sonin.mn

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсч буй гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Нийслэл төдийгүй хөдөө орон нутагт үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувь нь архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гарч байгаа юм. Энэ байдлыг таслан зогсоож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Архигүй Монгол" уриалгыг дэмжин Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Архидан согтуурахтай тэмцэх аян"-ыг өнгөрсөн онд амжилтгай хэрэгжүүлсэн.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар хоёр дахь аяныг хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Хоёр дахь шатны хүрээнд энэ сарын 10-23-ны хооронд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, зочид буудлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, зөрчил дутагдлыг арилгуулан хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх зорилгоор дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаа татвар, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс бүрдсэн хэсэг гарч шөнийн шалгалтыг хийлээ.

Шалгалтаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа байдал, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан эсэх, улсын стандартын хэрэгжилт, бичиг баримтын зөрчил, галын аюулгүй байдал, ажиллах орчны ариун цэврийн байдал зэргийг шалгасан юм.

Нийтэд үйлчилдэг хоолны газрууд, паб ресторан, хүнсний дэлгүүр, тэр ч бүү хэл томоохон супермаркетууд ариун цэврийн наад захын шаарддага хангахгүй байна. Баар, шөнийн цэнгээний газрууд цагийн хувиараа барьж ажиллахгүй байна, зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулсаар байгаа газрууд олон байна хэмээн иргэдийн зүгээс мэдээлэл ихээр ирдэг. Тухайн газруудад мэргэжлийн байгууллагууд цаг бүрт нь шалгалт хийдэг гэх боловч үйл ажиллагаа нь зогссон нь цөөхөн.

Харин энэ удаад мэргэжлийн байгууллагуудтай хамтран аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах боломж олдсон юм.

Гуравдугаар сарын 22-ны өдөр 20:00 цаг. Шалгалтын хэсэг эхний ээлжинд тус дүүргийн тавдугаар хороонд байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрээр оров. Эхний шалгасан дэлгүүрийн тусгай зөвшөөрөл 2009 оноос хойш сунгагдаагүй өдийг хүрчээ. Хүнсний дэлгүүрийн наад захын стандартын шаардлага болох худалдагчийн хувцас, худалдагчийн эрүүл мэндийн дэвтрийн хугацаа сунгасан, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх шаардаага мөн хангасангүй. Түүнчлэн архи худалдаалах зөвшөөрлийн бичиг мөн байсангүй.

Нэг үе хаа сайгүй худалдаалагддаг байсан сав баглаа боодол нь стандартад үл нийцэх хямд ширхгийн хятад чихэр, бохь, гаа, ууттай банана, хатаамал, модон чихэр гэр хорооллын дэлгүүрүүдэд одоог ч гэсэн худалдаалагдсаар байна. Гэр хороололд үйлчилгээ явуулж буй эхний дэлгүүрээр ороход л үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл, архины зөвшөөрөл аль аль нь байхгүйн зэрэгцээ эрүүл мэндэд хортой хүүхдийн хямд бохь, чихэр, үйлдвэрлэсэн он cap нь тодорхойгүй хэрчсэн гурил, монгол кимчи ихээр худалдаалагдаж байв. Түүнчлэн дэлгүүрийн гаднах ба дотор хог новш хөглөрч байв.

20:30 минут. Дээрх дэлгүүрийн хажууд байрлах караоке пабаар шалгалт хийв. Караоке паб нь үйлчлүүлэгчдээ халуун хоолоор үйлчлэх ёстой байдаг. Гэтэл тус караоке пабд халуун хоолоор үйлчлэх өрөө ч алга байв. Түүнчлэн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл байгаа гэх боловч шалгалтынханд үзүүлэх зөвшөөрлийн бичиг, архины зөвшөөрлийн аль аль нь байсангүй. Нэг эзэнтэй гэх тус паб болон дээрх дэлгүүрийн архи согтууруулах ундааг хурааж, дэлгүүрт худалдаалагдаж байсан чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг хураав.

21:10 цаг. Шалгалтын хэсэг үргэлжлэн дүүргийн зургаа болон 14 дүгээр хороонд байрлах дөрвөн паб, гурван дэлгүүрийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд нэг дэлгүүр, нэг паб шалгалтанд тэнцэж бусад нь шалгалтанд бүдэрлээ. Эхний дэлгүүр архины зөвшөөрөлгүй байсан бол дараагийн дэлгүүр тамхи худалдаалах зөвшөөрөл байсангүй. Түүнчлэн орчны цэвэр цэмцгэр байдал, эрүүл ахуйн хувьд шаардлагад нийцэх дэлгүүр байсангүй.

