сонин mn
Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн бүтээл 2021 оны “Улаанбаатар” олон улсын кино наадам болон 2022 онд ОХУ-д зохион байгуулсан “Киношок” олон улсын кино наадмын шагналт “Хөхөө” уран сайхны кино Москва хотын Киноны ордны Цагаан танхимд энэ сарын 18-нд гарч үзэгчдийн хүртээл болголоо.
 
Тус олон улсын кино наадмаас 4 гол шагнал, тухайлбал Гран при “Золотая лоза”, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагнал хүртсэн энэхүү кинонд эх үрсийн нандин далд холбоо, элбэрэл хайр, амьдрал-үхэл, өнгө мөнгө шүтсэн өнөө цагийн бусармаг араншинг тод томруун дүрсэлсэн бөгөөд Цагаан танхимд цугларсан монгол иргэд, оюутан залуус, Москва хотын үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бүтэн хоёр цагийн турш дэлгэцийн өмнө уяжээ. Энэхүү киног Оросын кино уран бүтээлчдийн холбоо Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэй анх удаа Оросын нийслэлд толилуулав.
 
Оросын кино уран бүтээлчдийн холбооны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Александр Соломонов нээсэн бол Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөх, СГЗ Ц.Ганболд хэлсэн үгэндээ Монголын үе үеийн кино сонирхогчид Зөвлөлтийн “Амьдрал нулимсанд дургүй”, “Вокзалд учирсан хоёр”, “Служебный роман”, “Ийм нэгэн явдал буюу ууранд суусан паян” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг бараг цээжилчихсэн байдгийг дурдаж, кино бүтээх арвин туршлагатай Оросын киночдыг Монголын давтагдашгүй, үзэсгэлэнт нутагт шинэ кинонуудынхаа зургийг авч, манай Соёлын яамнаас амлаж буй зардлын хөнгөлөлтийг эдлэхийг уриаллаа.
 
“Хөхөө” киног оросын үзэгчид халуун алга ташилтаар талархан хүлээж авсан бөгөөд зарим үзэгчид сэтгэгдэлээ хуваалцав. Тухайлбал, ОХУ-ын Кино уран бүтээлчдийн холбооны гишүүн, Театрын уран бүтээлчдийн холбооны гишүүн жүжигчин, кино найруулагч Т.В.Фёдоров, “Шуудхан хэлэхэд энэ кино “Киношок”-ийн тэргүүн шагналыг тохиолдлоор хүртээгүй нь тодорхой байна. Энэ бүтээл философлог, олон талаар сургамжтай юм. Зураглаачийн ажил сайн болжээ. Гол дүрийн жүжигчдийн ур чадвар өндөр түвшинд байна” хэмээн үнэлсэн бол Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-нд нэгэн үед Соёлын харилцааны асуудал хариуцаж байсан хатагтай Ольга Ракшаева, “Нэг зүйл тов тодорхой. Монголын кино урлагт “Хөхөө” кино үзэгдэл, үйл явдал болж чаджээ. Энэхүү бүтээл гүн гүнзгий философийн хандлагаараа бусад киноноос ялгарч байна. Эрэгтэй болон эмэгтэй шилдэг дүрийн шагналууд эзнээ яг олжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.