sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн хоёрдугаар шат өнөөдөр (2023.06.06)-өөс эхэлж байна.
 
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү үзлэгийг 3 үе шаттайгаар зохион байгуулж буй юм.
 
Энэхүү хоёрдугаар шатны үзлэгийг ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон дэд ажлын хэсэг 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд уг дэд ажлын хэсэг нь батлагдсан ерөнхий удирдамжийн дагуу, тогтоосон хугацаанд мэргэжлийн арга зүйгээр хангахад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж, үзлэгийг шударга, нээлттэйгээр зохион байгуулж, цаашид офицер, ахлагчийн албыг хөгжүүлэх, чадваржуулахад чиглэгдсэн бодлогыг тодорхойлон Ажлын хэсэгт тайлагнах үндсэн үүргийг хүлээх ажээ.
 
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн хоёрдугаар шат эхэлж буй эхний өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн офицер, ахлагч нар бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдлаа. 
 
Мөн энэ сарын 7-ны өдөр ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагчид хамрагдах ба цаашид батлагдсан хуваарийн дагуу үзлэг үргэлжилнэ. Тодруулахад, энэхүү түвшин тогтоох үзлэгийн нэгдүгээр шатны шалгаруулалтыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд батлагдсан удирдамжийн дагуу дотооддоо зохион байгуулж, дүнгээ ирүүлсэн ба офицер, ахлагчийн албан тушаалд ажиллаж буй алба хаагчдыг 100 хувь хамруулсан юм.
               
 
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Гэрэл зургийг хошууч Э.ГАНБАЯР