sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Их Британид лхагва гарагт “COVID-19” халдварын 78610 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Урьд нь нэгдүгээр сарын 8-нд буюу хөл хорио тогтоогоод байх үед хамгийн олон тохиолдол /68053/ илэрч байсан юм.
Их Британийн Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөх, профессор Крис Уитти хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ ойрын хэдэн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо улам нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ. Зул сарын баяр удахгүй болох гэж буй энэ үед иргэд өөр өрхийн хүмүүстэй уулзахдаа сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.
 
Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд хүн бүхэн нэмэлт тундаа хамрагдах нь “туйлын чухал” байгааг цохон тэмдэглээд, зарим бүсэд халдварын тохиолдлын тоо хоёрхон өдрийн дотор хоёр дахин нэмэгдэж байгааг сэрэмжлүүлжээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт 10 хувиар, Лондонд ойролцоогоор гуравны нэгээр нэмэгдсэнийг эш татжээ.
К.Уиттигийн мэдээлснээр, Их Британид халдварын хоёр тархалт дэгдэж байгаагийн нэг нь хурдан халдварладаг “омикрон” хувилбар, нөгөө нь “дельта” хувилбараас үүдэлтэй байна. Түүнчлэн тэрбээр эмзэг бүлгийн хүн амтай уулзахынхаа өмнө шинжилгээ өгч, агааржуулалт сайтай газарт, боломжтой бол гадаа талбайд уулзахыг хүмүүст уриалсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг