Буриад дахь бурханы шашны түүхийг таван үед авч үзэж болно.
Үүнд:
1. XVI-XVII зуунд анхлан бурханы шашинтай учирсан - Оросын эзэнт гүрэнд нэгдэхээс өмнө;
2. XVII зууны сүүл үеээс XIX зууны төгсгөл үе хүртэл - Бурханы шашин дэлгэрч сүм хийд баригдан ном судар хэвлүүлсэн үе;
3. XIX зууны төгсгөл XX зууны эхэн үе
- Буриад бурханы шашны алтан үе;
4. 1920 оноос 1980 оны сүүл хүртэл
- Сүм хийдийг нураан, бурханы шашныг хилсээр хэлмэгдүүлсэн үе;
5. 1980 оны сүүлээс одоог хүртэл -Сэргээн байгуулалтын үе эдгээр болно.
Нийт Буриадын зон олны дотор бурханы шашин нэгэн цагт дэлгэрээгүй, Зүүн Сибирийн нутгаар нутаглах буриадууд анхлан Бурханы шашин шүтэх болсон байна. Байгаль нуур орчим бурханы шашин дэлгэрсэн нь Монголд бурханы шашин дэлгэрсэнтэй нягт холбоотой юм. 1712 онд үймээн самуунаас дайжсан 100 Монгол, 50 Төвд лам нар Буриадад иржээ.
Тэдгээр лам нар ирсэн нь Бурханы шашин эрчимтэй дэлгэрэхэд ихээхэн түлхэц болсон байна. Энэ үеээс эхлэн ноёдын хурал номын өргөө гэр, энгийн ард нүүдэлчдийн сүм хийд зэрэг нь гарсан байна. 1741 оны Оросын статистикийн мэдээ баримтаар тэр үед Буриадад 11 сүм, 150 лам хувраг байжээ.
Хатан хаан Элизабет тэдгээр лам хуврагуудыг албан татвар болон бусад үүргээс чөлөөлөх зарлиг буулгасан байдаг. Буриадууд өөрсдийн тусгаар бурханы шашны төвтэй болох үйл явцыг Оросын засгийн газар санаачилсан байна.
Харьяат хүн амаа өөрийн хяналтан дор байлгах зорилгоор Чин гүрний зүгээс явуулж байсан шашны бодлогыг Оросын түшмэлүүд сайн мэдэж байв. Ази дахь өөрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд Оросын засгийн газар Буриад руу чиглэх гадаад гүрний шашны урсгалыг хянах хэрэгтэй болсон байна.
Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд Оросын түшмэд Буриадуудын сүсэг бишрэлийг хүндэтгэн улмаар Буриадын тусгаар бурханы шашны төвийг байгуулах хэрэгцээ урган гарчээ. Төвдийн дацанд шавилан сууж байсан Монголын залуу ноён Дамба Даржаа Заяаевийн санаачилгаар Буриадын анхны модон дацанг 1753 онд барьжээ.
Уг дацанг "Цонголский" дацан хэмээн нэрлэх болсон байна. Уг дацантай зэрэгцэн Өргөөд шавилан сууж ном үзсэн Жимба Ахалдаев "Гусинозерский" дацанг барьсан байна. Ийнхүү Буриадад Бурханы шашны хоёр төв үүсэн гарчээ.
Гуравдахь дацанг XVIII зууны үед Хорь Буриадын нутагт барьсан байна. Эдгээр гурван дацан нь тэргүүлэх байр суурийн талаар хоорондоо өрсөлдөх болсон байна. Албан ёсоор Транс Байгалийн нутгийн бурханы шашинтнууд Цонголский дацангийн тэргүүн ламд хамаарч байв. Гэвч үнэндээ тэдгээр гурван дацан бүгдээр Оросын засгийн газраас баталгаажуулсан өөрийн тэргүүн ламтай байв.
Энэхүү өрсөлдөөн нь чухамдаа өөрийн ураг садан ламынхаа шашны эрэмбэ зэргийг бусдаас өндөрт өргөх гэсэн Буриадын ноёдын ашиг сонирхол байв. Бурханы шашны зэрэг дэв өндөр байх нь зөвхөн шашны хэрэгт хамааралтай бус басхүү улс төрийн эрх мэдэл, хүчтэй болоход оршиж байв.
1831 оны байдлаар Буриадад 4637 лам хувраг (1846 оны байдлаар) 34 сүм хийдэд шавилан сууж байв. Оросын засгийн газраас буриадын бурханы шашинтнуудад хандах хандлага нь Халимаг болон Эрхүүгийн буриадуудад хандаж байснаас зөрүүтэй байсан нь сонирхолтой. Транс Байгаль нь Алс Дорнодтой харьцах чухал бүс. нутаг байсан тул тэнд явуулах шашны бодлого ихэд уян хатан байсан байна.
Харин Халимаг, Баруун Байгалийн нутаг хатуу хараа хяналттай байв. Монгол, Төвдтэй харилцах гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд Орос улс бурханы шашинд элэгтэй гэсэн нэр хүнд хэрэгтэй байв. Оросын засгийн газар нь өвөр хоорондоо өрсөлдсөн сүм хийдүүд, тэргүүн хамбууд байснаас төвлөрсөн нэгэн төв нэг хамба ламын захиргаа байлгахыг илүүтэй үзэж байв.
Хэдийгээр тийм боловч Оросын эзэнт гүрний харьяанд байсан бурханы шашинтнуудыг нэгэн удирдлаган дор оруулахыг ч бас хүссэнгүй. Тиймээс Халимаг болон Буриадын бурхан шашны хэргийг өөр өөр яам эрхэлж байв.
Оросын эзэнт гүрэн Буриадын бурхан шашны хэргийг эрхлэж байхад бурханы ашинтнууд Орос гүрнийг өөрсдийн бурханы шашны үзэл санаа, нэр томьёоллын дагуу танин мэдэж харахыг оролдож байв. Бурханы шашинтнууд Оросын эзэн хааныг хүрдэн эргүүлэгч хаан (чакравартин), номын хаан (дхарма-ража) хэмээж Екатерина хатныг Цагаан Дара эхийн хувилгаан дүр хэмээн 1767 онд зарлажээ.
1853 онд "Ламаизмийн хуврагуудын тухай дүрэм журам" хэмээх албан баримт гарч уг журманд Буриадын бурханы шашны төвийн бүтэц, явдал мөрийг тодорхойлон заасан байна. Журмын дагуу хамба лам лам хувраг болгох, элдэв албанд томилох болон хэргэм зэрэг олгох эрхтэй. Гэвч хамба ламын шийдвэр нь хааны засаг захиргаанаас баталгаажна.
Албан ёсоор 34 сүм хийд 285 лам хуврагаас илүүгүй байх ёстой. Харин амьдрал дээр хязгаарлалтыг эс харгалзан олон мянган лам хувраг шавилан сууж шинээр сүм хийд баригдсаар байв. Бурханы шашин нь Буриадад Монгол, Төвдөдөөс өөр нөхцөл байдалд дэлгэрчээ.
Орос дахь бурханы шашин дэлхийн өөр нэгэн шашин болох Христийн шашинтай харгалдан зогсжээ. Эрхүүгийн буриадууд бусад буриадуудыг бодвол илүүтэй Христийн шашинд орох дарамт шахалтанд орсон байна. Усан баталгаа хийлгэсэн буриадууд орон нутгийн засаг захиргаанд чухал албан тушаал хаших шагнал авч байв.
Ерөнхийдөө журмын дагуу олон зүйлийг хориглосон байсан боловч Оросын засгийн газрын хувьд заасан дүрэм журмыг даган мөрдүүлэхээс илүүтэй бурханы шашны төвийг хараа хяналтандаа байлган өөрт үнэнчээр байлгах нь чухал байв. Транс Байгалийн нөхцөл байдал өвөрмөц тул улс төрийн шалтгаанаар засгийн газар бурханы шашны төвийг дэмжих хэрэгтэй байв.
Зарим тохиолдолд Оросын Үнэн Алдартны сүмийн эрх ашгаас илүүтэй бурханы шашинтнуудын эрх ашгийг илүүтэй харж байв. Хэдийгээр нөхцөл байдал ийм байсан боловч Буриадын бурханы шашинтнууд христийн шашны нөлөөнөөс зайлсхийж эс чадсан юм.
Үүнийг Буриадын Бурханы шашны сүм хийдийн загвараас харж болно. XIX зууны эхэн хагаст эсгий гэрийг модон байшин орлох болжээ. Оросын христийн шашны сүм хийдийн уламжлалт загварын дагуу Оросын мужаан нарын барьсан анхны модон болон сүүлд баригдсан чулуун сүм хийдүүд нь чухамдаа христийн сүм хийдүүд шиг харагддаг.
Буриадууд ихэнхи тохиолдолд Төвд, Хятад, Монгол сүм хийдийн загварын дагуу дахин сүм хийдээ барих болдог байв. Сүм хийдүүд сүсэгтэн олны өргөл барьц, хурлын барьц болон арилжаа наймаа, мөнгө зээлүүлэх байдлаар санхүүгийн хувьд оршин тогтнож байв. Сүм хийд, шавилан суух лам хуврагийн тоо ихэссэнээр бурханы шашны ном судар, зан үйлд хэрэглэх эд зэмсэг дутагдаж ирсэн тул сүм хийдүүд ном хэвлэх, бурхадын шүтээн зураг бүтээх болон мод, төмрөөр эд зэмсэг хийх болж эхэлсэн байна.
Буриадын сүм хийдэд ном хэвлэх нь Төвд, Монголын сүм хийдээс ялгаатай байв. Бурханы шашны гол хөлгөн судруудыг хэвлэлгүй харин Тевд, Монголоос залдаг байв. Харин зан үйлийн, сургалтын болон ихэс дээдсийн намтар зэрэг номыг барлан хэвлэж байжээ.
XIX зууны сүүл үед Буриадын баруун нутгаар бурханы шашин дэлгэрчээ. Бурханы шашинтнууд орон нутгийн бөө, Оросын Үнэн Алдартны лам нартай тулгарсан байна. Бөө нартай тэмцэлдэхдээ бурханы шашинтнууд орон нутгийн эзэд, ариун газрыг бурханы шашны үүднээс дахин тайлбарлах, бөө нарыг шахан зайлуулах, тэдний зан үйлийн эд, хувцасыг шатаах зэрэг олон төрлийн арга хэрэглэжээ.
Овог аймаг, угсаатны бүлгүүдийг сахин хамгаалагч шүтээнийг тахих нийтийн болон гэр бүлийн тахилга зэрэг үндсэн гол чухал бөөгийн зан үйлүүдийг Бурханы шашинд уусган оруулсан байна. Харин илүү хүчирхэг бөгөөд Оросын засгийн газрын дэмжлэгтэй Оросын Үнэн Алдартаны сүм хийдтэй тэмцэлдэхэд хүчир байв. Энэ нь цааш бурханы шашныг дэлгэрүүлэхэд садаа болж байлаа.
Буриадын газар зүйн. байрлал онцлогтой байв. Алс Дорнодын иргэншилтэй дөт байсан тул Дорнын оюунлаг санаа, гүн ухааныг шимтэн сонирхсон зарим Европ талын Оросууд Буриадыг ихээхэн сонирхох болжээ. Үүний сацуу Буриадын сэхээтнүүд Европын шинжпэх ухаанаас суралцах боломжтой байсан тул орчин үеийн үзэл бодолтой танилцаж эхэлжээ.
XX зууны эхэн үе нь Буриадын бурхан шашны хувьд алтан үе юм
Үүнээс шалтгаалан XX зуун эхлэхүйд Буриадын Бурханы шашинд шинэчлэлийн хөдөлгөөн (обновленчество) өрнөсөн байна. Хэдэн арван жилийн өмнө үүнтэй төстэй хөдөлгөөн Монголд өрнөсөн боловч Буриадад гарсанчилан идэвхитэй, хүчтэй байсангүй. Уг хөдөлгөөн нь лам хуврагийн хяналтаас халин Буриадын шинэчлэгч нарын үзэл бодол болсон.
Дэлхийд гарсан нийгэм, соёлын өөрчлөлтөөс хамааран шинэ үзэл санаагаар Буриадын нийгмийг өөрчлөх оролдлого байв. Өөрчлөгчид Ламын шашин нь бурханы шашныг гуйвуулсан хэлбэр гэсэн сөрөг хандлагыг өөрчлөхэөр мөн оролдсон байна. Эртний бурханы шашны үзэл бодлыг сэргээн гаргах мөн бурханы шашин, шинжлэх ухаан хоорондоо нийцэж болох талуудыг харахыг хайж байв.
Ц.Жамцрано, Б.Барадин, Г.Цыбиков, Е.Д.Ринчино, Агван Доржиев зэрэг Буриадын сэхээтнүүд энэхүү хөдөлгөөнийг толгойлж байлаа. 1917 оны хувьсгалын дараа эртний бурханы шашин нь Маркист үзэл санаатай тун дөхөж нийцнэ хэмээн бурханы шашныг Зөвлөлтийн шашны эсрэг кампанит ажлаас аврахаар оролдож байсан боловч тэдний ил оролдлого талаар болсон байна.
XX зууны эхэн үе нь Буриадын бурхан шашны хувьд алтан үе юм. Алдар цуутай бурханы шашны зүтгэлтнүүд энэ үед амьдарч байв. Мөн маш сонирхолтой үйл явдлууд энэ үед тохиосон аж. Эхэнд дурьдахад XIII Далай Ламын багш нарын нэг, Буддын гүн ухааны хамгийн дээд цол болох цанид хамба лхаарамба цолыг хүртсэн Агваан Доржиев (1854-1938) Оросын эзэнт гүрэн, Төвдийн хооронд дипломатын үүрэг гүйцэтгэж байжээ.
Тэрээр эзэн хаан II Николайд бараалхан Санкт Петрбург хотноо Буддын сүм барих зөвшөөрөл авч барьсан сүм нь Европ дахь анхны бурханы шашны сүм болсон юм. Агваан Доржиев Буриадын Бурханы шашинд өөрчлөлт шинэчлэлт гаргах хеделгөөний нэгэн удирдагч байв. Тэрээр шашны эсрэг кампанит ажлын шуурганд өртөн 1938 онд шоронд насан эцэслэсэн байна.
Буриадын бурханы шашны өөр нэгэн нэртэй зүтгэлтэн нь зохиолч, яруу найрагч Лувсан Самдан Цэдэнов юм. Тэрээр Буриадад тарнийн ёсыг дэлгэрүүлэхээр зорьж байв. Үүний сацуу тэр шинжлэх ухаан, дэлхийн шашнуудыг сонирхон судалдаг байлаа. 1919 онд тэрээр Бурханы шашны үзэл баримтлалд тулгуурлан байгуулсан улсын шашин төрийг хослон баригч тэргүүн болсон юм.
Уг улсын хүн ам нь ойролцоогоор 13000 байсан бөгөөд уг улс 1920 он хүртэл оршин тогтножээ. Уг улс нь уламжлалт бурханы шашны төрт загвар болон Европын улс төрийн уламжлалыг хослуулан авснаараа ихээхэн сонирхолтой. Жишээ нь төрийн тэргуүн нь номын хаан (дхарма-ража) байх бөгөөд парламентэй төстэй бүтэц, ерөнхийлөгч, сайдууд байв.
XX зууны эхэн үед Буриадад 40 гаруй сүм хийдэд 10,000 лам хувраг шавилан сууж байв. Сүм хийдүүд нь шашны болон соёлын томоохон төв байжээ. 1920 оны сүүл үеээс эхлэн зөвлөлтийнхөн лам нарыг баривчлан сүм хийдийг хаан нурааж эхлэсэн байна. Энэхүү шашны эсрэг кампанит ажил 1940 онд дуусгавар болсон. Энэ үед Буриадын бурханы шашны соёл үгүй болсон аж. 1941 оноос 1946 он хүртэл Буриадад ганц ч сүм хийд хурал ном хурж байсангүй.
Харин улс төрийн шалтгаанаар 1946 онд "Иволгинский" дацанг нээсэн байна. Зөвлөлт засгийн зүгээс ЗХУ нь шашны эрх чөлөөг эрхэмлэдэг улс хэмээн харуулах хэрэгтэй байв. Шашны хэрэг хатуу чанга хяналтын дор байсан тэр цагт харин сүсэгтэн хүмүүсийн хүсэлтээр ном уншдаг "бадарчин лам" нар байсан байна.
