sonin.mn
НҮБ. /TASS/. 2022 оны эхний хагаст дэлхийн хүн амын дор хаяж 70 хувийг вакцинд хамруулахын тулд дэлхий дахинд коронавирусний вакцинжуулалтын олон улсын төлөвлөгөө шаардлагатай байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш пүрэв гарагт Парисын энх тайвны чуулганд оролцогчдод хандан дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгджээ.
 
 
 
"Бидэнд 2022 оны эхний хагаст вакцинжуулалтын түвшинг 70 хувьд хүргэхийн тулд вакцины үйлдвэрлэл, түгээлтийн хэмжээг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх вакцинжуулалтын олон улсын төлөвлөгөө хэрэгтэй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
 
 
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлэхдээ, коронавирус нь дэлхий даяар тэгш бус байдлыг нэмэгдүүлснийг дурдаад дэлхийн олон тэрбум хүн коронавирусний вакцины эхний тунгаа хүлээж байгаа нь үнэн хэрэгтээ "ёс суртахууны алдаа юм" гэжээ.
2020 оны сүүлчээр Гутерриш дэлхий даяар вакцинжуулалтын хуваарийг төлөвлөх, вакциныг түгээх ажлыг хариуцах цар тахалтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулахыг уриалж байсан юм. Хэдийгээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалгаа нэг бус удаа давтсан ч одоог хүртэл шийдэгдээгүй байна.
НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилах зорилгоор COVAX механизмыг бий болгосон билээ. Гэвч вакцин үйлдвэрлэгч орнууд улс орнуудад, ялангуяа Африкийн орнуудад вакцинжуулалтын шаардлагатай түвшинд хүрэх хангалттай вакцин нийлүүлэхгүй байгааг удаа дараа мэдэгдсэн юм.Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны ойд зориулан жил бүр Парист энх тайвны чуулган зохион байгуулах санаачилгыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гаргажээ. Анхны ийм чуулга уулзалт 2018 онд болсон бөгөөд Францын удирдагчийн хамт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель, бусад олон орны засгийн газрын төлөөлөгч нар оролцсон байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг