sonin.mn

Уулын спортын, Хойд туйлын Загдаа гэхээр уншигчид таньж магадгүй. Уулын спортод элэгтэй, одоогоос таван жилийн өмнө Хойд туйлд нохой чарганы уралдаанд эх орныхоо нэрийг гарган, Монголоо сурталчилсан Б.Загдсүрэн гэх даруухан бүсгүй гэр бүлийн хамт АНУ-ын Уолнут Грийк хэмээх жижигхэн хотод амьдардаг бөгөөд тэнд суурьшаад 19 жил болжээ.

 

Түүний гэр бүлийн хүнийг Б.Түвшинтөгс гэдэг. Тэд 2017 оноос усан үзмийн тариалан эрхэлж, дарс хийж эхэлсэн байна.

 

Тус хотын ихэнх айл усан үзэм тариалж, өөрсдийн гараар дарс үйлдвэрлэдэг нь Б.Түвшинтөгс, Б.Загдсүрэн нарыг сэдэлжүүлжээ. Анхны жилдээ 24 шил дарс үйлдвэрлэж, найз нөхдөөсөө өндөр үнэлгээ авснаар үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ. Тэгвэл өнгөрсөн онд 250 литр дарс үйлдвэрлэж арвин олзтой байжээ. Бүр шошгоо хүртэл өөрсдөө хийдэг. Харин усан үзмийн ургац авдаг талбай нь хоёр эгнээ бүхий 30 метр урттай. Б.Түвшинтөгсийн гэр бүл спортод элэгтэй бөгөөд тэдэнд гүйдэггүй өдөр тун ховор. Гэрийн эзэн Б.Түвшинтөгс том, жижиг гүйлтийн тэмцээн алгасахгүй оролцохыг хичээдэг бол эхнэр Б.Загдсүрэн уул хадаар авирах сонирхолтой ажээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин