sonin.mn

Урин дулаан болж, мод, ургамал нахиалах цаг ойртсонтой холбогдуулан нийслэлийн өнгө төрхийг тодорхойлох томоохон хүчин зүйлийн нэг ногоон байгууламжийн зөв зохистой арчилгаа, тэдгээрийн ач холбогдлын талаар мэдээлэл авахаар зорьсон юм.“Ховор ургамал сан”-гийн гүйцэтгэх захирал, ургамал судлаач, биологийн ухааны доктор Х.Отгонбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд нийс­­лэлийн хэмжээнд мод, суулгац бэлдэж тарьж байна. Энэ бол сайн зүйл. Харин жил болгон шинээр мод, ургамал тарьсаар атал яагаад үр дүн нь харагдахгүй байна гэсэн асуудал гардаг.

Манайханд хэд хэдэн дутагдал байна. Тухайлбал, өнгөрсөн жил Нэгдүгээр сургуулийн хажуугаар хай­лаас, арц гэх мэт ургамал тарьсан ч хашаа хамгаалалт муу, анхааралгүй хаяснаас олны хөлд үрэгдэн, хог новшинд дарагдсан байсан. Үүнээс болж ургаж чадалгүй үхсэн. Эндээс иргэдийн экологийн суурь боловсрол муу байгааг харж болно.Мөн тарьсан ургамал, модыг хэлбэржүүлэх нь чухал байдаг. Сайн хэлбэрждэг шар хуас, хайлаас, долоогоно, монос зэргийг тарьж болно

-Энэ байдлаас гарах арга замын талаар бидэнд сонирхуулаач?

-Анхаарах гол зүйл бол зөв бойжуулсан стандарт суулгацаар тарих нь чухал. Энэ суулгацыг гаргаж авахдаа навчит модыг мөчрөөр, шилмүүст модыг үрээр гэж үрслүүлдэг. Шилмүүст модонд нарс, улиас, жодоо, гацуур, шинэс зэрэг орно. Үрийг бэлдээд гурваас дөрвөн жил бойжуулаад тарихад болно. Шилмүүст мод удаан ургадаг. Жилд 5-6 см ургах жишээтэй. Хамгийн түргэн ургадаг нь улиас, бургас болон бусад навчит ургамал. Мөн монос, долоогоно, шар хуас байна. Үнэхээр ногоон байгууламж хийе, бүтээе гэвэл тарьсан мод, ургамлаа дөрвөн цагийн эргэлтэнд арчилж, анхаарч байх хэрэгтэй юм. Улаанбаатарын ногоон байгууламжийн нэг хэсэг нь дан улиас болчихсон байдаг. Сүүлийн жилүүдэд нарс тарьж байна. Нарс бол мөнх ногоон ургамал. Нарсыг уулнаас шууд авчраад тарьж байгаа харагддаг. Хэрвээ ийм аргаар тариад, ургуулж байвал сайн хэдий ч арга техник, дүрэм журмыг зөрчиж байгаа учир авчирсан мод үхээд байгаа юм. Уулын бэлэн төглөөс мод авч тарихын оронд үржүүлгийн газар бойжуулсан зулзаган мод тарих нь илүү үр дүнтэй.

-Манайд байгаа цэцэрлэг, ногоон байгууламжууд стан­дар­тын шаардлага хан­гаж чадаж байгаа юу?

-Манай цэцэрлэгүүд арчилгаа муутай. Сүх­баатарын талбай, Засгийн газрын ордны арын цэцэрлэг мэт цөөхөн хэдхэн цэцэрлэг бий. Гэтэл энд 1950-1960 оны үед тарьсан моднуудаас өөрийг нэмээгүй. Тэр нь өгөршсөн, усалгаагүй хая­сан, хогийн ургамалдаа баригдсан байх жишээтэй. Уг нь байгаа юмаа анхаарвал зүгээр санагддаг юм.

Сүүлийн үед хотын өнгө төрх, ногоон байгууламж харьцангуй сайжирсан гэж болно. Тухайлбал Хан-Уул дүүргийн 120 мянгат орчим, УДЭТ-ын өмнөх цэцэрлэг, Баянзүрх дүүрэг зэрэг газрууд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж хийхэд анхаарал тавьдаг болсон байна. Зөвхөн дүүрэг бус, бүх л албан байгууллагууд тус бүрдээ цэцэг, ургамал тарих нь хотоо цэвэр, сайхан байлгах арга зам болох юм. Анхаарал тавьж, хамгаалалтыг сайжруулвал ногоон байгууламж болом­жийн байна гэж боддог.

-Улаанбаатарт ямар ургамал, мод хамгийн тохиромжтой вэ?

-Улаанбаатар хотын барилга, байгууламж, өнгө төрхтэй хамгийн их зохицох мод, ургамал бол мөнх ногоон мод, бут. Тухайлбал нарс, хуш, гацуур, жодоо. Навчит ургамлаас арцны төрлийн мод байж болно. Арц бол олон салаалж ургадаг бутлаг ургамал. Мөн арцны төрлийн ургамал нь эфирийн тос ялгаруулдаг тул анхилам сайхан үнэртэй. Иймээс хотыг тоос шорооноос хамгаалах, сайхан үнэр бий болгох ач холбогдолтой юм.