Зөвлөлт засгийн үед Буриадын бурханы шашны бас нэгэн зүтгэлтэн гарч ирсэн юм. Тэр хүн бол алдарт буддын судлаач Бидиа Дандарон (1913-1974) юм. Түүнийг Төвдийн Гүмбүм хийдийн хамба лам Жаяаг гэгээний хойд дүрээр тодруулсан байдаг. Дандарон нь Лувсан Цэдэновын шавь байсан бөгөөд Буриадад тарнийн ёсийг сэргээхээр сэтгэл шулуудан ЗХУ-ын өнцөг булан бүрээс шавьтай болсон байдаг.
Багш шавь нар нийлэн Дандароны хуврагийн аймаг хэмээх бүлэглэлийг үүсгэсэн бөгөөд Дандаронийг мөн нео-бурханы шашин хэмээдэг. Тэрээр өөрийн багшийг эрэлхийлэхийн хамтад Дорнын гүн ухааныг Өрнийн шинжлэх ухаантай хослуулсан сургаал ном хэлдэг байжээ. Ингээд түүнийг шашны үйл ажиллагаа явуулсан хэмээн түүнийг баривчласан байдаг.
Дандароны хэрэг (1971-1973) гэдэг нь ЗХУ-ын түүхэнд хамгийн томоохон шашны эсрэг үйл ажиллагаа болжээ. Тэрээр хоёрдох удаагаа шоронд таван жилийн ялтай хоригдож байхдаа насан эцэслэсэн. Буриадад бурханы шашин 1988 онд дахин сэргэсэн. Тэр жил бурханы шашинтнууд албан ёсны бүртгэлтэй болж мөн удирдах байгууллага болох бурханы шашинтнуудын Оюун санааны төв хороог (1996 онд Оросын Буддийн Уламжлалт Санга хэмээн нэрлэсэн) "Иволгинский" дацан дээр байгуулжээ.
Сүм хийд босгон бурханы шашны сургууль Дашчойнхорлин, Бурханы шашинтнуудын нийгэмлэг, Бурханы шашинт эмэгтэйчүүдийн төв байгуулан ном судар хэвлэх улмаар олон улсын харилцаа тогтоох байдлаар Буриадад бурханы шашныг сэргээж эхэлсэн юм. Одоогийн Буриадын бурханы шашинд байгаа нэгэн сонирхолтой зүйл нь овгийн дагуу жижигхэн дуган барьдаг болно. Энэ нь нэг удмын хүмүүс дундаа нэг дугантай байна гэсэн үг юм.
Буриадын бурханы шашинтнуудын өмнө тулгарч буй нэгэн сорилтот ажил нь Төвд-Монголын бурханы шашны ертөнцөд өөрийн байрь суурийг олоход байна. 2002 онд Буриадын XII Бандид хамба лам Даш Дорж Итгэловийн (1852-1927) биеийг газар дороос гарган залсан нь ихээхэн чухал үйл явдал болжээ.
Очирт завилгаагаар суусан түүний бие газар дор огт муудаагүй байв. Итгэлт хамбыг одоо Иволгийн дацанд шилэн хоргон дотор залжээ. Энэхүү сонин гайхалтай үйл явдал нь Буриадыг сонирхох нийтийн сонирхолыг ихэд татаж басхүү сүсэгтэн олонд бахархууштай сайхан явдал болсон юм.
Хамба лам Дамба Аюушеев хэлэхдээ: "Бид буриадууд Төвдөд шавилан сууж суралцсан манай ард түмний хүү Заяаевын ач тусаар бурханы шашинтай учран золгосон....Заяаевийн сонин гайхамшигт үйл нь тэрээр Төвдөөс морилон ирсний дараа бурханы шашин дэлгэрэх үйлсийг тэтгэсэн. Улмаар Буриадын бурханы шашин баттай оршиж Хамба ламын институт үндэслэн байгуулагдсан.
Яагаад гэвэл Екатерина хатан хаан Заяаевтай уулзахдаа түүний аугаа хүн болохыг мэдэрсэн. Итгэлт хамба Заяаевын хойд дүр. Итгэлт хамба Буриадаас гадагш аялаж байгаагүй. Төвд ламаас ямар нэгэн авшиг авч байгаагүй. "Яагаад бид буриадууд гадны хүмүүсийн өмнө дандаа бөхийж байх юм? Итгэлт хамбыг хар, тэр хаашаа ч явж байгаагүй" гэж хамба лам Дамба Аюушеев хэлжээ.
