sonin.mn
ПАРИС. /Euronews/. Франц улс сарын цэвэр орлого нь 2000 еврогоос бага хүмүүст 100 еврогийн тэтгэмж олгоно гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс пүрэв гарагт мэдэгджээ.
Ерөнхий сайд Жан Кастекс олон нийтийн “TF1” телевизэд өгсөн ярилцлагадаа, Засгийн газар шатахууны үнэ өндөр байгаатай холбогдуулан сарын цэвэр орлого нь 2000 еврогоос бага байгаа иргэдэд 100 евро буюу 116 ам.долларын тусгай тэтгэмж олгох шийдвэр гаргасан хэмээжээ.  
Түүнчлэн улсын хэмжээнд 38 сая хүн энэхүү тусгай тэтгэмжид хамрагдах тооцоо гарсан талаар нэмж дурдсан байна.
 
“Энэхүү шийдвэрийн хүрээнд 3.8 тэрбум евро зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд Франц улс 2022 оны таван хувийн алдагдалтай зорилтоо хэтрүүлэхгүйгээр энэ зардлыг зохицуулж чадна” гэж Жан Кастекс хэлжээ.
Францад сүүлийн хэдэн сарын хугацаанд эрчим хүчний үнэ хурдацтай өсөж байна. Үүний зэрэгцээ дизель түлшний үнэ дунджаар литр тутамд 1.56 евро, бензиний үнэ литр тутамд 1.62 евро буюу хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд байгаа ажээ.
 
 
Ц.Анударь
Эх сурвалж: Монцамэ агентлаг