sonin.mn
Цар тахлын халдварын дөрөв дэхь давлагаа эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээллээр омикрон хувилбар хөнгөн тусах магадлалтай ч тархах явц маш хурдан хэмээж буй. Тэгвэл тав хоногийн өмнө өдөрт 1818 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр 2751 тохиолдол батлагдаж даруй 1000 гаруйгаар өсөв. Мөн хэвтэн эмчлүүлж буй 7041, гэрийн хяналтад 30604 хүн байгааг  яамнаас мэдээллээ.
 
Уг тоог өмнөх өдрийн мэдээлэлтэй харьцуулбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 470-аар, гэрийн хяналтад байгаа иргэний тоо 4126-аар нэмэгджээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэйн тоо өмнөх өдрөөс 224, хүүхдийн тоо 81-ээр нэмэгдсэн байна. Архаг суурь өвчингүй идэр насныхны хувьд омикрон харьцангуй хөнгөн тусч байгаа бол хүүхэд, хөгшид, суурь өвчтэй хүмүүс хүндэрч эмнэлэгт хэвтэхээс аргагүй байгаа юм. Омикроныг хэдийгээр хөнгөн тусаад өнгөрөх ч хожмын урхаг ямар байх талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Омикроноор өвдсөн хүн гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих, омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх шаардлагатай. Омикроны дараах хүндрэл  одоогоор  бүрэн судлагдаагүй хэдий ч  ядрах, сульдах, мартамхай болох урхагтай.  Омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө  дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна” гэлээ.
 
Эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хүндрэлийг даван туулах гол арга нь вакцин гэдгийг анхааруулж буй. Тиймээс иргэдийг бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
 
Дархлаажуулалттай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Спутник V вакцинаар бүүстер тунг хийлгэх боломжтой. Монгол Улс вакцины дархлаа сэргээх тунд Pfizer болон VeroCell вакциныг иргэдийн сонголтоор хийж байна.  Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын нэгжүүд дээрх хоёр вакциныг хийж байна. Харин Спутник V вакциныг зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа. Улсын хэмжээнд Спутник V вакциныг хийлгэсэн иргэдийн тоон мэдээлэл нийт дүн мэдээлэлд орж байгаа. Дархлаа сэргээх нэмэлт тунг тухайн вакцинаар хийлгэх хүсэлтэй иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой" гэсэн юм.
 
Нэгдүгээр сарын 15-ны байдлаар  III тунгийн хамрагдалт 50.2 хувьд хүрчээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.5 хувь байна.
Харин бусад улс орны хувьд есөн сая орчим хүн амтай Израйльд 500.000 хүн дөрөв дэх тунгаа хийлгээд байна. Вакцинжуулалтад хамгийн сайн хамрагдсан  Их Британид омикроны халдварын тоо эрчимтэй буурч байгаа бөгөөд орны ачааллын дийлэнхийг вакцингүй хүмүүс эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Их Британийн  Эрүүл мэндийн агентлаг эмнэлэгт хэвтэлтийн статистик анализ хийж омикроны хүндрэл Дельтагаас 50 хувь хөнгөн байгааг мэдээлжээ.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин