sonin.mn

Хүүхэд бол гэр бүлийн амьдралын утга учир. Тийм ч учраас бид тэдний төлөө амьдарч, тэднийхээ инээмсэглэлд ядарснаа ч мартан хамтдаа тоглож, ярилцаж, зөвлөлдөж, бас заримдаа суралцдаг. Гэвч хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд тэр бүр хүүхэддээ цаг зав гаргах боломжгүй болсон нь эцэг эх хүүхдийн хоорондын харилцааг хөндийрүүлэх нэг шалтгаан болж байна.

Мөн гэр бүлийн гишүүдийн харилцаа хөндийрөхийн хирээр нэг нэгэндээ тавих анхаарал халамж буурч байгаа нь гэр бүлийн тогтвортой байдал алдагдахад хүргэж байна.

Саруул 26 настай, эмэгтэй

Аз жаргалтай амьдрахын хамгийн чухал зүйл бол хүүхэд. Үүнтэй хэн ч маргахгүй. Олон гэр бүлийн хосууд хамтдаа амьдрах хугацаандаа үр хүүхэдтэй болохгүйгээс болж хоёр тийшээ болох явдал их байдаг. Мэдээж энэ насыг хамт туулах болохоор түүнийг улам гэрэл гэгээтэй утга учиртай болоход хүүхэд зайлшгүй чухал.

Гэрлэснээсээ хойш хүүхэдтэй болж чадахгүй байгаа ихэнх гэр бүлийн хосууд хүүхэдтэй болох гэж бүх л аргаа хэрэглэдэг. Харамсалтай нь хүүхэдтэй болох боломжгүй ихэнх гэр бүлийн хувьд амьдрал нь салалтаар дуусдаг. Ингээд бодохоор гэр бүлийн тогтвортой байдлын баталгаа бол хүүхэд яах аргагүй мөн.

Мөнгөндуулга 29 настай, эрэгтэй

Хэрвээ хүүхэд гэp бүлийг тогтвортой байлгахад нөлөөлж чадах байсан бол өнөөдрийн энэ олон гэp бүлийн салалт байх байсан гэж үү. Гэр бүл салалт жил бүр нэмэгдэж байна гэсэн тоо баримт дурьдагдахаас биш буурч байна гэсэн үзүүлэлт харагдахгүй л байна шүү дээ.

Тиймээс гэp бүлийн тогтвортой байдлын баталгаа хүүхэд биш. Яахав тодорхой хугацаанд тогтоож бол чаддаг. Мэдээж эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамтдаа санаа тавих үүрэгтэй болохоор гэp бүлийн асуудлаа эерэгээр шийдвэрлэх гэж оролддог. Хүүхдүүдээ аливаа зүйлийг ухаарах насанд хүртэл нь гэp бүл салалтыг хойшлуулдаг байж болох ч тийм тохиолдол тун цөөхөн.

Ихэнхдээ л боловсролтой хүмүүс л ийм шийдвэр гаргаж хүлээцтэй ханддаг байх. Мөн гэp бүлийн салалтаас хүүхдээ ямар их сэтгэлийн дарамт, сөрөг үр дагавруудтай үлдэхийг мэдэрч чаддаг эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ төлөө хамт амьдрах тохиолдол байдаг. Харамсалтай нь ийм тохиолдол тун цөөхөн.

Алдармаа 37 настай, эмэгтэй

Зарим гэр бүлийн хувьд хүүхэд гэр бүлийг тогтвортой байлгаж чаддаг зарим гэр бүлийн хувьд энэ боломжгүй. Хамгийн гол нь тухайн хүмүүсийн үзэл бодол, суурь хүмүүжил, гэр бүлд гарсан асуудал, нөхцөл байдал зэргээс шалтгаалж гэр бүлийн амьдралаа салалтаар төгсгөх үү яах уу гэдгээ шийдэх байх.

Мэдээж зарим хүмүүс хүүхдийнхээ төлөө амьдралаа золиосолж, хүчирхийлэгч, архичин, тэсэхийн аргагүй ааш авиртай хүнтэй насаараа амьдрах тохиолдол бидний эргэн тойронд зөндөө л байдаг. Мөн хүүхдийнхээ сэтгэл зүйд нөлөөлөх айдас, бусдын нүдэнд үзүүрлэгдэх, үеийнхээ найзуудад эцэггүй гэж хэлэгдэх вий гэсэндээ олон эмэгтэйчүүд нөхрөөсөө салж чадахгүй хүчирхийлэлийн дор амьдарч байгааг бид мэднэ.

Гэтэл зарим гэр бүлийн хувьд бүр эсрэг байх нь ч бий. Яах гэж хүүхэдтэй болсноос ч ойлгоогүй түрхэн зуурын шохоорхол сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчихдог. Гэтэл хэсэг хугацаанд нэг гэрт амьдарч зан зангаа мэдэлцээд ирэхийн цагт бие биенээ ойлголцоогүйгээс хоёр тийшээ болох явдал их байдаг.

Энэ тохиолдолд анхнаасаа гэр бүлийн үнэ цэнгийг ухаараагүй, хүүхдийнхээ өмнө ямар үүрэг хариуцлагатай гэдгээ ухамсарлаагүй эцэг эх болчихсон тэдний хувьд гэр бүл салахад хүрэхэд хүүхэд төдийлөн нөлөөлж чадахгүй.

Даваабаяр 40 настай, эрэгтэй

Гэр бүл салалтыг хамгийн эмзэг хүлээж авч сэтгэлийн шархтай үлддэг хүн бол хүүхэд байдаг. Тиймээс гэр бүл салалт хүүхдүүдийн суурь хүмүүжил, төлөвшил, зан аашинд сөргөөр нөлөөлдөг.

Гэр бүл салалт нь хүүхдийн хувьд хамгийн эрхэм зүйл болсон эцэг эхийн хайр, халамж, элэг бүтэн амьдралыг үгүй хийдгээс хүүхэд эзэнгүйдэж, сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй гаж зан үйлд татагдан орох нөхцөлийг бүрдүүлдэг. Эцэг эх нь салснаар хүүхдүүдэд тавих хяналт суларч ганцаардах, гадуурхагдах сэтгэл төрж эхэлдэг.

Эцэг эхийн зөрчил маргааныг харж байгаа хүүхэд аль нэгнийх нь талд орох хүсэл байвч нөгөөгөөсөө урвасан мэт санагдаж дотооддоо зөрчилдөх нь түүний сэтгэл зүйд маш хортойгоор нөлөөлдөг.

Үүнээс гадна гэр бүл салснаар хүүхдийн хэрэгцээ сонирхлыг хангах явдал суларч өөр аргаар түүнийгээ гүйцэлдүүдэх зорилгоор буруу замруу хальтрах явдал их бий. Тиймээс эцэг эхчүүд түсдаа амьдрах сонголтыг хийсэн ч энэ явдалыг хамгийн их хүндээр тусгаж авсан хүүхэддээ анхаарал халамж маш сайн тавих хэрэгтэй.

Сансартуяа 31 настай, эмэгтэй

Залуу гэp бүл амьдралд хангалттай бэлтгэгдээгүйгээс салж, гэp бүлийн үүрэг хариуцлага суларч байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд гэp бүлийн боловсрол маш чухал байна. Гэр бүлийн боловсролд анхаарахын тулд гэp бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулж залуу гэp бүлд гэp бүлийн үнэ цэнэ утга учрыг мэдүүлэх хэрэгтэй.

Гэр бүл салалтын хамгийн том хохирогч бол хүүхэд байдаг. Гэтэл залуу гэp бүлүүд жижигхэн асуудлаас болж салаж байгаа нь энд хамгийн их хохирч үлдэж байгаа хүүхдийнхээ ирээдүйг огт бодохгүй байгаатай холбоотой. Тиймээс гэp бүлд зөвлөгөө өгөх улсын байгууллага хамгийн гол нь үнэгүй үйлчилгээ үзүүлдэг байвал залуус хамрагдах боломж нэмэгдэнэ.

Энэ төвүүд нь залууст гэp бүл болсноор юуг эрхэмлэх ёстой, үнэ цэнэ утга учир юу вэ гэдгийг ухамсарлаж ойлгох зорилготой ажиллавал манай улсын гэp бүл салалт буурахад бага ч гэсэн нэмэр болох болов уу. Түүнээс биш хүүхэд гэp бүлийг салгахгүй байлгах амьдралын ганц баталгаа биш гэдэг нь өнөөдөр тодорхой болсон учраас залууст амьдралдаа хариуцлагатай хандах хандлага, суурь хүмүүжлийг төлөвшүүлж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг.

Эх сурвалж: “Эрчүүд ба эрүүл мэнд” сонин