sonin.mn

 

Би 11 жилийн өмнө Солонгос улсад сурахаар очиж, сурахын хажуугаар ажил хайн, арабайт хийж айл нүүлгэн, самүшил дээр биеэ үнэлэн, барилгын цэвэрлэгээ, шигданы ажил гээд Монголчуудын хийдэг бүх л ажлыг хийж явсан жирийн нэг залуу байна. 2015 оны эхэнд би дахин нэг удаа Солонгос улсыг зорьж тэндхийн Монголчуудтай уулзан, олон зүйлийн талаар ярилцсан юм. Надад бүтэн 10 жилийн жиших өнцөг болоод туршлага байгаа учраас би тэнд амьдрал ямар байгаа талаар өөрийн ойлгож мэдэрснээ та бүхэнтэй хуваалцья гэж бодлоо. 
 
Хамгийн түрүүнд Монголчууд олуулаа болжээ. Албан бус тоогоор 30000 Монгол хүн тэнд хууль ёсны ба хууль бусаар бүртгэлтэй байдаг гэнэ. Монголчууд олон болсныг батлах хамгийн наад захын жишээ бол хилийн шалганаар орж ирдэг цонхон дээр Монголоор ярьдаг хуруу уншигч байсан юм. “Та хуруугаа дарна уу, та хуруугаа дахин дарна уу” гэж зааварлах нь нэг бодлын хөгжилтэй ч юм шиг. Харин өмнө нь тийм байсангүй. Бүгд л виз нь гарчихсан мөртлөө дотроо айдастай тэр цонхыг давдаг байлаа. Түүнээс өмнөх түүх яривал Монголчууд 1996, 1997 онд Далиан, Тяанжиний усан боомтоос хөдлөн замдаа хэд хоног бөөлжин байж Гуулин улсад хар ажил хийхээр бууж байсан юм.
 
За тэр яахав, элчингийн виз хариуцсан Монгол мэргэжилтэнтэй уулзтал ердөө өнгөрсөн оны 11,12-р сард гэхэд 900 гаруй тооны Монгол хүн Солонгос улсад харласан гэнэ. Харлана гэдэг нь хууль бусаар тэнд ажиллаж, амьдрахын нэр. Энэ нь яах аргагүй Монгол улсад эдийн засаг хямарч бодит нөхцөл байдал дээр хүмүүсийн амьдрал муудсаных. Магистр зэрэгтэй, 2 их дээд сургууль төгссөн нэгэн ч сард авах хэдэн төгрөгийн зөрүүг нь бодон Солонгос руу ажил хийхээр явж байна.
 
Аяллын 3 сарын виз гаргуулан ажлаасаа чөлөө аван ажиллах нэгэн хүртэл байх. Арга ч үгүй дээ, хуучин 1:1 шахуу байдаг вонн одоо 1:1.8 буюу бараг нэг дахин өссөн. Тэнд олсон нэг сая вонн Монголд 2 сая шахуу төгрөг. 2 сая төгрөгийн цалин Монголд маш их мөнгө. Солонгос явах ашигтай болжээ. Уул уурхайд дарагдсан эдийн засгийн хөөс дарагдсан байна, бид хөрсөндөө бууж эхлэж.
 
Муусайн Солонгосчууд, Солонгос сериалын нөлөө бидний түүх соёлоос илт давамгайлж, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэдэн телевизүүд хөхүүлэн дэмжиж байна. Энэ бол буруу, буруу, буруу ... Бид гаднаа ингэж ярьсан ч хэдэн мянгаараа Солонгосын виз хөөцөлдөн, хэдэн зуун мянгаараа орой зурагтынхаа өмнө суугаад Солонгос сериалыг үзэж байгаа. Тэгээд бид Солонгос сериалаар бүхнийг төсөөлөн нэг их сайхан газар луу явж байгаа мэт гадны улсыг зорьж байгаа.
 
Учир мэдэх нэг нь мөнгө дагна, учир мэдэхгүй хүүхдүүд бол моод дагана. Бид дагана, тэд дагуулна. Түүхээр яривал тэртээх 13-р зууны бидний туулсан оргил яг одоо азийн бар гэгдэх Солонгост, Япон, Сингапур гэх мэт улсуудад ирсэн юм шиг байна, Хятадын тэр давалгаа бол бүр маш холоос нүүгэлтэн харлах аймшиг шиг санагдана. Нэг оргилж нэг намсах далайн давалгаа мэт түүх, тохиол, цаг хугацаа хувисан өөрчлөгдөж байдаг юм болов уу ? ...  Үргэлжлэл бий ...
 
Ч.Ганжавхлан