sonin.mn
УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа  Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа.
 
НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “ НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг товчхон танилцуулахад нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. ӨЭМТ-д сайн дурын 10 жолооч, тээврийн хэрэгслийг нэмэлтээр  ажиллуулж байна. ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн багийн зөвлөгөөг чиг болгон баримталж, иргэдэд чиглэсэн тандалт болоод эмчилгээ үйлчилгээг цаашид ч үзүүлэхээр шамдан ажиллана” гэсэн юм. 
 
 
Цаашид коронавируст халдвар тэр дундаа омикрон хувилбарын тархалт буурахгүй бол хамгийн их эрсдэл хүлээх газар бол нийслэл. Тиймээс Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, хурал, цуглаан, цайллага, сургалт зэрэг олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулах, Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
 
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Коронавируст халдварын тохиолдлын тоо 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс огцом нэмэгдсэн. Нэгдүгээр сарын 1-3 дахь долоо хоногт хоногийн дундаж тохиолдол 3180-д хүрээд байна. Энэ нь  өмнөх долоо хоногоос 34.9 хувиар өссөн /жирэмсэн 39.1 хувиар өссөн, хүүхдийн тохиолдлын тархалт өмнөх долоо хоногоос 39.8 хувиар өссөн/  үзүүлэлт юм.  Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн  тоо нэгдүгээр сарын 6-ны өдрөөс мөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23642  хүн гэрээр эмчлүүлж байгаа юм. Энэ удаагийн халдварын онцлог нь нийт иргэдийн дунд халдварын тохиолдол огцом нэмэгдсэнээс эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл учрах магадлал өндөр байна” гэлээ.
 
Уулзалтын төгсгөлд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Г.Ариунбуян НОК-ын Шуурхай штабын  үйл ажиллагаа жигдэрч, омикрон хувилбарын тандалт, хариу арга хэмжээг зөв хувилбар, оновчтой арга хэрэгслүүдээр шуурхай авч ажиллаж байгааг дурдаад  нийгэмд чиглэсэн, ард иргэдэд хандсан олон чухал ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.