Манайхан улиасыг сүүлийн үед цагаан хөвөн унагаж, харшил хөдөлгөдөг хэмээн адлаад тарихаас татгалзаж байна. Энэ нь буруу юм. Улиас түргэн ургадаг, үзэмжтэй, гоё үнэр ялгаруулдаг мод. Мөн тоос шороо, дуу чимээг шингээх чадвартай. Дутагдалтай тал нь  манайд голдуу эм улиас давамгайлсан. Энэ тохиолдолд үрээ цацахаас нь өмнө засаж янзлах хэрэгтэй байдаг. Тэгвэл цагаан хөвөн унаад байдаггүй. Уг нь эр улиасны мөчрөөс суулгац бэлдээд таривал ийм асуудал гарахгүй байж болно. Улиасны ургалт, титэм сайн учир салхины маш сайн хамгаалалт болж өгдөг. Тиймээс үүнийг адлах хэрэггүй, харин зөв тарих нь чухал.

-Сүүлийн үед хиймэл зүлэг ашиглах болж. Үүнийг ашиглах нь экологийн хувьд ямар нөлөөтэй вэ?

-Хиймэл зүлэг бол ямар ч бодисын солилцоо явуулахгүй, ургахгүй тул экологийн хувьд ашиггүй эд. Үүнээс аль болох татгалзаж байх хэрэгтэй. Харин ургадаг зүлгийг зулж, ашиглах хэрэгтэй.

Зүлэг бий болгодог ургамал нь олон янз байж болно. Ихэнхдээ олон наст ургамал байна. Эдгээр нь тэгнэн, ширэлдэн ургасаар эвхэж, хуйлж болох зүлэг бий болдог. Олон наст үет ургамлын үр гэж байна. Манайд нийтлэг тарьдаг нь ерхөг, согоогоно, сибирийн өлөн гээд үет ургамлууд байдаг. Аль ч олон наст, үет ургамлыг тарих боломжтой байдаг. Сүүлийн үед Канад, Бээжин зэрэг улсаас мод, ургамал авч ирж тарих нь элбэг болсон харагдаж байна. Уг нь гадны бус өөрийн нутагт ургасан мод, ургамлын үрийг ашиглан үрсэлж таривал ургах нь ч илүү үр дүнтэй гэж боддог.

-Манайхан мод тарих улирлыг сонгож чадахгүй байх шиг санагддаг. Зарим нь хавар гэдэг ч намар сайн гэж ярих нь бий. Ер нь аль улиралд тарих ёстой вэ?

-Модыг хавар тарих нь тарьж байна. Гэхдээ хэсэг хугацаанд усалгаа хийж байгаад зун болоход анхаарал сулран, намар бүр хаяад, өвөл нь хугараад олны хөлд үрэгдэн алга болж буй нь ажиглагддаг юм. Энэ асуудалд л анхаарах нь чухал. Уг нь жимс жимсгэний мод ургамлыг намар таривал сайн байдаг. Навч унаж эхэлсэн үеэс газар хөлдөх хүртэлх хугацаанд тарьж, сайн услах хэрэгтэй. Дараа нь цэнэг усалгааг хийн өвөлжихөд хавар хүртэл зүгээр байдаг.

-Ногоон байгууламж, мод, ургамлыг өнгө үзэмжтэй байлгахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хотын чимэглэл хийхэд цэцгийн өнгө, навчны хэлбэр чухал нөлөөтэй. Жишээлбэл намрын өнгө дагаж ганддаг ургамал байна. Долоогоно, гүйлс, бүйлс гэх мэт. Улаан шаргал өнгө хослуулан их гоё болдог. Мөн цэцэглэх үедээ өнгө өнгөөр дэлбээлдэг мод сонговол хотын өнгө үзэмжийг нэмэх юм.

Нэгэнт хөрөнгө мөнгө зарж тарьсан мод, ургамлаа хамгаалах л чухал. Манай хотын хувьд мод, ургамал ургах бололцоо бүхий  хөрс хангалттай бөгөөд унаган хар шороон хөрстэй гэж хэлж болно. Шороон хөрс байхгүй дан цемент болсон газар ч тарих бүрэн боломжтой. Зориулалтын том сав бэлтгэн түүнийгээ хөрсжүүлэн тарьж болно. Ямар ч улс оронд ийм жишээ байдаг.

 Мөн айл бүхэн хашаандаа бут, ургамал, жимс жимс­гэнэ тарих хэрэгтэй. Жишээ нь, хамгийн энгийн, арч­лахад хялбар жимс бол чацаргана, үхрийн нүд, чавга. Энэ нь үзэмжтэй бөгөөд агаар цэвэршүүлэх, тоос шороог шингээх зэргээр олон ач холбогдолтой. Өө­рийн хашаан дотроосоо жимс хураан авч хэрэглээгээ хангах, зарж борлуулах гээд эдийн засгийн ч ашигтай. Ийм аж ахуй эрхэлдэг айл өрх олон байна шүү дээ. Үүнийг л хэрэгжүүлж чадвал ногоон байгууламжийн асуу­дал шийдэгдэх талтай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"