сонин mn
Эрхэм уншигч Таны амрыг эрье. Намайг Баянмөнхийн Очирхуяг гэдэг Монгол Улсын Их Сургуульд био технологич мэргэжлээр суралцаж байгаад тус ангид цэргийн алба хааж байна. Миний хувьд цэргийн алба хаах уу, эсвэл үргэлжлүүлэн суралцах уу? гэсэн сонголтын өмнө их бодсон, ар гэрийнхэнтэйгээ болон найзуудтайгаа ч зөвлөсөн. Эцэст нь цэргийн албыг хаах шийдвэрийг гаргасан ба уг шийдвэрээ гэрийнхэндээ хэлэхэд аав минь шууд дэмжсэн. “Эр хүнийг төлөвшүүлдэг, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлдэг сайхан алба шүү, олон аавын хүүхдүүдийн дунд зөв сэтгэлтэй, зөв мөртэй яваарай, найд нөхөдтэйгөө эвсэг харилцаатай байгаарай” гэж захисан. Бид шинэ орчинд олон зүйлийг бие даан хийхэд суралцаж, олон найзуудтай нөхөрлөж байгаадаа их баяртай байгаа.
 
 
Би тус ангид хамгийн дотнын хоёр найзтайгаа хамтдаа цэргийн алба хааж байгаа. Тодруулбал, байлдагч Б.Азжаргал, Б.Бат-Эрдэнэ бид гурав их сургуульд суралцаж байхдаа ярилцаж байгаад хамтдаа цэрэгт явцгаах шийдвэр гаргасан үеэсээ л коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарал тавьж бас шүдээ сайн эмчлүүлсэн. Бид оюутан байх үед сургуулийнхаа Оюутны зөвлөлд ажиллаж оюутны хөгжлийн талаар цөөнгүй ажлыг зохион байгуулсан. Хэдийгээр хамтдаа цэргийн алба хаах тухай ярилцаж байснаас нэг ангид, тэр дундаа төрийн торгон цэрэг хэмээгдэн, Монгол Улсынхаа нүүр царай болно гэж бодож явсангүй. Бидний нөхөрлөл одоо улам батжиж, насан өтөл болтол үргэлжлэх болно.
 
 
Бид бүхэн төрийн ёслолд оролцохыг тэсэн ядан хүлээж байна. Хүүхэд байхдаа өөрийн бишрэн харж байсан тэрхүү ёслолын дүрэмт хувцсыг өмсөж, монгол төрийнхөө олон арван ёслолд өөрийн биеэр оролцох нь бахархал шүү дээ.
 
 
 
Бидэнд дан ганц цэргийн эрдэм заагаад зогсохгүй амьдралын зөв хэвшил, дадалд сургаж байгаа салааны захирагч, дэслэгч Х.Оюунчулуу, салааны ахлагч, дэд ахлагч Г.Пүрэвбат нартаа баярлалаа гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна.
Тэрчлэн хугацаат цэргийн албыг хааснаар бие бялдрын өв тэгш хөгжил, тэсвэр хатуужилтай болж, хувийн зохион байгуулалт, бие дааж амьдрах, манлайлах чадварт суралцах зэргээр олон боломж нээгдэнэ гэдэгт итгэл төгс байгаа. Тиймээс цэргийн алба хаасан нэг жилийн хугацаа маань миний амьдралын хамгийн гэгээн дурсамжуудын нэг байх болно.
                                                           
 
Ахлах дэслэгч Г.ТҮМЭНБАЯР