадлынхаа хэрээр бүтээдэг, хүртдэг болмоор байна.
Амьдрал харьцангуй жигдэрсэн нөхцөлд хүмүүсийн сэтгэл санаа илааршиж, төр нийгмийн харилцаа бүлээсэх нь дамжиггүй. Бид хэдий болтол залхуу, үрэлгэн, бүдүүн тойм байдалтайгаа зууралдаж салхины аясаар урсаж явах юм бэ. Сахилга хариуцлага, цаг тооцоо хатуу мөрддөг герман чанарыг эзэмшиж яагаад болохгүй гэж.
Компьютертэй биш хүн бүртэй тулж ажиллан дотооддоо хуримтагдсан бэрхшээл зөрчлийг зөв, шуурхай шийдвэрлэж давсан цагт чинээлэг дундчуудтай болох зорилт тийм ч хэцүү биш санагдана. Гадаадаас авсан зээлээр гурван жилд үйлдвэр байгуулаад гурван жил ажилласны ашгаар нь өрийг төлүүлээд байвал өрөнд баригдана гэж үгүй. Өвгөн би эцэст нь нэгдүгээрт, нийгмийн сэтгэл зүйд эргэлт гаргах, хоёрдугаарт олон намыг татан буулгаж, үзэл санаа, хүчээ нэгтгэх, гуравдугаарт, төр, сонгуулийн системд шаардлагатай шинэчлэл хийхийг төр засагтаа сонордуулж байна.
 
Монгол орны ирээдүйг Их жанжин Д.Сүхбаатар “Тэгш журамт, баян хүчирхэг улс” хэмээн тодорхойлжээ.
 
Ахмад сэтгүүлч Г. Далантай
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин