sonin.mn

“TV9” телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн уран бүтээлчид болон “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд, түүний охин А.Амин-Эрдэнэ, А.Номин-Эрдэнэ нар хамтран Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн талхан цехийн ажилтан Г.Баярцэцэгт сэтгэлийн дэм үзүүлж, өргөө цагаан гэр бэлэглэлээ. Г.Баярцэцэг нь Зэвсэгт хүчний 310 дугаар ангид 6 дахь жилдээ талхчинаар ажиллаж байгаа бөгөөд түүний найз Б.Оюунтунгалаг “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн редакцад захидлаар уламжлан хүсэлтээ илгээсэн нь ийнхүү биеллээ олжээ. Тус захидлыг Г.Баярцэцэгийн найз Б.Оюунтунгалаг энэ үеэр уншиж танилцуулсан юм. Арга хэмжээний үеэр ангийн захирагч, хурандаа Н.Баясгалан хэлэхдээ “Хамт ажилладаг найздаа чин сэтгэлийн тус, дэм үзүүлэх гэсэн энэ их зүтгэл, идэвх санаачилга үр дүнд хүрч, нэг ажилтан маань нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж байгаад ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс баяр хүргэе. Г.Баярцэцэгийнхээ ажилд нь өндөр амжилт, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

Мөн “Мөрөөдөл биелдэгюм” нэвтрүүлгийн хамт олон болон өргөө цагаан гэр бэлэглэсэн МУГЖ Н.Ариунболдын охидод талархаж байгаагаа илэрхийлье” гэв. Эгч дүү А.Амин-Эрдэнэ, А.Номин-Эрдэнэ нар өөрсдийн эхлүүлсэн бяцхан бизнесээс олсон орлогоо сайн үйлсэд зориулахаар болж, “ТV9” телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн редакцад ханджээ.

 

Ингээд тус редакцад ирсэн захидлуудтай танилцсаны эцэст Г.Баярцэцэгийн гэр бүлийг сонгосон байна. Гэрийг хүлээлгэн өгсний дараа А.Номин-Эрдэнэ “Тус нэвтрүүлгийн редакцад маш олон захидал ирсэн байсан. Бид захидлаа сонгосныхоо дараа Г.Баярцэцэг эгчтэй уулзаж, ажилтай нь танилцахад халуун дулаан энергитэй хүн болох нь мэдрэгдсэн. Хийсэн сонголт маань нүдээ олсон тул бид ч их баярласан. Манай аав ээж сайн үйлсийн аян чимээгүй өнгөрөх тусмаа илүү үнэ цэнтэй гэж хэлдэг. Гэхдээ эгч бид хоёрын хувьд “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгээр дамжуулж үеийн залуустаа сайн үйлсийн төлөө чадах чинээгээрээ, чин сэтгэлээсээ өглөгийн гараа сунгаасай хэмээн уриалахыг хүссэн юм” гэв.