Дэлгүүрийн худалдагч хүн зориулалтын хувцас өмсөх ёстой байдаг. Шалгалтын баг орсон дэлгүүрийн худалдагчдын хувьд ажлын хувцас өмсөж мэддэггүй бололтой. Шалгалтын баг хувцас нэхсэний үндсэн дээр лангууныхаа дор уутанд боогоод удаан хадгалсан хувцсаа гаргаж өмсөж байх жишээтэй. Орчны ариун цэврийн хувьд "Өнөөдөр уг нь цэвэрлэсэн гэвч шороо шуураад хог үүсчихлээ" гэсэн тайлбарыг тавьж байв.

Иргэдийн алжаалыг тайлж, халуун хоолоор үйлчлэх зорилготой паб гэх үйлчилгээний газар нь агаар муутай тамхины утаатай харанхуй нөхцөлд архи, тамхинаас өөр үйлчилгээ үзүүлэхээ больсон байна.

Шалгалтаар орсон цөөхөн хэдэн газрын дийлэнх нь наад захын шаардлага буюу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй байв. Сандарсан эзэд лангууныхаа доод хэсгийг ухан байж шороо тоосонд дарагдсан хуучин тусгай зөвшөөрөл гарган үзүүлэх нь хаа байсан 2009 оных байх. Уг нь аливаа үйлчилгээний байгууллагын тусгай зөвшөөрөл нь хүний нүдэнд шууд харагдахаар газар байрлах ёстой байдаг. Гэтэл эдгээр газрууд тусгай зөвшөөрлөө анх аваад хугацаа нь дуусангуут нүднээс далд хийчихдэг бололтой.

2009 онд тусгай зөвшөөрөл нь дууссан байхад яагаад өдийг хүртэл үйл ажиллагаа нь хаагдалгүй хүрсэн, хяналт шалгалт өмнө нь хийгдэж байгаагүй юм уу гэх асуултанд мэргэжлийн хяналтын байцаагч нар "Бид саяхан шинээр тус дүүрэгт хуваарилагдан ирсэн. Өмнөх шалгалтынхан хэрхэн шалгадаг байсныг мэдэхгүй байна" хэмээн хариулав.

Энэ удаад шалгалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд цаашид үргэлжлүүлэн шалгалт хийж заасан хугацаанд зөрчлийг арилгуулах, зөрчил дутагдлаа арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авах аж. Шалгалтын баг явж байна гэх сургаар зарим нэг үйлчилгээний байгууллагуудын чихэнд мэдээлэл хүрчихдэг байна. Тиймээс шалгагдалгүй үлдэх газрууд цөөнгүй байв. Эдгээр газруудад дараагийн удаа дахин ирж шалгалт хийнэ гэдгийг шалгалтынхан хэлж байв.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42.2 заасны дагуу зөвшөөрөлгүйгээр архи тамхи, болон тодорхой бараа бүтээгдэхүүн хулдаасан тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнийг улсын орлого болгоно хэмээн заасан байдаг.

Өнгөрсөн хугацаанд шалгалтын хэсэг баар ресторан, караоке, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж зөрчил дутагдлыг арилгуулсан байна. Баянзүрх дүүргээс санаачлан мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ Төрлийн шалгалтыг долоо хойогт 2-3 удаа явуулж байна. Өнгөрсөн оноос санаачлан хэрэгжүүлж эхэлсэн "Архигүй Монгол" уриалгын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд архи худалдаалж, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа шат дараатай цэгцэрч, архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт ч багассан хэмээн дүүргийн удирдлагууд хэллээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн кафе 10:00 цаг хүртэл, бар ресторан 00:00 цаг хүртэл ажиллах журам гарсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудын хувьд бүрэн хяналт тавьж ажиллаж байгаа хэмээв.

Энэ удаагийн шалгалт 22 цаг 30 минут хүртэл үргэлжлэв. 22 цагийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэр дэх караоке пабууд ихэнх нь үүдээ барьсан байлаа. Шөнийн цагаар үүдээ хаалгүй үйлчилгээ явуулсаар байдаг баар пабууд олон бий гэх мэдээллийг иргэдийн зүгээс гомдоллох нь цөөнгүй. Бид энэ талаар дараагийн удаа сурвалжлан хүргэх болно.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"