sonin.mn
11-р сарын 29-нд буюу өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар Хятад, Оросын эрчим хүчний худалдааны 3-р чуулга уулзалтад баяр хүргэн, мэндчилгээ илгээсэн байна.
 
Ши Жиньпин мэндчилгээндээ: "Энэ он гарснаас хойш манай хоёр улс “Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээн”-д гарын үсэг зурсны 20 жилийн ойг хамтдаа тэмдэглэж, стратегийн иж бүрэн түншлэл, тал бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн үр дүнд хүрсэн. Эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал чиглэл юм. Хоёр тал цар тахлыг хамтдаа даван туулж, эрчим хүч, худалдааны эерэг өсөлтийг биелүүлэн, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг саадгүй хэрэгжүүлж, хамтын ажиллагааны шинэ салбар, шинэ арга хэлбэрийг байнга өрнүүлсээр ирлээ.
 
Хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагаа ихээхэн ололт амжилтад хүрсэн нь шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа асар их хөгжлийн орон зайтай гэдгийг харууллаа. Эрчим хүчний чиглэлээр улам нягт хамтран ажиллаж, эрчим хүчний аюулгүй байдлаа хамтдаа хамгаалан, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод хариу өгөхийн тулд Оростой хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна" гэжээ.
 
Харин Путин: " Орос, Хятадын шинэ эриний хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Сүүлийн жилүүдэд Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд нааштай ахиц гарч, хоёр орны хил дамнасан газрын тос, байгалийн хийн хоолойн үйл ажиллагаа хэвийн явагдаж, эрчим хүч, худалдаа тогтвортой өргөжиж тэлж байна. Мөн Арктикийн бүсийн шингэрүүлсэн байгалийн хийн олборлолт, цөмийн эрчим хүчний цогцолборыг хамтран байгуулах зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж буй. Хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эрчим хүчний мэдээлэлжүүлэлт, ногоон эрчим хүч зэрэг хамтын ажиллагааны шинэ чиглэлийг судалж, Орос, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэнэ гэдэгт найдаж байна" гэсэн байна.
 
н.Ренчин