sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой дуулиан Монголын улс төрд дэгдээд хагас жил орчмын хугацаа болох гэж байна. Учир нь түүнтэй холбоотой хэрэг Английн Шударга ёсны Дээд Шүүх дэх Англи, Уэльсийн арилжааны хэргийн Шүүх, БНХАУ-ын Засаг Захиргааны Тусгай Район Гонконгийн Дээд Шүүх, АНУ-ын Нью-Йорк мужийн Шүүхэд тус тус үүсээд буй билээ. Үүнтэй ч холбоотойгоор Монголын улс төр, хэвлэл мэдээлэлд Сү.Батболд ба түүний өмч хөрөнгөтэй холбоотой  сэдэв хэсэгтээ л хамгийн их уншигдаж байлаа. Яг энэ үеэр Сү.Батболдын хүү "Алтай холдинг" групп, "И Март" ХХК, "Скайтел" ХХК-уудын ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг, охин, "Алтай Холдинг" групп, "И Март" ХХК-ийн дэд захирал, "Стар" телевизийн захирал Б.Бадамханд нар нь нийгмийн сүлжээнд идэвхтэй байр сууриа илэрхийлж, аавынхаа  талд хатуу зогсож , зарим тохиолдолд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын эсрэг ч сөрөг үгс бичиж байв. Хүний үр аавыгаа өмөөрөлгүй л яахав. Энэ бол хүний хорвоогийн л сайхан жам.
 
Нөгөөтэйгүүр Сү.Батболдын хүүхдүүд эхнээсээ хэдийн эрийн цээнд хүрч, Монгол дахь өөрсдийн бизнесээ удирдаж эхэлсэн гэдгийг нийгмийн идэвхтэй хүрээнийхэн мэдэж авсан юм.
 
Гэтэл нэгэн хачирхалтай явдал болов.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Эрдэнэцэцэгийн гомдлын дагуу Скай хайпермаркет ХХК-ийн  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирал Н. Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийсэн юм.
 Шалгалтаар тус төв нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан нь баримтаар тогтоогдсон.Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн  Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1,500,000 төгрөгийн торгууль ноогдуулсан билээ.
Үнэхээр харамсалтай.
 
Аман дээрээ шударга байдал, ёс зүй ярьж аавыгаа өмөөрөх Сү.Батболдын хүүхдүүдийн удирддаг дэлгүүрт ийм хоцрогдсон бүдүүлэг, ёс зүйгүй, 1990-ээд оны эхээр хар зах дээр л хэрэглэгддэг байсан жингийн зөрүүний луйвар явагдаж байх юм гэж хэн саналаа?
Энэ бол ямар нэг худалдагчийн буруу бус цэвэр тухайн дэлгүүр, дэлгүүрийн толгой компаний удирдлагуудын хариуцах ёстой алдаа.
Нэг бол "И Март"-ын гүйцэтгэх удирдлагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа маш муу хяналт шалгалт хийж байна. Эсвэл мөнөөх жингийн зөрүүний луйврыг анхнаасаа мэдэж байсан л гэсэн үг.
Хамгийн гол нь Сү.Батболдын бизнесийн гараагаа эхэлж буй хүүхдүүд л ёс зүйгүй гэх нэрийг зүүж, энэ алдааг ёс суртахууны хувьд олон нийтийн өмнө хариуцаж таарна.
Учир нь тэд бол байгууллагын удирдлага.
Үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналтыг өдөр тутам тавих нь л аливаа удирдлагын гол үүргийн нэг гэдгийг баруунд өндөр боловсрол олсон тэд мэдэж байгаа биз дээ?
"И Март"-ын удирдлагууд цаашид ч ийм хайнга байдлаар ажиллавал нэр ус нь үл мэдэгдэх тэдгээр захирлуудын бус Сү.Батболд, түүний хүүхдүүдийн нэрэнд л сэв суулгах нь гарцаагүй юм.
 
С.Сарнай