sonin.mn

Тэрээр 1176 онд, Монголын төв хэсгийн уулархаг нутагт орших Жарчиудай урианхан язгууртан Хабалын II хүү болж төржээ. 14 наснаас хааны санг хамгаалах хошууч хайгуулын алба хааж эхэлсэн. 1206 онд мянганы ноён болсон. Мэргидийн үлдэгдлийг Хэрлэнгээс Чүй мөрөн хүртэл нэхэн хөөж бут цохисон байна. Төмөр тэргэт Сүбээдэй гэж алдаршжээ.

Монголчууд харилцан ашигтай, эв найртай амьдрахыг хичээж байлаа. Гэтэл хөрш зэргэлдээ гүрнүүд нь тэр бодлогыг хүлээн аваагүй. Алтан улс 1212 онд, Сартуул улс 1218 онд Монголын элч нарыг устгасан. Ийм үед хэрэглэх ганц арга нь дайн байлдаан болсон байна. Сүн улс худалдааны замуудыг боож боомтуудаа хаасан.

Зүрчидийн алтан улсын эсрэг анхны аян дайнд 36 настай Сүбээдэй тодрон шалгарчээ. 1219 онд Сартуул (Хорезм)-ыг довтлоход Сүбээдэй Зүчи хааны дэргэд явж Самаркандын байлдааны дараа тусгай зарлигаар Зэбэ жанжны хамт (Мухаммед шахыг нэхэмжлэн) Европт гүн нэвтэрчээ.

1225 онд Чингис хаан Хашин оронд зориход Сүбээдэй тэр хэрэгт оролцсон. Өгөөдэй хаан ширээнд суусныхаа дараа гүнжээ Сүбээдэйд өгч, Монгол цэргийн ерөнхий захирагч болгожээ. Алтан улсыг дагуулах ажлыг гардаж түүний өмнөд нийслэл Бянь Жань-ийг эзлэн Зүрчидийн хааны хаан ширээг унагасан болой.

1235 оноос Бат хааныг дагалдан Өрнө зүгт хоёр дахь аяллаа хийж Дорнод Европыг дагуулсан байна. Сүбээдэй Алтан ордны улс байгуулахад идэвхтэй оролцож байгаад Гүюг хааныг өргөмжлөх улсын их хуралдайд уригдан 1246 онд эх нутаг (Туул гол)-доо буцаж иржээ. Тэр цагаас хойш гадагш гарсангүй. 1248 онд 73 насандаа таалал төгсчээ.

Эх сурвалж: "Соёмбо"