Итгэлт хамбын дараах нэгэн чухал үйл явдал нь 2002-2004 оны хооронд Анинск хийдийн туурийн ойролцоох газраас 450 бурхан шүтээн олсон үйл явдал юм. Мөн 2005 онд Баргужин хөндийн нэгэн том хадан дээр бүжиглэж буй Янжинмаа Сарасвати) бурханы дүр тодрон гарчээ. Уг газар одоо эргэл мөргөлийн газар болсон бөгөөд энэхүү үйл явдал нь Буриадын бурханы шашин болон хамба ламд хандах нийтийн хандлагыг өөрчилсөн юм.
"Хиндүгийн домог зүйд Сарасвати бурханыг мөн ариун гол мерөн гэж үздэг бөгөөд Ганга мөрнийг Сарасвати хэмээн бишрэн шүтдэг. Харин муу цагт мөрөн газарт шингэж сайн цаг ирэхэд дахин гарч ирдэг хэмээн үздэг.
Бурханы шашинтнууд улс төрийн амьдралд нэн идэвхитэй оролцдог нь Буриад дахь бурханы шашны бас нэгэн онцлог юм. Хэдэн зууны өмнөөс бурханы шашныг улс терийн нөлөө авчрах чухал инструмент болгожээ.Олон лам хуврагууд улс төртэй холбоотой. Дээд Зөвлөлийн депутат (депутата Верховного Совета), Төрийн Дум болон бусад байгууллагад лам хуврагууд байдаг.
Жишээ нь: Хамба лам Дамба Аюушеев Оросын Холбооны Улсын Шашин хоорондын Зөвлөл (Межрелигиозный совет России) мөн Олон нийтийн Танхимын (Общественная палата Российской Федерации) гишүүн юм. Буриадад бөө мөргөл их хүчтэй байсан. Хэдийгээр бурханы шашинтнууд өмнө нь, XX зуунд зөвлөлтүүд бөө нарыг шахан хэлмэгдүүлсэн боловч 1990 оноос хойш Буриадад дахин сэргэж ирсэн.
Бөө олшрон тэдний үйлдэх зан үйлүүд болон олон нийтэд нөлөөлөх нөлөөлел нь зарим бурханы шашинтнуудын хувьд санаа зовоох үзэгдэл болжээ. Янжинмаа бурхан болон бурхан шүтээн олдсон газар нь бөө мөргөлийн газартай ойрхон байдаг байна. 2000 оны байдлаар Буриадад 30-аад сүм хийд байна. Буриад лам нараас гадна тевд лам нар (Иш Лодой Ринбүчи, Жамба Тинлэй зэрэг) Буриадад оршин сууж Бурханы ном, заадаг лам нар байна.
Буриад бурханы шашны урсгалын ихэнхи шарын шашин боловч мөн бусад урсгалууд болох Гаржуд, Солонгос, Япон, Хятадын болон Теравада урсгалыг дагадаг бурханы шашинтнууд мөн байдаг байна. Төвд болон бусад урсгалын багш нар энгийн хүмүүст бурханы шашны хичээл орж мөн авшиг хүртээдэг байна. Ихэнхдээ Өрнедөд бүрэлдэн тогтсон бурханы шашны хэв маягийг тэд төлөөлдөг.
Энэ нь бурханы шашны зан үйл, сүм хийд гэхээс илүүтэй бурханы сургуулийг мен чанарыг танин мэдэх, бясалгал үйлдэхэд илүүтэй анхаардаг хэлбэр юм. Тэдгээр бурханы шашны тевүүд, багш нар нь Буриадын бурханы шашинтны төвд эс хамаарагддаг байна.
Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин
Сэтгэгдэл0
Та нар залхуу, залхуу гэдгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Сэхээрэхгүй бол та нар хэдэн жилийн дараа хятадуудын хүн-хүлэг болно, эсвэл тэрнээс ч доор юм болно. А.С. Филатова
Huts